Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг хийж байна. Нийт 18 оролцогч бүртгүүлж, 10 оролцогч иржээ. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Д.Ганбат нар оролцлоо.
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар гурван саналыг ярилцах гэж байна. Нэг нь УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилсан "Жагсаал цуглаан хийх журмын тухай" хууль дээр ХЗДЯ үнэлэлт дүгнэлтээ хийж УИХ-д өргөн барихаар болж байна. Ирэх оны нэг сарын эхэнд өргөн барихаар төлөвлөж байна. Зөрчлийн тухай хууль гэж том хууль байна. Энэ хуулийг шинэчилсэн найруулга байдлаар оруулж ирэхээр төлөвлөж байна. Өнөөдөр бодит амьдрал дээр Зөрчлийн тухай хуулийн 5.9 зүйл дээр жагсаал цуглаан зохион байгуулагч нар дээр торгууль шийтгэл ихэвчлэн ногдуулж байна. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэсэн зүйл заалтыг нарийвчлан тодорхойлж өгөөгүй ерөнхий байдлаар оруулсан. 2015 оны зөрчлийн тухай хууль их хурдтай шийдэгдсэн. Үүнээс болж зарим зөрчил тодорхойгүй байсныг манай яам бүхэлд нь шинэчилж байна. 5.9-ыг дөрөв задалсан. Дээр нь жагсаал цуглаан хийж эрхээ эдлэхийн тулд хэн нэг даргаас зөвшөөрөл авахгүй. 24 цагийн өмнө холбогдох байгууллагад мэдэгдэх хуудас өгнө. Түүнийг нь холбогдох албан тушаалтан бүртгэнэ.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Нийтийн сонсголыг зохион байгуулах УИХ-ын тогтоол байдаг. Энэ тогтоол дээр ажиглагч нийтийн сонсголын үед асуулт асуух үг хэлэх эрх эдлэхгүй гэж заасан. 12 сарын 15-ны өдөр хууль зүй байнгын хороо сонсгол хийнэ гэж зарласан. Зарлахдаа ажиглагчийн тоог 10 хүртэлх байхаар заасан.
Ажиглагч сонсголд оролцохдоо энэ хуулийн хөндлөнгийн ажиглагчийн хувиар л оролцоно. Гэхдээ үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх эрхгүй. Харин оролцогч бол хэд ч байж болно. 15 хоногийн хугацаа тавьсан. Жагсагчдын төлөөлөл оролцогчоор бүртгүүлсэн хэдий ч өнөөдөр хүрэлцэн ирсэнгүй. Бусдад сонсгол хийх шаардлагатай гэж шаарддаг хэрнээ хуулийн дагуу хийе гэхээр өөрсдөө ирсэнгүй. Мөн хуралдааныг хойшлуулъя гэсэн санал хүсэлтийг хүргүүлсэн гэж ярьж байгаа хэдий ч нэг ч албан ёсны бичиг миний нэр дээр болон УИХ-ын даргад ирээгүй. Сошиалд тавигдсан бичгийг албан бичиг гэж үзэх ямар ч боломж алга. АН-ын бүлэг дээр ч ирээгүй.
Цахимаас бичиг хараад албан ёсных юм шиг хандаж болохгүй. Хэрвээ оролцогчоор бүртгүүлсэн ажиглагч нар жагсагчид байвал хугацаандаа ирж төрийн байгууллагуудаас мэдээллээ сонсооч. Ажил хэрэгч хандаж сураач гэж зарим залуучуудаас хүсэж байна. Төрийн байгууллагаас шаарддаг шигээ ажилд хариуцлагатай хандаж сур. Пост хийснээрээ, жиргэснээрээ асуудлыг шийдэж байгаа юм байхгүй шүү. Гарц гаргалгааг нь хайх гэж эрх барьж байгаа нам санаачиллаа. Гэтэл жагсагчид нь алга. Ийм нөхцөл байдалтай байна.
ВИДЕО: