МЭРГЭЖИЛТНҮҮД: Хөл хорио тогтоохоос аргагүй байдалд хүргэхгүйн тулд "Та өөрөө  л хичээ" гэж хэлье

МЭРГЭЖИЛТНҮҮД: Хөл хорио тогтоохоос аргагүй байдалд хүргэхгүйн тулд "Та өөрөө л хичээ" гэж хэлье

 Коронавирусийн Омикрон хувилбар дотоодод тархаад буй. Халдварлах чадвар өндөртэй уг вирусээс хэрхэн хамгаалах, сэргийлэх, вакцин яагаад чухал болох талаар “Mongol HD” телевизийн “Нүүдэл шийдэл” хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан, тус эмнэлгийн Эмнэлгийн тусламж эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр нар оролцож, ярьсан. Тэднийг ярианаас зарим асуулт, хариултыг хүргэж байна.

-ОМИКРОН ХУВИЛБАРЫГ ДОТООДОД ТАРСНЫГ НУУГААГҮЙ-

-Коронавирусийн Омикрон хувилбар мөн эсэхийг оношлоход хэдий хугацаа зарцуулж байна вэ?

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: Бид пср-т түшиглэсэн тандалтаар альфа, дельта хувилбар уу эсвэл S генийн алдагдал уу гэдгээ эхлээд тодорхойлдог. Энгийн пср шинжилгээний хариуг 12-24 цагийн дотор гаргаж байна. Пср шинжилгээ авсны дараа тухайн сорьцыг тодорхойлохын тулд бүрэн геномын дарааллыг тодорхойлох шинжилгээ хийдэг. Нэг ёсондоо 14 хоногийн хугацаа шаардагдаж, хариу нь гардаг гэсэн үг.

-Омикрон хувилбар дотоодод тарсныг нуусан гэх хардлага гарсан. Үнэхээр нуусан юм уу?

-Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр: Тийм зүйл байхгүй. Бид ӨАБНУ-д омикрон хувилбар бүртгэгдсэний дараа хилийн хяналтаа сайжруулж, омикроны давлагааг тодорхой хугацаанд хойшлуулах бодлого барьсан. Коронавирусийн дельта давлагааны ард дөнгөж гарсан эрүүл мэндийн салбарынхныхаа нурууг амраах, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцөө бэлдэж, шаардлагатай судалгааг хийж амжсан. Сар гаруйн хугацаанд омикроны давлагааг хойшлуулж, цаг хожсон гэсэн үг.

-Омикрон ямар шинж тэмдгээр түлхүү илэрч байна вэ. Хүндрэх эрсдэл хэр вэ?

ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр: Олон улсад омикрон хувилбар дөнгөж гарч байгаа, эмнэлзүй, хүндрэлийн талаар түрүүчээсээ судалгаанууд хийгдэж байна. Манай улсын хувьд Өмнөд Судан улсаас ирсэн 244 энхийн сахиулагчийн 231 нь сэжигтэй хувилбар байсан. Тэднээс харьцангуй хөнгөн шинж тэмдэг илэрсэн. Тодруулбал, 4 хувь нь уушгины хатгаа, 96 хувь нь амьсгалын дээд замын шинжээр буюу хоолой хөндүүрлэх, хамар битүүрэх, бага зэрэг халуурах, хуурай ханиалгах шинж тэмдэг илэрсэн. Тэд уушгины хатгаа болж хүндрэлгүй, эмчлэгдээд гарсан. Энэ датанаас үзэхэд, харьцангуй хөнгөн тусах магадлал ажиглагдаж байгаа. Гэхдээ халдварлах чадвар өндөр учраас олон хүн өвчилнө. Хэдий хүндрэл бага ч олон хүн өвчилж буй учраас эрсдэлт бүлгийн хүмүүс хүнд болон нэн хүнд хэлбэрээр өвчлөх магадлалтай. Гэхдээ омикрон хувилбар амьсгалын дээд замд илүүтэй үржиж байгаа учраас уушги руу орж гэмтээх нь харьцангуй бага. Тиймээс эрсдэлт бүлгийн хүмүүсээ өвчлүүлэхгүй байх нь чухал.

