Эрх баригчид ээлжит бус сонгуульд эртнээс бэлдэж СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ нууцаар өөрчилсөн байжээ

Эрх баригчид ээлжит бус сонгуульд эртнээс бэлдэж СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ нууцаар өөрчилсөн байжээ

Өнөөгийн УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгуулийг ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулахын тулд УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараахыг дэмжиж 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл бий боловч баттай биш. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүдийн гарын үсэг бүрдэхгүй байгаа гэх.

Гэхдээ л эрх баригчид ээлжит бус сонгуульд битүүхэндээ бэлдсээр. Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон бусад гишүүд хөдөө, орон нутагт , тойрогтоо ажиллаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх л гэхэд нэр бүхий сайд нарынхаа хамтраар Эрдэнэт, Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг аймагт ажиллаж байна. Мөн МАН-ын залуучуудын төв байгууллага НАМЗХ өнгөрсөн амралтын өдөр Дарханд гишүүдээ хамарсан үйл ажиллагаа явуулав.

Энэ мэт гишүүд Төрийн ордноосоо явцгааж тойрогтоо очлоо. Хөдөө орон нутагт багш, эмч нар сонгуулийн сурталчилгааг идэвхтэй эхлүүллээ гэх мэдээлэл ч байгаа юм.

Энэ бүх үйл явдал эрх баригчдыг ээлжит бус сонгуульд бэлдэж эхэлснийг илтгэж байна уу. Ер нь МАН ээлжит бус сонгуульд эртнээс нууцаар бэлдэж байжээ. Үүнийг илэрхийлэх нэгэн том баримт нь СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 125.5 дугаар заалтыг нууцаар өөрчилсөн үйл явдал юм.

Тодруулбал, эрх баригчид 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД өөрчлөлт оруулан 125.5 дугаар заалтад “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ны өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн дахин сонгуульд нэр дэвших бол сонгууль товлон зарласан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор хүсэлтээ гаргаж, энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас болон ажлаасаа тус, тус чөлөөлөгдсөн байна” гэх өөрчлөлтийг оруулжээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД дээрх өөрчлөлтийг оруулсныг хэн ч олон нийтэд мэдэгдсэнгүй мөн  хэн ч  мэдэж энэ талаар дурссангүй.

Ээлжит бус сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч сонгууль товлон зарласнаас хойш ажлын таван хоногийн дотор хүсэлтээ гаргана хэмээн давчуу хугацаа зааж өгсөн нь арваннэгдүгээр сард ээлжит бус сонгуулийг явуулахаар эртнээс бэлтгэж байсны илрэл мөн гэж харахаар байна.

Үндсэн хуулийн ард нийтийн санал асуулгатай хамтатган авахаар яаравчилж буй ээлжит бус сонгууль явуулах эсэх нь УИХ-ын 51 гишүүний гарын үсэг бүрдэх эсэхээс ихээхэн хамаарна. Гэхдээ У.Хүрэлсүх утаагүй түлшнээс болж намын нэр хүндээ юу ч үгүй унагахаас өмнө буюу утаа эхлэхээс өмнө ээлжит бус сонгуулийг зохион байгуулахаар яарч байгаа гэдэг.