Э.Шижир: “Кью Эс Си” компани зээлээ төлөхөөр шүүхэдсэн ч ялагдсан, төлөхөөс татгалзаагүй

Э.Шижир: “Кью Эс Си” компани зээлээ төлөхөөр шүүхэдсэн ч ялагдсан, төлөхөөс татгалзаагүй

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг концессын гэрээгээр эзэмшигч “Кью Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижиртэй ярилцлаа.

-УУЛ УУРХАЙН МЕТАЛЛУРГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ЗУРГААН ТОМ ЗОРИЛГО ТАВЬЖ, 20-30 ДЭД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭЭД БАЙНА

-“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д концессын гэрээ хэрэгжүүлэгч “Кью Эс Си” ХХК-ийн өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Одоогоор компанийн хариуцдаг төслийн ажлууд тодорхой хэмжээнд урагшлаад явж байна. Гэхдээ төслийн хэрэгжилтүүд хамгийн эрчтэй өрнөж байсан үе нь 2010-2017 онууд юм. Үүнээс хойш Засгийн газар солигдсонтой холбоотой концессын гэрээ, төслүүдийн хэрэгжилт дээр шалгалтууд ээлж дараалан орж эхэлсэн. Мэдээж Засгийн газар солигдсон тул, эхэндээ энэ бүх хяналт, шалгалтыг байж болох зүйл гэж харсан. Гэтэл эцэс төгсгөлгүй гэмээр маш удаан үргэлжилж байна. Бидний хувьд анхны зорилгоосоо ухраагүй, төслүүдээ үргэлжлүүлж байна. Хөгжлийн банк тойрсон асуудлуудтай холбоотойгоор манай компанийн нэр нийгэмд үргэлж муу, муухайгаар мэдээлэгдсэн байдалтай л байна.

-“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа бол хэвийн байгаа юу?

-Одоогоор “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Битүүмжлэгдсэн зүйл бол байхгүй. Түүхий эд материал хил дээр саатсанаас үүдэж, үйлдвэрлэл сүүлийн саруудад зогсонги, хүлээлтийн байдалд байна. Түүхий эдүүд хилээр бүрэн орж ирснээр бид үйлдвэрлэлээ хэвийн явуулах юм.

-“Кью Эс Си” ХХК 2010 оноос “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-тай холбогдсон байдаг. Та бүхний энэ үйлдвэрлэл рүү орсон анхдагч зорилгыг онцолж асуумаар байна?

 -Сонирхолтой асуулт байна. “Кью Эс Си” ХХК-ийн нэрийг харахад ч тэр, бид анхнаасаа хар төмөрлөг, аж үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдаж байсан. Засгийн газраас 2009-2010 онд уул уурхайн металлургийн цогцолбор төслийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т түшиглэн хэрэгжүүлэхээр тогтоол гаргаж байсан үе юм. Яг энэ төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчийг татахаар олон улсад нээлттэйгээр сонгон шалгаруулалт зарласан байдаг. Уг сонгон шалгаруулалтад БНХАУ-аас хоёр, Австрали, Энэтхэг, БНСУ-ын компаниуд оролцож байснаас цорын ганц үндэсний ААН байсан. Тэр нь манай “Кью Эс Си” ХХК. Тухайн үед “Кью Эс Си” ХХК-ийн зүгээс уг цогцолбор төслийг хэрэгжүүлэхдээ технологийн компаниудтай хамтрахаар төлөвлөсөн байв. Гол санхүүгийн дэмжлэг үзүүлэх байгууллага нь Худалдаа хөгжлийн банк байсан. Ийм байдлаар сонгон шалгаруулалтад ороод, “Кью Эс Си” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т түшиглэн, уул уурхайн металлургийн цогцолбор байгуулж ажиллахаар шалгарсан. Нэг ёсондоо хөрөнгө оруулагчаар ажиллах эхлэл ингэж тавигдсан гэсэн үг.

-Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд та бүхэн юу юу хийх үүрэг хүлээсэн байдаг вэ?

-Бид шалгарсныхаа дараа шууд хөрөнгө оруулагчаар ажиллаж эхэлсэн. Баяжуулах үйлдвэр, ажилчдын кемп, олборлолтын техник тоног төхөөрөмжүүд, дэд бүтцийн ажлууд багтсан байсан. Энэ ажлуудын ихэнх нь хийгдэж, “Кью Эс Си” ХХК нийтдээ 60 орчим сая ам.долларыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т оруулсан байдаг. Энэ нь 2010-2013 оны хооронд өрнөсөн үйл явц юм.

“Кью Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижир

-Ингэж ажиллаж явж байгаад гэрээ нь 2014 онд концесс руу шилжсэн гэсэн үг үү?

-Тэр үед ТӨХК-иудыг хувьчлах асуудал нэлээд яригддаг байсан. Миний мэдэж байгаагаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг л гэхэд 2005, 2012 онуудад хувьчлах тогтоол УИХ-аас хоёр ч удаа гаргасан байдаг. Бидний хувьд 2010 онд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн хөрөнгө оруулагчаар шалгарч, төслүүдээ амжилттай хэрэгжүүлээд эхэлчихсэн байсан үе. Яг 2012 онд хувьчлах асуудал сөхөгдөнгүүт “Нэгэнт үндэсний компани хөрөнгө оруулагчаар ажиллаж байгаа учраас хувьчлахгүйгээр концессын гэрээгээр өгч, тодорхой хугацааны дараа төр авъя” гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ дагуу бидэнд санал тавьж, манай компани хүлээж авсан.

-Санал тавьсан субъект нь тухайн үеийн Засгийн газар уу?

-Тийм. Шалтгаан нь: Нэгдүгээрт, бид тэр үед дээр хэлсэнчлэн уул уурхайн металлургийн цогцолбор үйлдвэр барих төсөлд аль хэдий нь оролцоод, 60 орчим сая ам.доллараа оруулчихсан байсан. Хоёрдугаарт, бид сонгон шалгаруулалтаар энэ хөрөнгө оруулалтыг хийхээр шалгарчихсан, тодорхой чадамжтай компани байсан явдал.