-Хөнгөн хэлбэртэй ч тархалтын хурд маш өндөр байгаа талаар судалгаа гарсан гэсэн. Энэ хэрээр эмнэлгийн ачаалал нэмэгдэнэ. Хөнгөн гээд айхгүй байх ёстой юм уу, энэ талаар тодорхой хариулт өгөхгүй юү?

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: Тархалтын индекс өндөр, халдварлах чадвар 90 хувьтай байна. Тиймээс нэг дор ажиллахдаа амны хаалтаа зүүх, халдвар хамгааллын өмнөх дэглэмээ илүү чанд барьж байж өвчлөлийн 90 хувийг бууруулна.

-Амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барих, вакциндаа хамрагдах өмнөх зөвлөмжүүдийг мэргэжлийн хүмүүс өгч байна. Удахгүй сар шинийн баяр болно. Та ямар зөвлөмж өгөх вэ?

-Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр: Омикроны давлагаа улс орон бүрт харилцан адилгүй үргэлжилж байна. Жишээ нь, Өмнөд Африкт энэ давлагаа нэг сар орчим үргэлжилсэн. Тухайн улсын газар зүйн байрлал, улирал, өмнө нь өвчилж байсан хувь өндөр, дундаж нас 27 байсан гэх мэт хүчин зүйлээс хамаарч тус улсад харьцангуй хөнгөн шинж тэмдгээр илэрсэн байж болно. Манай улсын хувьд өмнө нь өвчилж байсан хүмүүсийн хувь өндөр, вакцины 3-р тунгийн хамрагдалт өндөр зэргээс хамаарч омикроны шинж тэмдэг хөнгөн байх магадлалтай. Нөгөө талаас агаарын бохирдол ихтэй, хавсарсан өвчинтэй хүмүүс өндөр байгаа нь сөрөг нөлөөтэй байхыг үгүйсгэхгүй. Мөн томуу, томуу төст өвчний давлагаатай хавсарч байна. 2020-2021 онд манай улсад томуугийн давлагаа орж ирээгүй, харин энэ оны эхнээс томуу, томуу төст өвчин их байна. Омикроны давлагааг нам дор явуулахын тулд иргэдийн оролцоо туйлын чухал байна. Иргэд амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих уламжлалт халдвар хамгааллын дэглэмээс гадна вакцины 3, 4-р тундаа хамрагдах нь маш үр дүнтэй.

Өмнө нь вакцинд хамрагдаагүй өвдөөгүй байсан хүн одоо омикрон хувилбараар өвдөх магадлал 100 хувь болсон. Нэг, хоёрдугаар тунтай бол омикроноор 100 хувь эрсдэлтэй байна. 3-р тун хийлгээд гурван сараас дээш хугацаа өнгөрсөн бол өвдөх магадлал мөн 100 хувьтай байгаа. Аль нэг тунтай хэр нь өвдөж эдгээд вакцин хийлгээгүй бол мөн өвдөх эрсдэл 100 хувь. Энэ вирусийг энгийнээр зүйрлэж хэлбэл, хүний эс рүү нэвтрэх чадвар маш өндөр.

Бүүстэр тун хийснээр маш богино хугацаанд хүний дархлааны эсүүдийн тоог олшруулна. Мөн эсрэг биетийн хэмжээг 4-5 дахин нэмэгдүүлж байна. Ийм тохиолдолд таны дархлаа вирус орж ирэхээс өмнө устгаж байна гэсэн судалгааг омикроны давлагаанд өртсөн маш олон улс орны судлаачид хэлж байна.

-III ТУНТАЙ ИРГЭД ГУРВАН САР ХҮРТЭЛ ХУГАЦААНД 75 ХУВЬ НЬ ХАЛДВАР АВАХГҮЙ-

-3-р тунгаа хийлгээд халдвар авсан иргэд олон байгаа шүү дээ. Дөрөвдүгээр тун яагаад чухал юм бэ?

-ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр: 3-р тун хийлгэсэн иргэд гурван сар хүртэл хугацаанд 75 хувь нь халдвар авахгүй. Мөн тэдний эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх байдлыг 70 хүртэл хувиар бууруулж чадсан. Вакцин таныг омикроноос хамгаална.

-Ямар үйлдвэрийн вакцин хийлгээд хэдэн хувиар хамгаалсан талаар судалгаа байна уу?

-ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: 3-р тун хийхийн өмнө эсрэг биеийн түвшин ямар байгаа талаар судалсан. 3-р тунг өнгөрсөн оны наймдугаар сарын 16-наас хийж эхэлсэн. Үүнээс өмнө Астра зенека бүрэн тунтай Файзераар бүүстэр хийсэн бүлэгт эсрэг биеийн түвшин 30 au/ml байсан. Энэ түвшин 10-аас дээш байвал дархлаа өдөөх чадвартай гэж үздэг. 10 руу буураад ирвэл заавал бүүстэр тун хийж идэвхжүүлэх хэрэгтэй гэж үзнэ. Ингээд 30 au/ml эсрэг биеийн титрийг бүүстэр тун хийсний дүнд 573 болгож өсгөсөн. Энэ үзүүлэлт буурсаар байгааг 4.5 сарын дараа буюу одоо 70 орчим байна. Нийт иргэдийн 70-аас дээш хувь нь Сенофарм үйлдвэрийн Веросалл вакцинд хамрагдсан. Хоёр тун Веросалл вакцинд хамрагдсан иргэд 4.5 сарын дараа Файзераар бүүст хийхэд 30 au/ml эсрэг биеийн титр 340 нэгж болж өссөн байсан. Одоо 4.5 сарын дараа 110 нэгж болж буурсан байна. Тиймээс дөрөв дэх тунг хийлгэвэл эсрэг биетийн хэмжээ өсөж, омикроноос таныг хамгаална.

-Хоёр веросолл вакцины дараа 3 дахь тунгаа мөн энэ вакцинаар хийлгэсэн хүмүүст дархлаа хэр тогтсон бэ?

-ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: Манайх дөрвөн төрлийн вакциныг иргэдийн сайн дурын үндсэн дээр хийсэн. Энэ төрлийн вакцинуудын эсрэг биетийн титрийг үзэхэд, Файзер, Спутник өндөр, дараа нь Астра зенека, Веросалл орж байсан. Гэхдээ урт хугацааны дараа үзэхэд, Веросалл эсрэг биетийн хэмжээ мөн өндөр байсан. Хоёр тун Веросаллын дараа Файзер хийлгэсэн хүнийг гурван тун Веросалл тариулсан хүнтэй харьцуулахад эсрэг биетийн хэмжээ өндөр байсан.

-0-5 НАСНЫ ХҮҮХДҮҮД ОМИКРОН ХУВИЛБАРААР ӨВДӨЖ, ХҮНДРЭХ ЭРСДЭЛТЭЙ-

-Хүүхдүүдээ омикроноос хамгаалах чиглэлд ямар бодлого барьж байна вэ?

-Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр: Манай улсад 0-11 насны хүүхдүүд вакцингүй байгаа. Бид хүүхдүүдээ томуугийн вакцинд 100 хувь хамруулсан. Хүүхдүүд омикрон хувилбараар өвдөж, хүндрэх эрсдэлтэй байгаа. Тэр дундаа 0-5 насны хүүхдүүд хүнд тусаж байгаа талаар олон улсын судалгаа гарсан. Бид хүүхдийн орыг хангалттай дэлгэсэн. Хүндрэл нэмэгдвэл орны тоог нэмнэ. Хүүхдүүдээ вакцинжуулах талаар судалгаа хийгдэж байна. Ямар нэг шийдвэр гараагүй.

-Бүүстэр тунгийн үр дүн бол манайд чамлахааргүй сайн байна. Аль ч бүүстэр тунгийн үйлчлэл 3-4 сар болж байна. 340 байгаад 110 руу, 110-70 болж үйлчлэлийн хувь бууж байна гэдэг бол бид одоо хүссэн хүсээгүй 4 дэх тунгийн талаар ярих цаг болжээ. Дөрөв дэх тун ямар вакцин хийлгэх вэ?

