Өмнөговь аймгийн Ардчилсан намын дарга, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Р.Сэддоржтой ярилцлаа.
-Удахгүй болох Говийн бүсийн ардчилсан залуусын чуулганаар та бүхэн ямар асуудлыг онцлон хэлэлцэх вэ?
-Ардчилсан намын говийн бүсийн залуусын “Шинэ давлагаа” чуулган Дундговь аймгийн Адаацаг суманд болох юм. Энэ сарын 20-22-ны өдрүүдэд манай залуус чуулна. Говийн бүсийн чуулганд манай Өмнөговийн залуус өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно. Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, нийслэлийн Багахангай дүүргийн ардчилсан залуус мөн чуулах юм. Өмнөговь бол Монгол Улсын төсвийн орлогын 60-70 хувийг бүрдүүлж байгаа аймаг. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт Тавантолгой, Оюу толгой, Нарийнсухайт зэрэг уул уурхайн ордуудад үйл ажиллагаа явуулж байгаа.
Нүүрс, зэс, байгалийн баялаг гадагшаа экспортолдог Гашуунсухайт, Шивээ хүрэн гээд хоёр том боомт байна. Уул уурхайн компаниудын үйл ажиллагаа эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа ч нутгийн иргэд, малчдын нүүдэлчин соёл, уламжлалт ахуйд сөрөг нөлөө үзүүлдэг. Уул уурхайн компаниудын зохисгүй үйл ажиллагаанаас шалтгаалсан байгаль орчны асуудал, иргэдийн эрүүл мэнд, боловсрол, хүн амын төвлөрөл, гэмт хэрэг, архидалт зэрэг говь нутагт тулгамдсан олон асуудал бий. Орон нутгийн хөгжил, иргэдийн оролцоо, боловсрол, ажил эрхлэлт зэрэг асуудлаар ч залуус ярилцаж, санал бодлоо солилцохоор төлөвлөж байна.
-Говьд тулгамдсан асуудлын талаар та дэлгэрүүлж ярьж өгөөч?
-Улаанбаатарыг утаагүй болгохоор ажиллаж байгаа нь сайн хэрэг ч сайжруулсан түлш хийх түүхий эд болох нүүрсээ говиос тээвэрлэж байгаа нь говийн зам, нутгийн иргэд, байгаль орчинд халгаатай тусч байна. Нүүрсээ яагаад хотын ойролцоох, төмөр замаар холбогдсон Шарын гол, Багануур, Шивээ овоо, Налайхаас нийлүүлж болдоггүй юм. Өмнөговьчууд 80 жилийн түүхэндээ ганц замтай болсон чинь нүүрс зөөсөөр эвдлээд, осол их гарах болсон. Хүмүүс гэмтэн, амь насаа алдаж, тэмээ мал дайрагдаж байна. Ер нь бол маш хэцүү байна шүү. Байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна.
Говьд хамгийн их тулгамдсан асуудал нь ус. Уул уурхайн компаниуд нэг секундэд нэг тонн орчим ус хэрэглэж байна шүү дээ. Тэгэхэд хүүхдүүдэд зориулсан усан бассейн ч байгуулаагүй. Хэдийгээр тэд усаа дахин ашигладаг гэдэг ч говьд хамгийн эмзэг асуудал ус. Гэтэл уул уурхайн нөлөөлөл ороод ирэхээр малчид уух усныхаа төлөө тэмцэхэд хүргэж байна. Малчид усаа булаацалдаад нэгнийхээ аминд хүрсэн тохиолдол ч гарч байсан шүү дээ. Одоо ч байнга энэ асуудлаар маргаан гардаг, зодолддог, зөрчилддөг. 100 метр ухахаас нааш говьд ус гарахаа байсан. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ч бий. Үүнд хамгийн ихээр шууд нөлөөлж байгаа хүчин зүйл нь уул уурхай болоод байна. Орхон, Хэрлэн гол үерлэсэн үед хиймэл нуур үүсгээд, эндээсээ ус татах зорилготой Хэрлэн говь, Орхонговь гэсэн төсөл яригдаж байсан. Шууд голынхоо голдиролыг өөрчлөөд ус татах гэж байгаа мэтээр хүмүүст буруу ойлголт өгснөөс болоод энэ төсөл дэмжигдээгүй л дээ.
Гадаргын усыг ашиглах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхгүй бол гүний усаар нүүрс, зэс угаадаг улс дэлхийд зөвхөн Монгол л байна. Усгүй үлдэх үү, уул уурхайтай үлдэх үү гэдэг сонголт тулгарах вий.