-Би түрүүнд лавлаж асуухаар бодож байв. Та бүхнийг гадаадын компаниудтай өрсөлдөх тэр сонгон шалгаруулалтыг хаанаас зохион байгуулж байсан бэ?

-Тухайн үеийн Төрийн өмчийн хороо.

-“Хөтөл” дээр гарсан гол асуудал нь 1.3 тэрбумаар хувьчилж авсан гэх шүүмжлэл байсан. Та бүхний хувьд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг концессын гэрээгээр шилжүүлж авахдаа улсад яг ямар өгөөж, төлөлт хийсэн байдаг вэ?

-Төрийн өмчит компани учраас ашигтай ажиллавал төрд ногдол ашиг хуваарилах ёстой. Тиймээс ч бид концессын гэрээний төлбөрт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн төрд өгч байсан хамгийн өндөр ногдол ашгийг гэрээ хэрэгжих 30 жилээр үржүүлээд төлөхөөр гэрээ байгуулагдсан. Энэ нь нийтдээ 62 орчим тэрбум төгрөгт хүрэх дүн байв. Үүнийг бид гэрээ байгуулагдангуут 15 жилд ногдох ногдол ашгийг шууд төсөвт төлөх үүрэг хүлээж, 30 гаруй тэрбум төгрөгийг шууд төсөвт төлж байсан. Үлдсэн 50 хувийг нь концессын гэрээ хэрэгжүүлэх хугацаандаа хувааж төлөх нөхцөлтэйгөөр 60 сая ам.долларын хөрөнгө оруулсан компани дээрээ төслүүдээ үргэлжлүүлсэн.

-2014 оны концессын гэрээ нь 2010 оны “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг түшиглэн, Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах төр засгийн бодлоготой хэр сайн уялдаж өгсөн бэ?

-“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг түшиглэн, Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах төсөл нь өөрөө Засгийн гзарын бодлогын хүрээнд бий болсон төсөл юм. Гол зорилго нь төмрийн хүдрийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нөгөө нэг зорилго нь, гангийн үйлдвэрлэлийг өргөтгөж, шинэчлэх. Ийм хоёр үндсэн том зорилготой юм. Энэ төсөл дээр “Кью Эс Си” ХХК буюу манай компани орж ирснээрээ төрийн бодлогын хүрээнд хэрэгжих төслийг хувийн хэвшлийн компани өмнөөс нь гардан гүйцэтгэж байгаа төр-хувийн хэвшлийн түншлэлийн харилцаа юм. Үүнийгээ концессын гэрээгээр баталгаажуулж авсан. Концессын гэрээн дээр үндсэн зургаан асуудал тусгагдсаны гурав нь дэд бүтцийн шинж чанартай, бусад нь дээрх хоёр зорилготой уялдсан бүлэг заалтууд байв. Бүр тодруулбал,

  • Төмөртолгой, Төмөртэй, Хуст-Уулын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж ил уурхайнуудыг байгуулах,
  • Төмрийн хүдрийн эхний шатны боловсруулах үйлдвэрүүд болох хуурай, нойтон соронзон аргын баяжуулах үйлдвэрүүдийг байгуулах,
  • Төмрийн хүдрийн баяжмалыг дараагийн шатны боловсруулалтад оруулж хаягдал төмрийг орлож чадахуйц металлургийн үйлдвэрийн шаардлагыг хангасан түүхий эд үйлдвэрлэх
  • Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглаж үйлдвэрлэлийн тоо хэмжээг нэмэгдүүлэх,
  • Шинээр гангийн үйлдвэр байгуулж үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилийн 300,000 тоннд хүргэх,
  • Импортын бүтээгдэхүүнийг орлохуйц нэмүү өртөг шингэсэн, эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж дотоодын зах зээлийг бүрэн хангах.

Ингэснээрээ бид Улсын болоод аймаг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ цаашлаад гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, гадагшаа чиглэсэн мөнгөн урсгалыг багасгах, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг өсгөх, барилгын материал болон орон сууцны үнийн өсөлтийг тогтворжуулах, аймаг орон нутгийн дэд бүтцийг сайжруулах зэргээр улсынхаа эдийн засагт том агуулгаар өндөр нөлөө үзүүлэх эх оронч зорилго агуулж, энэ хэрээр өндөр үүрэг хариуцлага ч хүлээсэн. Өнгөц тайлбарлахад, бид концессын гэрээгээр зургаан том ажил хийх юм шиг мөртлөө задлаад харвал эдгээр нь 20-30 дэд төслүүдэд хуваагддаг. Эдгээр дэд төслүүдийн зөвхөн нэг нь, Төмөртэйн уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд тийшээ дэд бүтцийн ажлуудыг хийх шаардлага зорилго руу чиглэх жишээтэй. Үүнд, тог татах, авто ба төмөр барих гэсэн гурван төсөлд салбарласан байх жишээтэй.

“Кью Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижир

-ГАНГИЙН ҮЙЛДВЭРЭЭ БАРИХ ГЭТЭЛ ЦАХИЛГААНЫ ЭХ ҮҮСВЭРИЙН ТОМООХОН ТӨСЛҮҮД ХӨДЛӨХГҮЙ ГАЦСНААР ТЭЗҮ-ЭЭ ДАХИН ӨӨРЧИЛСӨН-

-Яг эндээс танай компанийн Хөгжлийн банктай холбоотой өнөөдрийн “муу зээл” яригдаж эхлэх нь ээ?