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: Бид нар одоо босго утга гэж яриад байгаа шүү дээ. Босго утга руугаа эсрэг биет буурч байгаа учраас 4 дэх тунгийн үндэслэл гарч ирж байна. Халдварт өвчний эсрэг хамгийн сайн арга хэмжээ бол вакцинжуулалт. Гэхдээ “Ковид-19”-ийн эсрэг вакцин бол урт хугацаандаа дархлаа тогтоож чадахгүй байна. Ер нь бол вакцинжуулалтын дараах дархлаа тогтож байгаа насжилт 4-6 сар байна. Тийм учраас энэ хугацаанд эсрэг биеийн төвшнөөс хамаарч бүүст хийх шаардлага бий болж байна гэж ойлгож болно.

-Гурван удаа “Виросел” вакцин хийлгэсэн хүн дөрөв дэхээ “Файзер” хийлгэж болох уу?

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: Болно. Өнөөдрийн байдлаар “Синофарм” үйлдвэрийн “Вероселл” вакцин 782 мянган хүн тун байна. “Файзер” 2 сая хүн тун, нийт 2,8 сая хүн тун вакцин манай улсад бэлэн байна. Тэгэхээр одоо бүх нийтээрээ 3 болон 4 дэх тун тариулсан ч хангалттай гэсэн үг. 

“Ковакс” хөтөлбөрийн вакцин дууссан уу?

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр: АНУ-аас гэхэд сая гаруй хүн тун вакцин нийлүүлэгдсэн. Засгийн газарт Япон, UNICEF-ийн хөтөлбөрөөр ирүүлсэн вакцинуудын сүүлч нь ирсэн байгаа.

Хугацааны хувьд?

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр: ДЭМБ-аас есдүгээр сард “Файзер” компани руу захиа явуулсан. Өөрөөр хэлбэл, -60-аас -90 хэмд байгаа вакцины шошгон дээрх хугацаа нь 3-6 сар гэж бичсэн байдаг. Үүнийг гүн хөлдөөгчинд байгаа тохиолдолд дахин гурван сараар сунгах боломжтой гэж үзэж байна гэсэн байгаа. Учир нь, гүн хөлдөөгчинд байгаа тохиолдолд вакцины нөлөө өөрчлөгдөхгүй гэсэн үг. Энэ захиа манайд ч ирсэн. “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд вакцин авч байгаа 130 гаруй улс оронд ч очсон. Дээр нь “Файзер” компани есдүгээр сарын 21-нээс хойш вакцины шошгон дээрх хадгалах хугацааг 9 сар гэж үйлдвэрлэж эхэлсэн. Тэгэхээр иргэд үүнд эргэлзэх ямар ч шаардлагагүй.

-“Ковид”-ийн хор уршиг, үлдэцийн тухайд дэлгэрэнгүй мэдээлэл алга байна гэдэг шүүмжлэл мэргэжилтнүүдийн дунд байдаг. Ялануяа эрсдэлт бүлгийн болон хүүхдүүдийн хувьд ямар байна?

Ц.Чинбаяр: “Ковид-19”-ийн үлдэц нэлээд удаан байна гэдэг дата олон улсын түвшинд байгаа. Яг энэ цочмог өвдөлтийн дараах судалгааг ХӨСҮТ хийгээгүй. Гэхдээ ерөнхий тоймыг бид мэдэж байгаа. Хэвтээд эмчлүүлээд гарсан хүмүүсийг эргэж тандахад бол харьцангуй удаан үргэлжилж байгаа асуудал байхгүй.  

-Үүнийг ХӨСҮТ манлайлж хийх шаардлагатай юм биш үү?

Ц.Чинбаяр:  Цочмог өвчний дараагийн хяналтыг анхан шат буюу өрхийн эмнэлгүүдэд хийдэг. Ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээ гээд хөтөлбөр, удирдамжууд бол хийгдэж байгаа. Тэгэхээр энэ тал дээр бол НЭМГ, хоёрдугаар шатлалын эмнэлгүүдээс судалгаа гарах ёстой. Тойм тооноос харахад  “Ковид-19”-ийн дараах хүндрэл, тахир дутуу болох хэмжээнд очсон тохиолдол маш бага, харин хүмүүсийн айдас, стресс илүү их нөлөөлж байна. Ковидоор өвдсөн хүмүүс стрессийн улмаас нойргүйдэж байна, ядарч байна, хөдөлмөрийн чадвараа алдаж байна. Тэгэхээр хүмүүс аль болох тайван байж, эрүүл амьдралын хэв маягаа баримтлах хэрэгтэй.

