ТАЛИЙГААЧ ХҮҮГИЙН ЭЭЖ: Танай хүү өөрөө морь унамаар байна гэж гүйж ирсэн гэж надад хэлсэн

ТАЛИЙГААЧ ХҮҮГИЙН ЭЭЖ: Танай хүү өөрөө морь унамаар байна гэж гүйж ирсэн гэж надад хэлсэн

Дундговь аймгийн Хулд суманд энэ сарын 22 /2022.04.22/-ны өдөр хурдан морины үсэргээн болж, 14 настай хүү амиа алдсан харамсалтай хэргийн талаар бид өмнө нь мэдээлсэн. Нутгийн иргэд энэ талаар “Хулд сумын уяачдын зохион байгуулдаг ээлжит үсэргээний үеэр 14 настай эрэгтэй хүүхэд айлын морь унаж оролцсон. Улмаар морь бүдрэхэд хүүхэд унаж хүнд гэмтсэн. Хүүг яаралтай Дундговь аймгийн эмнэлэгт хүргэсэн боловч ухаан оролгүй байсаар нас барсан” гэсэн юм.  

Засгийн газраас өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглох тухай тогтоол баталж, жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглоод байгаа ч хүүхдийн аминд хүрсэн уралдаан хөдөө, орон нутагт нууцаар явагдсаар байна. 

Талийгаач хүү Дундговь аймгийн... дугаар сургуулийн наймдугаар ангид сурдаг байжээ. Тэрээр долоон хүүхэдтэй айлын отгон хүү байсан бөгөөд ээж, ах, эгч нарын хамт амьдардаг байсан аж. Бид хүүгийн ээжтэй утсаар холбогдож уг харамсалтай хэргийн талаар тодрууллаа.

-НАДААС ЗӨВШӨӨРӨЛ АВАЛГҮЙГЭЭР ХҮҮГЭЭР МИНЬ МОРЬ УНУУЛСАН БАЙСАН-

-Юуны өмнө танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Уг харамсалтай хэрэг хэзээ гарсан юм бол?

-Энэ сарын 23-ны өдрийн 12.00 цагийн үед хүү маань нас барсан.

-Тухайн өдөр болсон хэргийн талаар та мэдээлэл авсан уу?

-Тэр үед нь бараг мэдээлэл аваагүй. Хөдөө ямаа самнаад сууж байсан юм. Тэгсэн Жавхаа гэдэг хүн залгаад “Хүүгээр чинь морь унуултал унаад осол гарсан” тухай хэлсэн. Сонсоод хөдөөнөөс шууд яваад очиход хүү маань бурхан болсон байсан.

-Та хэргийн газарт очсон уу?

-Хүүхдүүд маань танд хэцүү байна гээд намайг авч яваагүй. Ямар ч байсан аймгаас холгүй  болсон уралдаан гэсэн. Хэн зохион байгуулсныг мэдэхгүй.

-Хүү нь хэрэг гарах үед ямар айлын морь унаж байсан бэ. Өмнө нь морийг нь унадаг байсан уу. Хүүгээр тань морь унуулахаар авч явахдаа таниас зөвшөөрөл авсан уу.

-Өмнө нь унаж байгаагүй. Жавхаа гэдэг айлын морийг унасан. Хүүг авч явахдаа надаас зөвшөөрөл аваагүй. Дундговь аймгийн төвөөс сургуулийнх нь урд байдаг сэлбэгийн дэлгүүрийн хажууд явж байхад нь машинтай ирээд авч явсан гэсэн. Бид хэд хэдэн хоног хөдөө ямаа самнах гээд түр орхиод явсан хойгуур ийм явдал болсон.

-БИ ҮНЭХЭЭР ГОМДОЛТОЙ БАЙНА-

-Та морь унуулсан айлын хүнийг нь таньдаг байсан уу?

-Эгч нь тэр хүнийг огт танихгүй ээ. Хүүг минь эндсэн талаар ярихад нь тэр хүнийг анх мэдсэн. 

-Таныг ч танихгүй байж хүүг тань хэл чимээгүй шууд аваад явсан хэрэг үү?

-Харин тийм ээ. Тэгсэн.

-Авч явсан хүн нь таны хүүг морь унадаг гэдгийг мэддэг байсан уу?