-Төмөр замын төслийн тухайд, Хандгайт өртөөнөөс Төмөртэй уурхай хүртэл 33.4 км урттай бүтээн байгуулалт хийх анхны ТЭЗҮ боловсруулагдаж байв. Бүр 2012 оноос судалгааны ажил нь эхэлж, 2014 оны гуравдугаар сараас бүтээн байгуулалт өрнөж, улмаар мөн оныхоо сүүлээр Хөгжлийн банкны зээл авч санхүүжилтэд хэрэглэсэн юм. Ганц хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлсэн ч ажил биш. Нэг л хэсэг нь юм. Үүн дээр би нэг зүйлийг онцолмоор байна. Төмөр зам барихад зориулсан зээлийг нь ХХБ авчихсан юм шиг ойлголт олон нийтэд яригдаад байгаа нь туйлын буруу юм. Уг нь бидний гол ажил бол төмөр зам барих биш. Бидний гол ажил нь, ерөөсөө л уул уурхайн металлургийн цогцолбор барих. “Кью Эс Си” ХХК бүр анхнаасаа Худалдаа хөгжлийн банкийг түшиглэн ажиллаж, голлох санхүүжилтээ эндээс гаргасаар ирсэн. Худалдаа хөгжлийн банк /ХХБ/ манай нийт төслийн 66 орчим хувийг санхүүжүүлсэн. Нийт төслийн 14 хувийг л бид Хөгжлийн банкнаас зээлсэн байдаг. Үлдсэн 20 орчим хувийг бид гаднаас босгож, санхүүжүүлсэн. Нөгөө олон дэд төслүүдээ л яриад байна гэсэн үг. Энэ цогц төслүүд одоо ч дуусаагүй яваа, дараа дараагийн төслүүд нэмэгдээд л явж байна. Засгийн газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого” дээр манай “Монгол ган” төсөл багтсан. Өөрөөр хэлбэл, бид цаашдаа ч санхүүжилтээ босгоод дараа дараагийн төслөө хэрэгжүүлээд л явах юм. Бидний бүх ажлыг Хөгжлийн банкны энэ төмөр замын төсөлтэй холбож бүү хараасай гэдгийг л тодотгомоор байна. Тэгэхээр ХХБ-ийг төмөр зам барих нэрээр Хөгжлийн банкны зээлийг авчихсан юм шиг буруу ойлголт явдаг нь Үгүй юм шүү.

-Таны яриаг сонсохоор “Кью Эс Си” ХХК “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг түшиглэн, Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах зорилтын хүрээнд 20-30 төсөл зэрэг хэрэгжүүлж байгаа гэж ойлгогдлоо. Анхны төлөвлөгөөнд тусгагдсан үйлдвэрлэлүүдийг нэвтрүүлэх зорилтууд хойшилсон, хугацаа алдсан, гацсан тохиолдлууд хэр их гарсан бэ?

-Энэ асуултад хариулахын тулд гангийн үйлдвэрлэл байгуулах төсөл дээр тулгарсан бэрхшээлүүдээ тайлбарлах хэрэгтэй болж байна. Манай нийт төслүүдийг уурхай, дэд бүтэц, гангийн үйлдвэр гэсэн агуулгад хуваагаад харчхаж болно. Логикоороо уурхайгаа нээгээд л төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрээ байгуулчхад болохоор ойлгогдож байсан. Тиймээс ч үйлдвэрээ бид 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байсан юм. Гэтэл хүндрэлүүд байна. Уурхайн газар зүйн байршлаас шалтгаалаад, авто зам, цахилгаан, төмөр зам зэргээ барихаас өөр аргагүй болсон. Үүнтэй зэрэгцээд үйлдвэрлэлээ эхлүүлснээр 180 МВТ эрчим хүч ашиглах ТЭЗҮ гарсан. Монгол Улс 1000 МВТ л үйлдвэрлэдэг, дүүрчихсэн хэрэглээтэй. Бидний эрчим хүчний хэрэглээний тооцоо ийм өндөр гарсан. Тухайн үед 2015, 2016 онуудад эрчим хүч үйлдвэрлэх маш олон төслүүд явж байсан. Бид шаардлагатай эрчим хүчний Эх үүсвэрээ яригдаж байгаа эрчим хүчний төслүүдээс нь авахаар төсөөлж байсан ч бүгд замхарч байхгүй болсон. Бид явсаар эрчим хүчний эх үүсвэр дээрээ л гацлаа. Бусад дэд бүтцүүдээ шийдчихсэн. Бүр болохгүй бол цахилгаан станцаа барья” гэх утгаар хүсэлтүүдээ өгсөөр байсан. Гэвч Эрчим хүчний чиглэлд бидэнд нэг ч хариу өгөөгүй. Ерөөсөө үйлдвэрлэлийн төсөл гацсан гол шалтгаан ганцхан энэ.

-Салбар яам тодорхой хариу өгөхгүй байсан тэр үед үйлдвэрлэл рүүгээ хурдан орохын тулд өөр гарц хайсан уу?

-Мэдээж хайсан. Тэр үед улс төрийн сонгууль явагдаж, Засгийн газар солигдож, асуудлууд бүр тодорхойгүй болж эхэлсэн. Тиймээс домен зуухны технологи сонгон барих хэлбэрээр эрчим хүчний хэрэгцээгээ бууруулах гарц судалж, ТЭЗҮ нь өнгөрсөн оны сүүлээр батлагдсан. Өөрөөр хэлбэл, эхний ТЭЗҮ-ээс өөр, шинэ гарц хайж, маш их хугацаа алдсан гэсэн үг. Энэ удаагийн ТЭЗҮ нь байгалийн хий эсвэл кокс ашиглах шатаах механизмаа шийдэх шаардлагатай тулгарсан. Эдгээр нь хоёулаа Монголд байхгүй. Тиймээс Монгол дахь коксжих нүүрсээ ашиглаж, коксын үйлдвэр барих шаардлага бас үүссэн. Энэ нь нөгөө талдаа металлургийн цогцолборын хүрээнд кокс, гангаа зэрэг үйлдвэрлэдэг ахисан төвшинд очих бидний зорилготой нийцсэн. Эрчим хүчний эх үүсвэрийн хувьд ерөөсөө ийм л гацаа үүсэж, бид шийдэхээр ажилласаар байсан ч цаг хугацаа орсон.

-Технологийн хувьд гацалт үүссэн энэ жилүүдэд танайхыг үйлдвэрлэлээ хааж байгаад, уул уурхайн олборлогч компани болчихсон гэх шүүмжлэл үүссэн. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т хамаардаг ордуудын нөөц энэ жилүүдэд хэр багассан бэ?