-Одоо эмчлүүлж байгаа хүмүүсийн хувьд биеийн байдал нь ямархуу байгаа вэ. Дельтагийн үед бол хүндэрч байсан. Цаашид “омикрон” хувирлын хүндрэл, эрсдэл ямар байх бол?

Ц.Чинбаяр: Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д халдвартай 369 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрээс нэн хүнд ангилалд 8 өвчтөн байна. Бусад нь эмнэлзүйн хувьд хүнд, хүндэвтэр гэсэн ангилалд багтаж байна. Дельтагийн ид оргил ачааллын үед ийм тооны хүн хэвтэж байлаа гэхэд 60 орчим хувь нь хүнд ангилалд, 60 орчим хүн нэн хүнд ангилалд багтах хэмжээний хүндрэл үүсгэж эмчлүүлж байсан. Гэхдээ омикрон вирус эмнэлзүйн хувьд харьцангуй хөнгөн хэлбэрээр эмчлэгдлээ ч гэсэн олон хүн хамарсан тохиолдолд энэ дунд эрсдэлт бүлгийн хүмүүс нэлээд өртөнө. Өмнө нь 100 мянган хүн өвчиллөө гэж бодоход хүндрэл нь 10 хувь гэхэд 50 мянган хүн дээр 10 хувь байсан бол 100 мянган хүн дээр дахиад л 10 хувьтай тэнцэхүйц хэмжээний хүн хүнд, нэн хүнд өвдөх эрсдэлтэй гэсэн үг.

-Эрсдэлт бүлэг гэж яг ямар хүнийг хэлэх вэ?

Ц.Чинбаяр: Нэгдүгээрт, 65-аас дээш насны өндөр настнууд, хоёрдугаарт, хоёр ба түүнээс дээш хавсарсан өвчний ээнэгшил алдсан хүмүүс, гуравдугаарт, жингийн илүүдэлтэй, сахарын өвчтэй хүмүүс ордог. Одоо эрсдэлт бүлэг рүү хүүхдүүдийг оруулахаас аргагүй болж байгаа. Ялангуяа 0-5 насны хүүхдүүд бол амьсгалын замын өвчнөөр хүнд өвддөг, эрсдэлтэй бүлэг. Дээр нь хүүхдүүд вакцингүй байгаа.

-ОМИКРОН ХУВИЛБАРЫН ХАЛДВАРЛАХ ЧАДВАР МАШ ӨНДӨР УЧРААС 2-3 ХОНОГИЙН ДОТОР ТОХИОЛДЛЫН ТОО 1000-Д ХҮРЧ БАЙНА-

-Манайд тархсан ковид дотор аль хувилбар нь хамгийн их байна вэ?

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: Бид бүрэн генийн дараалал тогтоох шинжилгээг нэгдүгээр сарын 06-нд нэгтгээд зөөвөрлөгдсөн 12 тохиолдлыг 07-ны өдөр зарласан. Ингээд 09-нд дотоодод эерэг гарсан сорьцуудаас түүвэрлэж шинжилгээ хийхэд “омикрон”-ын таван тохиолдол батлагдаад ЭМЯ олон нийтэд зарласан. Хувилбарын тандалтыг бид хийхдээ нийслэл, орон нутгаас ирсэн чанарын шаардлага хангаж байгаа, хавьтлын судалгаагаар хамгийн эрсдэлтэй каластерийн сорьцуудаас түүвэрлэж хийдэг. Он гарахаас өмнөх PCR-ийн тандалтын шинжилгээ гэхэд жишээ нь арванхоёрдугаар сарын 08-нд 180 эерэг тохиолдолд хийсэн шинжилгээгээр 100 хувь “Дельта” хувилбар илэрч байсан. Арванхоёрдугаар сарын 25-нд 225 сорьцод хийсэн шинжилгээгээр 224 нь Дельта, нэг нь S генийн алдагдал, “альфа” хувилбар илэрч байсан байна.

-Одоо омикрон нэгэнт дотоодод илэрсэн ийм үед гадаадаас ирж байгаа хүмүүсийн тусгаарлалтыг яах вэ, бас Цагаан сарыг иргэд яаж тэмдэглэх вэ?