-Тийм ээ. Хүү минь 14 настай ч жижиг биетэй учраас хурдан морь унадаг байсан юм. Хүмүүс ер нь мэднэ.

-Морь унуулсан хүн нь хэрэг явдлаас хойш тантай уулзсан уу. Юу гэж байх юм?

-Ирж уулзсан. Хүүг минь өөрөө гүйж очиж морь унасан гэж хэлсэн. Гэтэл миний хүүгийн байгаа газраас нь машинтай ирээд аваад явахыг нь хүмүүс харсан байсан.

-Морь унуулсан хүн нь “Өөрөө унамаар байна” гээд ирсэн гэдэг тайлбар өгч байгаа хэрэг үү?

-Өөрөө унах гээд гүйгээд ирсэн л гэж хэлсэн. Харин хүмүүс хүүг минь машинтай аваад явахыг харсан гэхээр өөрсдөө очиж авснаа хүлээн зөвшөөрч байх шиг байна лээ.

-Уяачийн зүгээс ямар нэгэн тусламж дэмжлэг үзүүлж байгаа юу?

-Буяны ажилд нь зориулаад мөнгө өгсөн.

-Энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа болов уу. Та энэ талаар мэдэв үү?

-Цагдаагийн газраас шалгаж байгаа гэсэн. Гэхдээ би үүнээс өөр зүйл мэдэхгүй л байна. Уяач нь ч хэл чимээгүй л байгаа.

-Хүү тань оролцоод осолдсон хурдан морины уралдаан нь ямар учиртай уралдаан байсан талаар та мэдсэн үү. Хэн нэгэн танд энэ талаар хэлсэн болов уу?

-Эгч нь одоо ч сайн мэдээгүй л байна. Отгон хүүгээ алдчихаад ухаан санаа үймрээд юу болоод байгааг ч ойлгох ухаангүй л сууж байна. Уг нь таван сарын нэгэн хүртэл морины уралдаан зохион байгуулах хориотой байдаг гэсэн. Гэтэл ямар учиртай наадам, хаанаас зохиосон юм бол бүү мэд. Харин энэ талаар надаас цагдаа нар нь асуугаад байсан. Би мэдэхгүй шүү дээ.

-Морь унуулсан айлын хүмүүс нь ямар ажил эрхэлдэг хүмүүс байдаг вэ. Та мэдсэн үү?

-Эхнэр нь Дундговь аймгийн Нийгмийн халамжийн төвд ажилладаг. Харин нөхөр нь хөдөө, аймаг хоёрын хооронд ирж очин амьдардаг хүн гэсэн.

-Хүү тань эмнэлгийн анхан шатны тусламж авч чадсан уу?

-Муу хүү минь эмнэлгийн тусламж авч чадаагүй байхдаа өнгөрсөн юм шиг байна лээ.

-Морьтойгоо бүдэрч унаад машинд дайруулсан гэсэн мэдээлэл байсан. Энэ үнэн үү?

-Би өөрөө яг тэр хэргийн газар нь байгаагүй учраас одоогоор тодорхой зүйлсийг мэдэхгүй байгаа. Өчигдөр л хүүгээ гаргасан. Миний хувьд маш их гомдолтой байна.

-Хүү тань хэдэн жил хурдан морь унаж байгаа вэ. Морь унаад уяачдаас хөлс мөнгө авдаг байсан уу?

-Манай хүү таван настайгаасаа морь унаж эхэлсэн. Морь унаж уралдаад тэр айлаасаа хөлс гэж тав, арван мянган төгрөг барьж ирдэг байсан.

Бид тус хэргийн талаар Дундговь аймгийн цагдаагийн газраас тодруулахад "Энэ талаар гомдол ирсэн. Хэрэг шалгагдаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. Түүнчлэн, Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн нэг бөгөөд Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрт хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн төдийгүй ийм төрлийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь хохирсон бол гэм буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилт тавьсан байдаг. 

Гэвч албаныхны өгч буй мэдээллээр, хурдан морины уралдаан болон сунгааны үеэр сүүлийн хоёр жилд 13 хүүхэд нас барсан гэх бөгөөд хүүхдийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулсан этгээдүүд нөхөн төлбөр өгсөн тохиолдол байдаггүй аж. Харин манай сайт сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг нийтлэв.