-“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т “Төмөртэй”, “Төмөр толгой” ордууд хамаардаг. “Төмөртэй”-н орд нь 220 сая орчим тонны нөөцтэй. Ордыг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулахад нөөцийн хэмжээнээс хамаараад ТЭЗҮ нь гардаг. ТЭЗҮ-д тусгагдсанчлан, хамгийн оновчтойгоор эдийн засгийн эргэлтэд оруулах зохист хэмжээгээр, “Төмөртэй” ордын хувьд жилд 7-8 сая тонны ашиглалт хийгдэх учиртай. Гэхдээ манай компани ийм өндөр дүнгээр олборлолт хийгээгүй. Мэдээж олборлолт явагдаж байж, компанийн хэвийн үйл ажиллагаа хангагдана. Энэ хүрээнд жилд 1-2 сая тонны олборлолт хийж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Энэ жилүүдэд нийтдээ 17 сая[SE2]  тонн орчим олборлолт хийгдсэн. Төмөртолгойн ордын тухайд, шинэчилсэн ТЭЗҮ-ээр 16 сая тонн орчмын нөөцтэй гэж гарсан. Үүнээс одоогийн олборлолтын дүнгүүд хасагдаж байгаа гэсэн үг. Ойролцоогоор 6 сая орчим ашиглагдаад байгаа.

Ер нь бол гангийн үйлдвэрлэл барих процесс нь зогсонги байгаа гээд дагуулаад уул уурхайн олборлолтыг нь зогсоочхож болохгүй. Гэхдээ л бидний гол төвлөрсөн ажил бол ерөөсөө гангийн үйлдвэрлэл. Эцсийн зорилго улсдаа гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд л чиглэж байгаа. Анхны ТЭЗҮ хэрэгжих боломжгүй нөхцөлд хүрч, бид өөрсдөө цахилгаан станц барих эрхгүй, өөр технологи руу шилжихээс өөр аргагүй болсон ч энэ Засгийн газрын дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсанчлан гангийн үйлдвэрлэл хөгжүүлэх зорилго, амбицаа орхихгүй юм.

-Гангийн үйлдвэрлэл барих чиглэлд гол гацаа нь эрчим хүчний асуудал байсан гэж ойлгогдлоо. Өөр томоохон бэрхшээл байсан уу?

-Үйлдвэр барих газрын асуудал бас шийдэгдэхгүй явсаар, өнгөрсөн жил зөвшөөрөл нь гарсан. Ер нь энэ мэт гацаанууд нэлээд үүссэн. Үйлдвэр барих газрын зөвшөөрөл маш удаж байгаад, талбай нь багасаж гарсан. Энэ чинь том цогцолбор төсөл. Цаашдаа өргөжнө. Өөр үйлдвэрүүд ч босох шаардлага үүснэ гэдгийг төр талаас сайн ойлгож өгдөггүй.

-Энэ хугацаанд та бүхний санхүүгийн байдал хэр явж ирсэн бэ. Баланс дээрээ борлуулалтын орлого нь сайн мөртлөө улсад өгөх татваруудаа төлдөггүй гэдэг нь ямар учиртай юм?

-Концесын гэрээ 2014 онд байгуулагдсанаар төмрийн хүдрийн олборлолт, гангийн үйлдвэрлэлийн судалгаа, бусад дэд бүтцийн төслүүд зэрэгцээд хэрэгжиж эхэлсэн. Энэ үед дэлхийн зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ 3-4 дахин бууртлаа унасан, эгзэгтэй үе таарсан. Тиймээс голлох уурхай, шинээр хийгдсэн дэд бүтцүүд зэргээ ашиглах боломжгүйд хүрч, парклах байдалд шилжсэн нь бол үнэн. Гэхдээ тэр үед бид бас зүгээр суугаагүй. Төмөр зам, авто зам, эрчим хүч авах бэлтгэл зэргээ бүрэн амжуулсан. Бид ажилчдын цалингаа тогтмол тавих, Хөгжлийн банкны зээлээ хуваарьт хугацаанд нь төлөх зэрэг графикт ажлаа бол огт алдаагүй явж ирсэн.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 1400 гаруй ажилчинтай. Уул уурхайн чиглэлд ажиллаж байсан ажилчдынхаа тогтвортой ажлын байрыг хадгалахын тулд өөр төсөл дээр сэлгэн байршуулсан тохиолдол ч бий. Ингэж ажиллахаар эрсдэлтэй цаг үеэ дагаад, татварын өрүүд үүсэх нь тодорхой. НДШ дээр өр үүсч байсан ч ажилчдынхаа цалинг нэг ч өдөр хоцроохгүйн тулд энэ тэндээс зээлж олдог байв.

Хэрвээ энэ үед уг үйлдвэрийг төр ажиллуулж таарсан бол хамгийн хүнд, эрсдэлтэй байдлыг туулахаар байв. Тэр үед нь хувийн хэвшил энэ бүх эрсдэлээ үүрч гарсан.

Үүнийг мушгин гуйвуулж, биднийг “Өчнөөн их олборлолт хийж байж, улсад татвар төлдөггүй” гэх мэдээллүүд гаргасаар л байсан.

-Манай томоохон ТӨХК, ТӨҮГ, ХНН-үүд дэргэдээ театр, соёлын ордон, МСҮТ хүртэл ажиллуулах зэргээр нийгмийн хариуцлага нэрээр маш том бүтэц үүрч авч явдаг. Яг ийм данагар бүтэц, том үүргүүдийг танайх бодлогын хувьд хэр хүлээн зөвшөөрч байв?

-Би хувьдаа үүнийг буруу гэж хардаг. Жишээ нь, “УБТЗ” ХНН бүтцээ томруулах тусам дагаад, ачааны үнэ өсдөг. Энэ өсөлт бидэнд шууд хүнд тусдаг. Мэдээж нийгмийн хариуцлагын хүрээнд томоохон ТӨХК, ТӨҮГ, ТӨХК-иуд дэргэдээ бүтцүүд үүсгэх нь нийтэд тустай байж болох. Гэхдээ л үүнийг бодлогын хүрээнд зөв тодорхойлох учиртай. Жишээ нь, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК орон нутгийн компаниудаас худалдан авалт хийх, тэндхийн эмнэлэг, сургууль зэрэгт тодорхой ажлууд хийх, сумдын зам талбайг засах зэргээр маш их ажлууд хийсээр ирсэн. Ийм  Энэ тэнд өвдөл, цөвдөл ажил хийж байхаар яг бодлогын хүрээнд урт хугацааны төлөвлөлт дээр нь бид дорвитой хувь нэмэр оруулах хүсэлтээ илэрхийлдэг. Орон нутгийн удирдлагууд манай энэ бодлогыг эхнээсээ ойлгож, хүлээн авсан нь сайн талтай.

-Орон нутагт амлачихсан мөртлөө барьж байгуулж өгөөгүй, томоохон бүтээн байгуулалтын ажил бий юу?

-Байхгүй.

“Кью Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижир

-БИДНИЙГ ЗЭЭЛЭЭ ХААНА ТӨЛӨХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БОЛГОСОН. ТӨЛӨХГҮЙ ГЭСЭН БАЙР СУУРЬ ОГТ БАРИМТЛААГҮЙ-

-Одоо танай компанийн авсан Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудал руу нарийвчилж орцгооё. Танайх Хөгжлийн банкны зээлээрээ “Төмөртэй” өртөө рүү очих 33.4 км төмөр зам барьсан. Гэхдээ энэ замаа төрд концессоор нийлүүлсэн?

-Түүхээр нь яривал, 2014 оны гуравдугаар сараас энэ төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэн. Дээр ч би цухас дурдсан. Анх концессын гэрээнд “Барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгээр төмөр замын төсөл тусгагдсан байв. Өөрөөр хэлбэл, концессын гэрээ хэрэгжиж дууссаны дараа энэ замыг төрд өгөх нөхцөлтэй байсан гэсэн үг. Гэтэл энэ төмөр замын ажил маш хурдан өрнөж, 2015 онд дуусах шатандаа явах үеэс нь “Баригдаад дуусаж байгаа юм чинь “Монголын төмөр зам”-д авъя” гэж яригдаж эхэлсэн. Яагаад вэ гэхээр, “Монголын төмөр зам” ТӨХК нь хөдлөх бүрэлдэхүүнтэй мөртлөө суурь бүтэцгүй байсан үе. Тэгэхээр “Монголын төмөр зам” ТӨХК-ийг өөрийн гэсэн суурь бүтэцтэй болгох төр талын сонирхол болон хэрэгцээтэй манай барьж байсан төмөр зам нийцсэн байдаг. Нөгөө талын үндэслэл нь Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод “Стратегийн орд руу чиглэсэн төмөр зам нь эдийн засаг, нийгмийн ач холбогдолтой дэд бүтэц учраас төр эзэмшинэ” гэсэн агуулгыг тусгасан байдаг. “Төмөртэй” уурхай нь стратегийн орд. Энэ утгаараа “Барих-шилжүүлэх” нөхцлөөр төр авах хандлага гаргаж байсан. Тэр үед бидний нөхцөл байдал нь, төмрийн хүдрийн уналтын хүнд үе таарсан. Тиймээс ч төр авах асуудал яригдаж эхлэхэд бидний зүгээс татгалзах зүйл байгаагүй.

-Концессын төлөлтөө төрөөс авах процесс хэрхэн өрнөсөн бэ. Үнэлгээ нь яг бодит байсан уу?

-Төлөлтүүд бол тодорхой шат дараатай хийгдэхээр гэрээ зурагдсан. Концессын гэрээн дээрх “Бодит хөрөнгө оруулалтаар нь тооцно” гэж заасан заалтад үндэслэж, 2014 онд төмөр зам барих компанитай байгуулсан гэрээний дүн дээр 2014 оны араваннэгдүгээр сард хүлээж авсан Хөгжлийн банкны зээлийн хүүгийн 2015 оны төгсгөл хүртэлх дүнг нэмж, нийт өртгөө гаргаж ирсэн. Ингэснээр нийт 112 сая ам.долларын өртгөөр улсад өгөхөөр гэрээлэгдсэн. Үүн дээр ямар ч ашгийн үзүүлэлт нэмэгдээгүй, концессын анхны гэрээнд үндэслэгдсэнээрээ онцлог. Тухайн үед төмөр замын нийт өртгийн 80 хувийг векселээр төлөх шийдвэр гарч, үлдсэн 20 хувийг дөрвөн жилд хувааж төлөхөөр гэрээ хийгдсэн. Энэ 20 хувийн төлөлт одоогоор хийгдээгүй. Үнэлгээний асуудал Үндэсний хөгжлийн газар дээр эцэслэгдэхгүй маягтай гацчихсан хэдий ч “Монголын төмөр зам” ТӨХК уг замыг хүлээж аваад, хөдлөх бүрэлдэхүүнээ ажиллуулж тээврийн үйл ажиллагаа эрхэлсээр байгаа.

-Энэ төмөр замыг төрд шилжсэн процессыг харахаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Ганбатыг зориуд томилуулж байгаад, тухайн үеийн Зам тээврийн яамыг давж, Д.Эрдэнэбатын удирдаж байсан Аж үйлдвэрийн яамаар дамжуулан, концессоор авах шийдвэр гаргуулчихсан юм шиг логик уншигддаг. Төмөр зам төрд шилжих үед “Кью Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар та ажиллаж байсан. Саях логик дээр ямар хариулт өгөх вэ?

-Би үүн дээр улс төрийн ямар нэгэн лобби орсон гэж боддоггүй. “Монголын төмөр зам” ТӨХК-ийг төмөр замын суурь бүтэцтэй болгоё гэдэг санаачилга нь тэгвэл буруу байсан юм уу. Энэ талаас нь бодоод үзэх юм бол би үүнийг зөв шийдвэр гэж хардаг. Ер нь олны танил байж болох хүмүүсийн холбоосыг хаанаас ч гаргаж ирж болдгийг би энэ жилүүдэд хамгийн сайн ойлгож байгаа. Хэн ч ороод ирсэн ямар нэгэн байдлаар холбох сэжим заавал олддог шиг байгаа юм. Мушгин гуйвуулж, янз бүрээр асуудлыг тайлбарладаг цаг үед бид амьдарч байна. Яг энэ ажлыг хариуцаж яваа миний зүгээс харахад, төмөр замыг концессоор төрд авсан шийдэл нь зөв байсан. Тэр компани суурь бүтэцтэй болсноор төмөр замын аж ахуй ажил хийж үзэж, тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг тусгай дүрэм журамтай, туршлагатай боллоо. Ингэснээрээ “Монголын төмөр зам” ТӨХК одоогийн хариуцаж байгаа төмөр зам дээрээ бэлэн “шаблон”-тойгоор орсон. Үр дүн, туршлагын хувьд маш зөв алхам болсон.