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр: Ер нь “омикрон” хувилбарын халдварлах чадвар маш өндөр учраас бусад улсын жишгийг харахад 2-3 хоногийн дотор тохиолдлын тоо 1000-д хүрч байгаа. Их британи зэрэг улсад бол 1000-аас 1 саяд бол 20 хоногийн дотор л хүрч байгаа. Тэгэхээр “ковид” дотор “омикрон” хувилбарын эзлэх хувь бол маш богино хугацаанд 100 хувь болно. Үүнд эргэлзэх юм байхгүй. Бусад улс оронд нотлогдсон. Гадаадаас ирж байгаа иргэдийг 3 хоног тусгаарласан арга хэмжээ бол үр дүнгээ өгсөн. Ямар ч байсан ингэсний хүчинд хүний нөөцөө амрааж, энэ давлагаатай нүүр тулж байна. Өнөөдөр УОК гадаадаас ирэх иргэдээ тусгаарлах эсэх асуудалд шийдэл гаргах байх. Нэг эрсдэл бол гадаадаас ирж байгаа иргэдийн эерэг хувь бол маш эрчтэй нэмэгдсэн. Эхэн үедээ нэг онгоцноос нэг, хоёр тохиолдол илэрч байсан бол арванхоёрдугаар сарын сүүлээр бол оннгоцны 10 зорчигч тутмын нэг нь эерэг гарсан. Эрсдэл өндөр хэвээр байгаа. Цагаан сарын хувьд манай улсад нэгдүгээр сарын дунд болон сүүлээр оргил үедээ хүрэх тооцоолол гарсан. Гэхдээ нэг давуу тал байгаа нь иргэдийн вакцины хамрагдалт, өвдсөний дараах дархлаа тогтоц өндөр учраас иргэд аль болох эрчимтэйгээр бүүстэр тундаа хамрагдчих хэрэгтэй. “Файзер” тариулсны дараах 2-3 хоногт цусан дахь эсрэг биетийн хэмжээ маш сайн, 21 дэх хоног дээрээ бол оргилдоо хүрч  нэмэгдэж байгаа. Ингээд хүн бүхэн вакцинд хамгаалагдчихвал хөл хорио хийхгүйгээр хичээл сургуулиа ч хоёрдугаар сарын эхээр хэвийн явуулаад нам давалгаатайгаар “омикрон”-ыг эрсдэл багатай давах боломж байгаа.

-Сая таны хэлсэнчлэн нэгдүгээр сарын сүүлээр оргил үедээ хүрэх нь байна. Үүнээс хэдхэн хоногийн дараа сургууль, цэцэрлэг нээгдэнэ. Тэгэхээр хүүхдүүд бол вакцингүй байгаа шүү дээ. Энэ тал дээр?

О.Батбаяр: Мэдээж тухайн үед нь шийдвэр гаргана. Тооцооллын хувьд оргил үе нь нэгдүгээр сарын сүүлээр таарч байгаа. Одоо хүүхдүүдийн өвчлөл ямар түвшинд байхаас хамаараад дараа дараагийн арга хэмжээг авах байх. Боловсрол бол маш чухал. Хүүхдүүдийн орхигдож байгаа боловсрол хэзээ ч эргэж нөхөгдөхгүй. Энэ утгаараа Омикроны давлагаанд өртсөн маш олон оронд тэнхмийн хичээл явж л байгаа. Нөгөө талаар “альфа”, “дельта” давлагааны үед өвдсөн хүүхдүүдийн хувьд дархлаа өндөр суусан. 0-5 насны хүүхдүүд бол дархлаа багатай байдаг. Харин 05-11 насны хүүхддүд бол дархлаа өндөр байдаг.

-Та сая тухайн үедээ шийдвэр гаргана гэлээ. Ямар нөхцөл байдалд хүрвэл хөл хорио тогтоох вэ?

