Гадаадад иргэдээ төлөөлөх, хамгаалах, ойр байх, асуудлыг нь сонсох, ойлгох, туслахын САЙН ЖИШИГ болж ажилласан Элчин сайд асан З.Батбаяртай ярилцлаа. Тэрбээр Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайдын ажлаа хүлээлгэн өгөөд нэг сар орчим болсон бөгөөд эх орондоо ирээд удаагүй байна.
-УНГАРТ СУРАЛЦАХААР ОЧСОН ОЮУТНУУД “АХАА БИ ТҮРИЙВЧЭЭ АЛДЧИХЛАА” ГЭЖ УЙЛНА, “МАНАЙ СУРГУУЛЬ ХААНА БАЙНА. БИЛЕТ ХААНААС АВАХ ВЭ” ГЭЖ АСУУНА. ГЭХДЭЭ БИ НЭЭЛТТЭЙ БАЙЖ АСУУЛТАД НЬ ХАРИУЛАХЫГ ХИЧЭЭДЭГ-
-Унгарт Элчин сайдаар ажиллах бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад сар гаруйн өмнө Монголд ирсэн. Эх орондоо ирсэн сэтгэгдэл ямар байна?
-Мэдээж маш сайхан байна. Энэ хорвоогийн бүх газар сайхан. Гэхдээ гэр хамгийн сайхан гэж үг бий. Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд буугаад цээж дүүрэн амьсгалдаг байсан залуу насны дурсамж сэдэрч байна лээ. Ялгаатай нь энэ удаа Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд буулаа. Шинэ онгоцны буудалд буух ч сайхан мэдрэмж. Хөшигийн хөндийд газардахын өмнөхөн онгоцны цонхоор харахад миний адуу тууж, хонь хариулж явсан Алтанбулаг сумын төв, Түргэний гол харагдаж байсан. Манай Монголын сайхан нь хөдөө талдаа байдаг даа. Ирээд аав, ээжтэйгээ уулзах сайхан байлаа. Миний насны хүнд аав, ээж, ах дүү нартайгаа уулзах бол баяр шүүдээ. Ойрд уулзаагүй хүмүүс болон гэр бүлд маань шинээр нэмэгдсэн жаахнуудтайгаа хүртэл уулзлаа шүү дээ.
-Агуулгын хувьд мэдээж сайхан байгаа байх. Хэлбэрийн хувьд ямар сэтгэгдэл төрөв. Яармагаас уруудаад хотын төв рүү орж ирэхэд Улаанбаатар хот хэр их өөрчлөгдсөн байна?
-Улаанбаатарт өөрчлөгдсөн зүйл маш их байна. Бид хөгжлийн талаарх ойлголтоо нэмэх ёстой юм байна. Хөгжил гэхээр өндөр байшин, машин биш байх. Ядаж чөлөөтэй алхах орон зайтай хотыг байгуулах ёстой юм болов уу гэж бодож байна. Европын аялал жуулчлалын төв болж буй Будапешт хотод сүүлийн 5-6 жил амьдарсан хүний хувьд иргэнийхээ төлөө цаашилбал жуулчдад ээлтэй хотыг байгуулж чадаж байна уу гэдгийг бодох цаг нь болсон юм байна. Ээлтэй гэдэг нь гудамжинд тайван, амгалан л зорчихоос эхэлнэ шүү дээ. Дэлхийн хотуудад түгжрэл нэмэгдэхийн хэрээр жижиг оврын цахилгаан дугуйг их хэрэглэдэг болсон. Унгарт залуус скүүтэр их унаж байна. Тэгэхээр ийм соёл манайд байгаа байх гэсэн төсөөлөлтэй байсан ч харамсалтай нь явган хүний өргөн замгүй байна. Машинаас илүү хүнд зориулсан хот байгаасай. Тэр дундаа хүнд өгдөг хамгийн сайхан мэдрэмж бол алхах. Ялангуяа монголчууд биеэр мэдрэхийг илүүд үздэг учраас явган хүний замыг өргөн хэмжээтэйгээр шийдэж өгөөсэй гэж бодож байгаа. Мөн дугуйн замтай байгаасай ер нь л хүн төвтэй хот байлгаасай. Мөн Сэлбэ голынхоо байдлыг хараад харамсаж суулаа.
-Монголд ирээд ямар ажил, албатай байна?
-Яг одоогоор амарч байна. Хэсэг хугацаандаа амарч нөхцөл байдлаа мэдрэх, төлөвлөгөөгөө цэгцлэх санаатай байна. Цагийн зөрүүнээс эхлээд дасан зохицох байдалтай л байна даа.