-Танай барьсан төмөр замыг “УБТЗ” ХНН сонирхож байсан уу?

-Тэр үед төмөр зам барих ажлаар маш олон албаныхантай уулзаж, бүтээн байгуулалтын талбай дээр ажилласан. Үүний дунд “УБТЗ” ХНН-ийнхэн ч байсан. Монгол инженерүүдийн барьж байгуулсан манай төмөр зам дээр “УБТЗ”-ынхныг урьж, алдаа мадаг байх вий гэсэн агуулгаар бид хянуулж байсан удаа ч бий. Тухайн үед энэ төмөр замыг “Монголын төмөр зам” ТӨХК-иас гадна “УБТЗ” ХНН-ийнхэн ч сонирхож байсан.

-Танай компани Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ төмөр зам барьж, түүнийг нь төр шилжүүлж аваад, эхний байдлаар 80 хувийн вексель бичүүлж чадсан. Тэгсэн атлаа яагаад өдийг хүртэл Хөгжлийн банкны зээлээ төлөхгүй явсан юм бэ. Төлөлт дээр яг ямар асуудал үүссэн бэ?

-Бидний 2014 онд Хөгжлийн банкнаас авсан зээл 2018 оны гуравдугаар сар хүртэл хэвийн төлөлттэй үргэлжилсэн. Төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээл дээр унасан 3-4 жилийн давалгаанд ч бид зээлээ тасралтгүй төлж байсан. Өөр хүндрэлүүд ч байсан. Тухайлбал, замын нээлтийн дараа жил буюу 2017 оноос “УБТЗ” ХНН-ээс “Төмөртэй” өртөө рүү тээвэр хийх вагон өгөхөө больчихсон. Ингэхээр чинь олборлолтын тээвэр хэсэгтээ зогсчихож байгаа юм. Энэ мэт зогсолт дээр валютын ханшийн савлагаа зэрэг олон хүндрэлүүд үүсэж, үүнийгээ ч Хөгжлийн банканд бид уламжлаад явж байсан. Таны асуусанчлан яг ямар асуудал үүсээд, төлөлт зогсчихсон юм бэ гэвэл, 2018 оны нэгдүгээр сард манай Хөгжлийн банкны зээлийг Засгийн газар өөртөө шилжүүлэн авах тогтоол гаргачихсан юм.

Энэ тогтоолоор манай зээл 2017.12.31-ний өдрөөр тасалбар болж, Хөгжлийн банкнаас Засгийн газар луу шилжих шийдвэр гарсан байдаг.

-Тэгээд хэрхсэн бэ?

-Манай компанийн зүгээс “Бид Хөгжлийн банкнаас зээл авсан учраас тэндээ л зээлээ төлмөөр байна” гэсэн утгаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүх дээр манай компани ялагдсан. Ингэснээр манайх зээлээ Засгийн газарт төлөх үү, эсвэл Хөгжлийн банканд төлөлтөө үргэлжлүүлэх үү гэдэг хоёр асуултын дунд ороод гацчихсан.

Шүүхийн шийдвэрүүд нэгнээ үгүйсгэсэн юм шиг гарчихсан учир бид тодорхойгүй байдлын хайчинд орчхоод байсан. Ийм тодорхойгүй нөхцөлд гацааж байснаа ЗГХЭГ-ын дарга нь манайхыг зээлээ төлдөггүй, Хөгжлийн банкны муу зээлдэгч гээд зарлачихсан. Тиймээс бид Хөгжлийн банк руу зээлээ төлөх ёстой юм байна гэж ойлгоод, төлөх гэтэл дүн дээрээ маргаан үүсэж, шүүхээр шийдүүлэх процесс үргэлжилсэн. Энд юу онцолж хэлмээр байна вэ гэхээр, бид зээлээ төлөхгүй гээгүй. Төлөх газар нь хэсэг тодорхойгүй байсан. Тэгээд төлөх гэтэл дүн дээр маргаан үүссэн учраас шүүхийн процессыг хүлээсэн гэдгийг л тодотгомоор байна.

“Кью Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижир

-Шүүхийн шийдвэр гэж энэ оны эхээр олон нийтэд мэдээлэгдсэн танай компанийн 192 тэрбумыг төлөх ёстой гэсэн Дээд шүүхийн шийдвэрийг хэлж байна уу?

-Тийм. Биднийг нэгдүгээр шатанд, 156 тэрбум, хоёрдугаар шатанд 161 тэрбум, Дээд шүүх дээр 191 тэрбум төлөх ёстой гэж эцэслэгдэж гарсан. Ингэж байтал дахиад манай компанийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх асуудал яригдсаар л байна. Энэ хооронд бид “Хаана төлүүлэхээ л тодорхой болго. Бид графикаа гаргаад, төлөлтөө үргэлжлүүлье” гэдгээ илэрхийлсээр байсан. Бид зээлээ төлөх саналаасаа татгалзаагүй. Би төсөл авч яваа хүн.

Миний хувьд энэ компани зээлийн муу түүхгүй байх нь маш чухал. Биднийг ингэж яг хаана төлөх нь тодорхойгүй болгож гацаачхаад байнга хэвлэлээр ““Кью Эс Си” ХХК муу зээлдэгч” гэж зарлаж байна. Ингэхээр чинь бусад ажлуудаа хэвийн явуулахад саад болоод байна.

-Хөгжлийн банкны зээл нь танай “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т түшиглэн, уул уурхайн металлургийн цогцолбор бүтээх зорилтын хүрээнд хэрэгжсэн төслүүдэд хэр их жин дарж байгаа вэ?

-Уг нь Хөгжлийн банкны зээл нь манай төслүүдийн нийт авч ашигласан зээлийн 14-хэн хувь юм. Манай дээр хэрэгжиж буй 20-30 төслийн ердөө нэг нь л Хөгжлийн банкнаас зээл авсан. Хувийн хэвшлээ хэвлэлээр маш муухайгаар нүдэж, дуртай үедээ балбаж байна. Санхүүжилтийнх нөхцөл нь ч хөгжлийн зээл гэж харахад асар бэрхшээлтэй. Бид анх 130 тэрбум төгрөгтэй тэнцэх валютын зээл авсан. Бид 88 тэрбум төгрөг төлсөн байхад одоогийн үлдэгдэл 191 тэрбум. Үүнийг хөгжлийн зээл гэж хэлэх үү. Бүр зээл олгосон анхны хугацаа нэг жил байсан шүү. Бид гурван жилээр сунгасан. Дэлхийн улс орнууд хөгжлийн зээлийг 20-30 жилийн хугацаатай олгодог.

-Танай компани 2018 оноос хойш зээлээ яг хэнд төлөх нь тодорхойгүй болж, төрөөс шалтгаалсан хүчин зүйлүүд дээр гацалт авчхаад энэ бүхнээ яагаад нээлттэй, ил тод яриагүй юм бэ. Энэ бүх хугацаанд танайх бас “муулагдсаар” л байсан?

-“Кью Эс Си” ХХК Хөгжлийн банканд нөхцөл байдлаа тайлагнаж, мэдэгдсээр ирсэн. Олон нийтэд хандаагүй нь үнэн. Олон нийтэд ойлголт өгөхгүй бол мэдэхгүй энэ орон зайн дээр нь тоглоод, байнга муучлаад байдаг муу арга технологи явна гэж бид бас хараагүй. Бид өмнө нь ажлаа хийж дуусчаад танилцуулгаа хийгээд л явдаг байсан. Аливаа зүйлд ёс суртахуун гэж байх ёстой. Энэ хүрээндээ л төрийн ажил явна гэж итгэж, хүлээсэн. Анхнаасаа л бид Монголын нийгэмд, хүмүүсийн “хиймэл” ааш араншинг тооцож, асуудлаа нээлттэй яриад явах ёстой байсан юм билээ. Энэ асуудал  чинь уг нь төсөл хэрэгжүүлэгч нэг компани банкнаас зээл авсан л процесс. Үүн дээр бид харилцан тодорхой байх зарчмаа барьчихсан л бол өнөөдрийн хүндрэл үүсэхээргүй байсан.

“Кью Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижир

-БИДНИЙ ЗОРИЛГО, АМБИЦ ЭХ ОРОНЧ ШИНЖЭЭ ХЭЗЭЭД Ч АЛДАЖ БАЙГААГҮЙ-

-Танай компанийг зээлийн асуудлаараа тогтмол мэдээлэл авах, эрсдэлээ хаалгах зорилгоор Хөгжлийн банканд тодорхой албан тушаалтан, мэргэжилтэн байршуулсан гэгдэж байгаа. Та бүхэн үнэхээр ийм арга хэрэглэж байсан юм уу?

-Огт үгүй. Хөгжлийн банкны зээл олгогдохдоо маш олон шат дамжлагаар дамждаг. Дан ганц мэргэжилтэн үүн дээр шийдвэр гаргадаггүй. Монгол жижигхэн улс. Өнөөдөр хэнийг ч хэнтэй холбоод, хамаатуулчхаж болно. Одоо ч надад Хөгжлийн банканд таньдаг хүмүүс өчнөөн байна. Тэр хүмүүстэй би одоо зарчмын хүрээнд л харилцаа үүсгэж байгаа. Одоо мэдээж би Хөгжлийн банкны зээлийн асуудалдаа шийдэл олохоор ажиллаж байна, нэг шийдэлд хүрэх байх гэж найдаж байна. Энэ улс төрчдийн хараад байгаагаар бол одоо тэнд ажиллаж байгаа хүмүүс оролцсон гэх юм байна л даа. Хүнийг ингэж амархан баллаж болохоор. Тэгэж болохгүй. Албан ба хувийн харилцаагаа ч ялгахаа байчихсан. Намайг таньдаг тэр хүмүүсийг дахиад өнөөдөр тэр зээлийг холбох уу. Аягүй утгагүй, ёс зүйгүй ойлголт биз дээ.

-Харилцаа хамаарал гэснээс “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-тэй яг одоогийн байдлаар “сахал” Д.Эрдэнэбилэг гэж хүн ямар холбоотой байгаа вэ?

-Ямар ч холбоо байхгүй дээ. Анх 2010 оны үед сонгон шалгаруулалт явагдаж байх үед “Кью Эс Си” ХХК Худалдаа хөгжлийн банкнаас гол санхүүжилтээ авч байсан. Тиймээс ч нэг хэсэг санхүүгийн талаас хянах зорилгоор “Кью Эс Си” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилласан байдаг. Ажил зүгшрээд ирэх үед энэ албаа өгсөн байдаг. Одоогоор бол энэ төслийг санхүүжүүлэгч ХХБ-ны статусаар л оролцдог. Энэ төсөл өөрөө 20-30 дэд төслүүдтэй учраас санхүүгийн том хамтрагчтай байж л үргэлжлэх боломжтой юм.

-Тэгвэл “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-тэй хамтын ажиллагаатай байгууллагууд дунд Д.Эрдэнэбилэгээр дамжиж орж ирсэн ААН-үүд хэр их байдаг вэ. Тухайлбал, УЕП асан Б.Энх-Амгалангийн хүргэний компани түүний хүсэлтээр төмрийн хүдрийн тээвэрлэлт хийж эхэлсэн байх боломжтой юу?