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр: Засгийн газар, УОК, ЭМЯ бол хөл хорио тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаа. Олон улсын жишгээр бол нас баралт эрс нэмэгдсэн, өвчлөлийн тохиолдол эрс нэмэгдсэн, эмнэлгийн ачаалал дийлдэхээ больсон, лаборатори ачааллаа дийлэхгүй, хүний нөөцгүй болсон гэдэг шалгуур байдаг. Үнэхээр ийм хүнд байдалд орвол улс орнууд ийм арга хэмжээ авч байгаа. Нэг өдөрт ийм хүнд байдалд орохгүй, манай улс тодорхой хэмжээнд бэлтгэлээ хангасан. Энэ бод бидэнтэй учирч байгаа эхний давлагаа биш. Цагдаа, онцгой гэх зэрэг бидэнтэй хамтарч ажиллаж байгаа төр, хувийн бүх байгууллагууд үүнийг даваад гарна гэсэн итгэлтэй байгаа.  

-ХӨСҮТ-д эмнэлгийн ажиллах хүчний болон бусад эмчилгээ, шинжилгээний хангамж, нөөц ямар байна. “Омикрон” ороод ирсэн энэ үед бэлтгэл ажил хангадсан уу?

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: Эрүүл мэндийн салбарт ирэх ачааллыг тооцоод ЭМЯ-наас тодорхой чиглэлүүд өгсөн байгаа. Эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж шинжилгээний нөөцийг 2-3 сараар бэлтгэхийг чиглэл болгосон. ХӨСҮТ-ийн хувьд эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур дээр бол 2 сарын нөөц бэлтгэсэн байна. Хүний нөөцийн хувьд харин сүүлийн үед халдвар ихсэж байгаа учраас анхаарах асуудал байна.

Ц.Чинбаяр: ХӨСҮТ-ийн хувьд эмчилгээний тал дээр одоогийн байгаа бүрэлдэхүүнээрээ өмнөх давлагаануудыг амжилттай давсан. Хүний нөөцийн хувьд айхтар тулгамдахгүй байх гэж бодож байна. Бусад мэргэжлийн эмч нарыг бид сэлгээд хөрвүүлж ажиллаж байгаа.

-Нэгдүгээр сарын сүүлээр өвчлөл оргил үедээ хүрвэл өвчилсөн хүмүүст олгодог эрүүл мэндийн багцыг хэрхэн шийдэх вэ?

Эрүүл мэндийн зөвлөх О.Батбаяр: Уг нь томуу хэлбэртэй явж байгаа энэ тохиолдолд. Дельта давлагааны үед бол вирусын эсрэг эмчилгээг бид түрүүлж хэрэглүүлэхийг зорьж байсан. Одоо бол иргэд ингэх шаардлагагүй. Шинж тэмдгийн эмчилгээг цаг тухайд нь хийлгээд явахад болно.  

-Одоо гэртээ тусгаарлагдаад эмчилгээ хийлгэж байгаа хүний хувьд шинж тэмдгийн эмчилгээ гэдгийг маш энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу?

Ц.Чинбаяр: Тэгэхээр хөнгөн хэлбэрээр өвчилсөн байтугай ерөнхийдөө ковидын вирусын үүсгэгчийн эсрэг эмчилгээг хэнд хэзээ хийх вэ гэдэг бол тусгай заалттай. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа эмүүдийн хувьд ч бас өөр өөр байгаа. Тэгэхээр зөвхөн ковид бус амьсгалын замын бусад вирусийн халдварууд эргэлтэнд явж байна. Жишээлбэл,  аденавирус, боковирус гээд яг томуу томуу төст өвчинтэй одоо илрээд байгаа энэ эмнэлзүйн шинж тэмдэгтэй их төстэй илэрдэг вирусууд тодорхой хэмжээнд эргэлтэнд байна гэсэн үг. Эдгээр дээр бид юуг анхаарах вэ гэхээр нэгдүгээрт, нэг өрхөөс нэг хүнээс амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрлээ гэхэд PCR шинжилгээ өгөөд сөрөг байлаа ч бусад вирусийн халдвар зэрэгцээд явж байх магадлалтай гэж үзнэ. Нэг сайн тал нь гэвэл энэ бүх вирусийн халдвараас бид маскаа зүүж, гараа угааж, хүн хоорондын зай барьчихвал яг адилхан хамгаалагддаг. Дээр нь бусад ханиад томуугийн вирусийн өвчлөлийг бид гэрээрээ өмнө нь уламжлалт байдлаар ханиад хүрсэн хүүхдээ яаж эмчилдэг билээ, өөрөө ханиад хүрэхээр яадаг билээ, яг л энэ арга хэмжээг авахад болно. Яагаад гэвэл амьсгалын дээд замын халдварын үед илэрдэг хоолой хөндүүрлэх, нус гарах, хамар битүүрэх, толгой өвдөх зэрэг шинжүүд дээр бид юу хийдэг вэ, шинж тэмдгийн эмчилгээ гэж юу яриад байна вэ? Одоо бидэнд бэлэн байгаа “Терафлю” зэрэг дотроо өвдөлт намдаадаг, үрэвслийн эсрэг, бага зэрэг харшлын эсрэг бэлдмэлүүдтэй хавсарсан, том хүн жишээлбэл, өдөрт нэг ширхгээр дөрөв хоног уугаарай гэдэг юмнуудаа л хэрэглэнэ. Вирусын эсрэг өөр ямар нэг өвөрмөц эмчилгээ хайгаад байх шаардлагагүй. Ерөөсөө вирус гэдэг зүйлд антибиотек огт үйлчилдэггүй. Тэгэхээр бид ковидын вирусийн эсрэг юм хайхаасаа илүүтэйгээр өөрт байгаа хамар битүүрэх, толгой өвдөж байгаа зовиурыг л хөнгөвчлөөд байвал цаашаа уушги руу орж гэмтээх хүндрэл харьцангуй буурна гэдгийг л маш сайн мэдэж байх хэрэгтэй.  

-ЭМЯ-наас гэр бүлийн нэг гишүүн өвдөхөд бусад гишүүд бүгд өвдөх магадлал өмнөх “дельта” хувилбараас маш өндөр байгаа гэсэн. Тэгэхээр бүгд өвдсөн тохиолдолд шинж тэмдгийн эмчилгээг зэрэг хийнэ гэсэн үг үү?

О.Батбаяр: Тэгнэ. Яагаад гэхээр тухайн хүнд шинж тэмдэг илэрлээ гэхэд 48 цагийн өмнө гэр бүлийнхэндээ халдвар тараасан гэсэн үг. Тэр хүн эерэг гарсан тохиолдолд бусад нь шинжилгээ ч өгөх шаардлагагүй.

-Иргэдэд зориулж хамгийн чухал гэж юуг хэлэх вэ?

-Ц.Билэгтсайхан: ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмжид бол ерөөсөө өвөрмөц зүйл байхгүй байгаа. Нэгдүгээрт, вакцин бол бидний аврал гэж хэлж болно. Тэгэхээр дархлаа сэргээх 3 дахь болон 4 дэх тундаа маш идэвхтэй хамрагдаарай гэж уриалмаар байна. Хоёрдугаарт, нийтийн эрүүл мэндийн арга хэмжээ буюу зай барих, хамгийн гол нь чанартай сайн маскаа  зүүгээрэй гэж уриалмаар байна.

О.Батбаяр: Гадуур гэр бүлийнхэндээ халдвар тараачихлаа гэж сүүлийн үед их ярьж, бичиж байна. Тэгэхээр та өөрөө хариуцлагатай байж гэрээсээ өөр газар маскаа огт авахгүй байж чадвал та гэр бүлдээ халдвар тараахгүй. Мөн вакцины бүүстэр тундаа хамрагдчихвал энэ давлагааг ямар нэг байдлаар өвчлөхгүйгээр даваад гарах бүрэн боломжтой. Үүнд иргэд анхаарах хэрэгтэй байна. Яагаад заавал давлагаа бүхэнд өвчлөөд вакцинаа хийлгэ гэсэн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд дараа нь эмнэлэгт хэвтье гээд ачаалал үүсгэх шаардлагагүй юм.

Ц.Чинбаяр: Бид цагаан сарын дараа хүүхдүүдийнхээ хичээл сургалтыг хэвийн үргэлжүүлье, бизнес, эдийн засгаа аваръя гэдэг бол иргэн бүрийн гарт байна. Цагаан сар хийж байна гээд бөөгнөрөл үүсгээд, эндээс улбаалаад бүгд өвдөөд, хөл хорио тогтоохоос аргагүй байдалд хүргэхгүйн тулд та өөрөө л хичээ гэж хэлмээр байна.