Үр хүүхдүүдийнхээ хэрэглэх усны нөөцийг өнөөдөр бид бүгдийг нь шавхаад хэрэглэх эрхтэй юу. 2030 он гэхэд говь усгүй болно гэсэн усны эрдэмтдийн гаргасан судалгаа ч байдаг. 2030 он хаяанд ирлээ шүү дээ. Булаг шандууд багасаад, хатаж ширгэж байна. Би аймгийн Засаг даргын орлогч байхдаа 2013 онд бүх уурхайгаар яваад, аймгийн ИТХ-аар гүний усыг уул уурхайн зориулалтаар Өмнөговийн нутагт хэрэглэхийг хориглох тогтоол гаргуулж байлаа. Гэхдээ бөөн дуулиан болоод, тэр шийдвэрийг маань дор нь цуцлуулсан л даа. Тухайн үеийн Засгийн газраас “Та нар цангаад, хатаж үхэх гээд байна уу, уул уурхайн төслүүдийн нэр хүнд уналаа” гэсэн. Дахиж хуралдаж энэ шийдвэрээ хүчингүй болгосон түүхтэй.
-Хүмүүс Өмнөговийг баян аймаг гэж ойлгодог. Дэлхийд алдартай том компани ч энэ аймагт үйл ажиллагаа явуулж байна. Орон нутагт хэр их татварын орлого үлддэг вэ?
-Усны болон газрын төлбөр л орон нутагтаа үлддэг. Бусад нь улсын төсөвт ордог. Өмнөговь аймгийн төсвийг бүрдүүлэлцэж байгаа орон нутгийн ганц компани нь Таван толгой ХК. Би энэ компанийн гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. Өмнөговьчууд их ажилсаг хүмүүс. Гүүгээ барьж, ингээ сааж, сүү цагаан идээгээ бэлтгэж, хөдөлмөрийнхөө үр шимээр олонхи нь дажгүй амьдардаг. Мэдээж ядуурал бий. Ядуурлыг хэрхэн шийдэх гарц гаргалгааг хайж байна. Ажлын байр уг нь байхгүй биш, байгаа. Ажилгүй хүмүүсээ сургаж, дадлагажуулан, ажилгүйдлийг бууруулж, ядуурлыг багасгах нь бидний зорилго. Өмнөговь аймгийн Ардчилсан нам 2016 онд ялагдал хүлээсэн. Бид алдаандаа дүгнэлт хийж, 2020 онд иргэдийнхээ төлөө зүтгэнэ. Өмнөговь асар их баялагтай, улсын төсвийг бүрдүүлэхэд том үүрэг гүйцэтгэж байгаа юм бол уг нь манай аймагт ажилгүйдэл, ядуурал гэж байх ёсгүй. Аймгийнхаа хүн амыг хүний дайтай, айлын дайтай амьдруулах бодолтой ажилладаг.
-Нүүрс тээврээс үүдэлтэй, тоосжилтын асуудал бас их сонсогддог?
-Тоосжилтоос шалтгаалсан өвчлөл хүүхдээс авхуулаад хөгшид хүртэл бүх насныхныг хамарсан. Цогтцэций суманд хүүхдүүд унтаж чадахгүй, сумандаа амьдрах аргагүй болж байна. Монголын говь хамгийн хуурай бүс. Энэ бүсэд уул уурхай эрхэлнэ гэдэг асар нарийн зохион байгуулалт шаардана. Мод тарьдаг ч тоосжилтыг бууруулахад нөлөөлж чадахгүй байна.
-Өмнөговийн Ардчилсан намын анхаарал хандуулж байгаа сэдэв юу вэ?
-Манай аймагт төсвийн мөнгийг үрэн таран хийх нь хэрээс хэтэрсэн. Өмнөговь аймгийн энэ жилийн төсөв 208 тэрбум төгрөг. Гэсэн ч гавьтай хийж бүтээж байгаа зүйл ховор. Бид засаг барьж байхдаа орон нутгийнхаа хөрөнгөөр сумд руугаа зам тавьж эхэлсэн боловч 2016 оноос хойш нэмж зам тавьсангүй. Манай намын аймгийн иргэдийн төлөөлөгч нар гурван жилийн турш шаардлага тавьж байж, нэмж 10 км зам л явууллаа. Бидний хувьд одоо байгаа уурхай дээр нэмж уурхай байгуулахыг дэмжихгүй. Байгаа газар талбайгаа аль болохоор орон нутгийн тусгай хамгаалалтад авах бодлого баримтална. Жишээ нь манай Өмнөговьд огт уул уурхайгүй, аялал жуулчлалаар өөрийгөө аваад явдаг Сэврэй сум бий. Аялал жуулчлал, бусад салбаруудаа хөгжүүлэх, эдийн засгаа солонгоруулах чиглэлийг барьж ажиллана. Уул уурхай байгаа газар бүтээн байгуулалт өрнөх ёстой гэж үздэг.
Энэ мэт говь нутгийнхны тулгамдсан асуудлыг ардчилсан залуус хэлэлцэх юм.
Говийн залуус нутаг орондоо эзэн байхын төлөө хичээж ажиллана.