-Энэ бүхэнд оролцоод явдаггүй дээ. Би өмнө нь хэлсэн санаагаа дахиад л давтъя. Монгол жижигхэн улс. Жаахан яриад суухад л хамаатан болчих гээд байдаг талтай. Хэнийг ч өнөөдөр хэн хүнтэй холбож, харлуулж болдог ийм технологи явж байна. Түүнээс биш бид яг л арилжааны хэлбэрээр ААН-үүдтэй хамтарч ажилладаг. Манайхтай хамтардаг компаниудыг өнөөдөр ухаад үзэхэд, хэн нэг улстөрчийн хамаарлууд гараад ирэхийг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл энэ чинь жижигхэн зах зээл дээр үйл ажиллагаа явагдаж байна шүү дээ. Таны асуусан компанийн тухайд гэрээ байгуулаад ажил үүргээ гүйцэтгээд нэлээд удсан хойно нь би хэний хамааралтай ААН гэдгийг нь мэдсэн байх жишээтэй. Гэхдээ энд тэр хамаарал дээр нь үндэслэж биш явуулдаг үйл ажиллагаа нь болоод арилжааны хэлэлцээр дээр үндэслэж хийгдсэн гэрээт харилцаа юм шүү. Тээвэр хийх боломж бололцоотой цөөхөн компани байдаг, бид тийм компаниуд нэмэгдээд санал тавьбал бас арилжааныхаа нөхцөлөөр хэний ч компани байсан ажиллах хэрэгцээ байсаар байгаа шүү.

-Энэ концессын гэрээ дундаасаа цуцлагдвал “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн ирээдүйд олох ашгууд хувийн хэвшилд шилжих нөхцөлтэй юм билээ. “Хөтөл”-ийг төрд шилжүүлэх шийдвэр гаргаад, танайхыг үлдээсэн нь үүнээс шалтгаалсан уу?

-Би Засгийн газрын түвшинд шийдвэр гаргагч биш учраас үүнд хариулт өгч мэдэхгүй байна. Концессын гэрээнд ийм заалт бий. Энэ нь ч зөв. Монгол Улсад аж үйлдвэрийн салбар хөгжүүлэх зорилгоор маш олон дэд төслүүд зэрэгцүүлэн хэрэгжүүлж, хувийн хэвшил эрсдэлээ бүрэн үүрч ажиллаж байна. Гэтэл ганцхан дэд төслийнх нь зээлээс үүдэж, олон нийтэд манай компанийг яаж буруугаар ойлгуулж, мушгисан мэдээлэл өгч байна вэ. Ийм өндөр эрсдэл хүлээж, ажиллаж байж концессын гэрээний зарим заалтыг ингэж чангалж өгөхөөс аргагүй юм билээ. Манай компанийг 2017 оноос хойш 20 гаруй удаа шалгалаа.

Жилдээ 3-4 шалгалтад тогтмол орлоо. Ирж үзсэн шалгалтын хүмүүс нь “Та нар ямар гоё юм хийчихсэн юм бэ” гээд явдаг. Тэгсэн мөртлөө эргээд ажил явуулах болохоор янз бүрийн байдлаар маш их гацаадаг.

Энэ ажлыг хэн хийх ёстой байсан юм. Хэн үүрэх ёстой байсан юм. Ядаж хийж байгаа хүмүүст нь садаа болж болохгүй ш дээ. Концессыг цуцлуулах гэж бид анхнаасаа гэрээ байгуулаагүй. Концессын гэрээний хүрээнд гангийн үйлдвэр, металлургийн томоохон цогцолбор барьж, улс орондоо аж үйлдвэрийн салбарыг л хөгжүүлэхийг зорьсон. Бидний зорилго, амбиц эх оронч шинжээ хэзээд ч алдаж байгаагүй. Бид хийгээгүй бол, энэ том зорилгыг барьж аваагүй бол анхны шалгаруулалтад орсон гадныхан л авах байсан. Үндэсний компанийнхаа зориглож барьж авсан зорилгыг нийтэд ингэж буруу ойлгуулж, нэр хүндэд нь халдах нь хэрээс хэтэрсээр байна.

-Ярилцлагаа хамгийн эхэнд асуусан танай компанийн анхны зорилгоор зангидаад өндөрлүүлье. Концессын гэрээ байгуулахдаа та бүхэн 2019 он гэхэд гангийн үйлдвэрлэлээ барьчихна гэж тооцоолж байжээ. Гэтэл анхны ТЭЗҮ эрчим хүчний асуудлаас үүдэж, дахин шинээр хийлгэхэд хүрч. Газрын тань зөвшөөрөл саяхан гарчээ. Нэмээд үйлдвэрлэлүүд барих шаардлага үүссэн байна. Энэ бүхнийг зангидаад, та бүхэн хэдэн онд хэр их зардлаар анхны зорилгодоо хүрэхээр байгааг асууя.

-Одоо бидэнд 2-3 жил шаардлагатай байгаа. Төслүүдээ аливаа улс төрийн нөхцөл байдалд тээглүүлж, гацаахгүй бол шүү дээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын аж үйлдвэржилтийнх нь хэсэгт багтсан төмрийн гурван төслийнх нь нэг манайх юм. Бид гангийн үйлдвэр барьж байгуулах төслийн хүрээнд ширэмний үйлдвэр, шингэн ган үйлдвэрлэх конветерийн зуух, шингэн ган боловсруулах шанаган зуух, тасралтгүй цутгах үйлдвэр цаашлаад жилдээ 350 мянган тн цувималын үйлдвэрийг бусад туслах үйлдвэрлэлийн хамт барьж байгуулахаар ажиллаж байна. Энэ үйлдвэрийг ажиллуулахын тулд нэмж коксын үйлдвэр, аргалж болон хорголжийн үйлдвэр нэмэлтээр барьж байгуулахаар төсөлд тусгасан байгаа. Мөн эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор тодорхой шийдлүүд дээр ажиллаж байна. Эдгээр төслүүдийг бид нэгтгээд “Монгол ган цогцолбор” гэж нэрлээд байгаа.

Яг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг түшиглэн уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах энэхүү зорилтдоо хүрэхийн тулд нийт 520 сая орчим ам.доллар зарцуулагдах урьдчилсан дүн гарсан.

Цаашид хийх ажил их байна, хойшоогоо биш урагшаагаа л харж ажилламаар байна.

-Танд баярлалаа.