-Цаашид юу хийхээр төлөвлөж байна. Таны хувьд усны салбарт ажиллаж байсан туршлагатай учраас энэ чиглэлд ажиллахаар төлөвлөж байна уу?
-Ажил чухал биш байна. Зорилго тавьж түүндээ хүрэхийн тулд ажиллаж, хөдөлмөрлөх ёстой байх. Түүнээс ажил хийх, албан тушаалд очихын тулд аливаа зүйлийг хийх нь оновчтой биш болов уу. Би ирээдүйд юу хийх ёстой, энэ хорвоод төрсний минь утга учир юу билээ гэдэг талаар бодож байна. Би чинь 14 настай байхдаа Туулд голд живж байсан хүн. Тэнгэр харагдахаа больж, ус ногоорч эхлээд л ухаан алдсан. Нэг сэрсэн голын эрэг дээр хахаж цацаад хэвтэж байлаа. Яагаад Туул голд живэв. Тухайн үед түүгээр явж байсан хоёр ах аварсан байдаг. Энэ бүхэн хувь тавилан биш юм байгаа гэж боддог. Ингээд ямар мэргэжилтэй, юу хийдгээс үл хамааран унаган нутаг усныхаа төлөө ажиллах ёстой юм байна гэж шийдсэн. Миний амьдралын зорилго бол Улаанбаатар хотын, Монголынхоо ус голыг сайхан болгох. Миний нас хүрэхгүй ч байж магадгүй. Гэхдээ монголчуудыг усны төлөө зөв сэтгэл, хандлагатай болгочих юмсан гэсэн төлөвлөгөөтэй байна. Дэлхий дахинд ялангуяа Европ тивд ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ УС гэдгийг илүү их ойлгож, урьд урьдынхаас анхаарч байна. Улс төрчдийн, төрийнх нь үндсэн зорилго нь ард иргэдээ устай байлгах. Мөн үерээс, гангаас хамгаалах хоёр туйлын дундуур байлгах ёстой гэсэн бодлоготой болж байна шүү дээ. Тэгэхээр энэ чиглэлд ажиллахаас гадна амьдарна гэж бодож байна.
-Таныг маш сайн ажилласан Элчин сайд нарын нэг гэж би хардаг. Иргэдийнхээ зовлонг ойлгож, асуудлыг шийдвэрлэхэд тусалж, илүү ойр байсан учраас сайн ажилласан дүгнэж болох юм байна лээ. Мөн та Гадаад харилцааны яаманд ажлын тайлангаа тавьсан гэсэн. Тайлангийн дүн яаж гарав?
-Тайланг минь хэрхэн, яаж дүгнэх нь томилсон байгууллагын асуудал. Үзүүлэлт бусад зүйлс бий. Ард иргэдтэйгээ хэр ойр байсныг Унгарт амьдарч буй иргэд мэднэ. Унгар улс миний хувьд арай өөр. Өнгөрсөн зууны сүүлчээр 6-7 жил тус улсад амьдарч хэл соёл, зан заншлыг эзэмшсэн. Мөн тус улсад хууль зүйн мэргэжил эзэмшсэн болохоор хууль, эрх зүйн асуудлаар нь бусдаас илүү мэдээлэлтэй, ойлголттой байсан учраас харилцахад амар байсан. Намайг Элчин сайдаар томилогдож очиход албан ёсоор 875 монгол хүн Унгарт амьдарч байлаа. Эдгээрээс 75 нь оюутан байсан. Сая Монголд ирэхийн өмнө албан ёсны тоо авсан. Одоо 700 оюутан суралцаж байна. 150 орчим оюутан жилийн чөлөөтэй байна. Энэ тоог нийлүүлбэл 800-900 орчим оюутан Унгарт байна. 250 орчим нь төгсөөд эх орондоо ирсэн байна. Ерөнхийдөө 2016-2021 оныг хүртэлх хугацаанд 1200 оюутан ирсэн байна. Хамгийн сүүлийн тоогоор Унгарт амьдарч буй монгол иргэдийн тоо 3600 болжээ. Энэ өсөлтөөс нэлээн их юм харагдана. Ингэж өсөхөд нөлөөлсөн хүчин зүйл бий. Тухайлбал, Унгарын Засгийн газрын, улс төрийн нөхцөл байдал нь 2012 оноос хойш тогтвортой, нэг нам эрх барьсан байдалтай байсан. Ер нь хаана ойлгомжтой, тогтвортой байна хүн тийшээ л тэмүүлдэг. Байдал өөрчлөгдөж, мөнгөний ханш унаж, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй бол тэнд хүн амьдрахгүй.
