Бусдад зээлсэн 240 тэрбум төгрөгөө авч чадахгүйн улмаас ЖДҮХС "татан буугдах" эрсдэлтэй болжээ

Бусдад зээлсэн 240 тэрбум төгрөгөө авч чадахгүйн улмаас ЖДҮХС "татан буугдах" эрсдэлтэй болжээ

-Б.УНДАРМАА НАРЫН ЗЭЭЛДЭГЧИД ЖДҮГ-ЫГ ДАМПУУРУУЛЖ БАЙНА УУ-

Энэ өдрүүдэд “Хөгжлийн банк”-аас зээл авсан улс төрчдийн асуудал өндрөө авч, улсад учруулсан хохирлоо барагдуулахыг олон нийт тэднээс шаардаж байна. Цаашлаад “Хөгжлийн банк”-ийг дампууруулах эрсдэлд оруулсан энэхүү үйлдэл нь хууль шүүхийн байгууллагаар шийдэгдэж буруутай этгээдүүд шийтгэгдэх магадлалтай болоод байгаа юм. Тэгвэл  “Хөгжлийн банк”-тай зэрэгцэн хуучнаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан буюу одоогийн Жижиг, дунд үйлдвэрийн газар үүд хаалгаа барих хүндрэлтэй тулгарсан гэх мэдээллийг албаны эх сурвалж өглөө.

Шалтгаан нь тус газар нь 2009-2020 оны хугацаанд нийт 400 гаруй тэрбум төгрөгийн зээлийг аж, ахуй нэгжүүдэд олгосон бөгөөд үүний 240 гаруй тэрбум төгрөг нь чанаргүй зээл болжээ. Аж, ахуй нэгжүүд дээрх хэмжээний зээлээ эргэн төлөхгүй удаашруулж буйгаас шалтгаалан эргэлтийн хөрөнгөгүй болж үйл ажиллагаа нь хүндэрсэн байна.

Тиймээс Жижиг, дунд үйлдвэрийн газар нь 2020 онд “Бичил зээлийн багц”-ын ангиллын 249 төсөлд, 22.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгочхоод 2021 онд зээл огт өгөөгүй аж.

Хэдийгээр тус газар нь 2021 онд зээл олгоогүй ч нийт 25 тэрбум төгрөгийн зээлийн буцаан олголтыг авч чадсан байна. Гэхдээ энэ мөнгийг Сангийн яам өрөндөө авснаар эргэх хөрөнгөгүй данс нь улайсан гэх. Хамгийн ноцтой нь авч чадахгүй байгаа 240 гаруй тэрбум төгрөгийнх нь 30 хувийг дангаар нь “Бишрэлт” группийн эзэн  Б.Ундармаа авсан ч эргүүлэн төлөхгүй байгаа гэх баримт байж болзошгүй талаар эх сурвалж мэдээллээ.

Ташрамд дурдахад, түүнийг улс төрд нөлөө бүхий эрх мэдлээ ашиглан ЖДҮХС-аас нэн хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авч, хамаарал бүхий аж ахуйн нэгждээ олгуулж, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр шүүхээс 40 сая төгрөгийн торгох ялаар шийтгэсэн билээ. Мөн тэрбээр Хөгжлийн банкнаас зээл авсан ч эргүүлэн төлөөгүй Капитал банкандаа Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, төрийн сангийн нийт 340 орчим тэрбум төгрөгийг хадгалж байгаад дампууруулсан. 

-ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ КОРПОРАЦИ БОЛГОХ АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТҮВШИНД ЯРЬЖ БАЙНА-

Энэ мэт хүндрэлтэй нөхцөл байдлаас болж Жижиг, дунд үйлдвэрийн газрыг корпораци болгон өөрчлөх асуудал Засгийн газар дээр яригдаж буй аж. Хэдий ингэж өөрчилсөн ч үйл ажиллагаа нь жигдэрч чадахгүй гэж албаныхан үзэж байгаа юм. Учир нь 10 жилийн хугацаанд олгосон зээлийнхээ 50 хувь буюу 240 гаруй тэрбум төгрөгийг авч чадаагүй байгаа. Үүний дийлэнх нь улс төрчдийн оролцоотой. Хэдий 2023 он хүртэл тус мөнгийг үе шаттайгаар авах төлөвлөгөө боловсруулсан ч зээлээ өгөх аж, ахуй нэгж байхгүй зарим нь дампуурсан гэх мэт асуудалтай байгаа аж.

Энэ бүхнээс дүгнэхэд “Хөгжлийн банк” ч, Жижиг дунд үйлдвэрийн газрыг ч улс төрчид нийлж дампууруулж байна. Нэгэнтээ “Хөгжлийн банк”-ны асуудлыг ил болгосон шиг тус газраас зээл авсан хүмүүсийн мэдээллийг ч ил болгохыг шаардаж байна.