-Та Унгарт суралцахаар ирсэн оюутнуудаа хүлээж авч Будапешт хоттой танилцуулдаг уламжлалтай юм байна лээ. Хоттой танилцуулаад тулгамдаж мэдэх асуудлуудыг хэлээд өгөхөөр оюутнууд маань цаашид учраа олоход дөхөм болдог байх?
-Тэгэлгүй яахав. Тэс өөр болно. Ер нь Унгарт амьдардаг ард иргэдийг гурав ангилна.
Нэгдүгээрт, Оюутнууд. Оюутнууд дотроо өөр. Үүнийг хэлэхээс өөр аргагүй. Жилд 200 оюутан Унгарт суралцаж байна. Түүний 75 бакалавр, 75 магистр, 30 докторт суралцаж байна. Баклаварт суралцахаар очиж буй хүүхдүүд маань анх удаа аав, ээжээсээ холдож буй 18, 19 настай . Би анх оюутан болохоор явж байхдаа вагонд хамаг мөнгөө, паспорттойгоо алдаж юу ч үгүй бууж байлаа. Түүн шиг нөхөд гүйж орж ирээд зарим нь сайдаа ч гэж дуудаж мэдэхгүй “Ахаа, эгчээ түрийвчээ алдчихлаа” гээд л уйлна. Сошиал хөгжсөн учраас фэйсбүүк чатаар “Манай сургууль хаана байдаг юм. Автобусны билет хаанаас авах юм бэ” гэж асууна. Яахав нэг бодлын жижиг юм боловч нөгөө талдаа би илүү нээлттэй байж, боломжтой л бол бүх асуултанд нь хариулдаг байя гэдэг байлаа.
Тэднийг харахаар миний оюутан нас бодогддог. УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан бид хоёр Монголд хуулийн нэг ангид сурч байсан. Ж.Батзандан маань Унгарт суралцахаар надаас түрүүлж явж байлаа. Араас нь би очиж Ж.Батзандан вокзал дээр тосч аван хоттой танилцуулж байв. Арай түрүүлж ирсэндээ надад газарчилж байсан. Бид хоёрын нэг онигоо бий. Бүх жимсийг амталж үзэхээр зах дээр очоод хоёрхон ширхэг усан үзэм, ганц алим авч хувааж идэж байлаа. Тухайн үед бид хоёрын амссан жимснүүдээс хамгийн муухай амттай нь киви байсан. Яагаад гэвэл хальсыг нь авахыг мэдэхгүй идчихээр мэдээж ямар олиг байх вэ. Ийм л хүүхдүүд байлаа. Тийм учраас надаас, миний хүүгээс ялгаа юу байхав гэдэг үүднээс ханддаг. Унгарт зургаан жил суралцахдаа “Элчин сайдын яам ийм байгаасай” гэдэг бодолтой байсан. Дараа нь төрийн албан хаагч, улс төрч, Улсын их дэлгүүрийн захирал зэрэг бизнесийн ажил хийж байхдаа ч “Элчин сайдын яам ингэж ажилладаг байгаасай” гэж боддог л байв. Тэр бодлоороо Унгарт ажилласан. Элчин сайд хүн бол тухайн орондоо амьдарч буй нутаг нэгтнүүдийн ЭЦЭГ шиг л байх ёстой юм. 1995 оны хавар ээж маань Улаанбаатараас надтай утсаар холбогдож “Баяр хүргэе. Чи аав боллоо” гэж байлаа. Тэр мөчид Элчин сайдын яаманд очиж байснаа би санадаг. Тиймээс л хамгийн эхэнд оюутнуудтайгаа ажилласан. Унгарт очиход нь оюутнуудаа тосч авах, байнгын уулзалт хийх Монголоос очсон хүмүүстэй уулзуулах гэх мэт ажлыг хийж заншсан.
Хоёрдугаарт, Унгарт олон жил амьдарсан хүмүүс. Шинээр гэр бүл болж буй эсвэл бүл нэмж буй хүмүүст төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгааг нь албан ёсоор Элчин сайд гардуулдаг зарчим руу шилжсэн. Яах вэ зарим нь шүүмжилж л байдаг юм. Шүүмжлэлгүй ажил гэж юу байхав. Ямартай ч тухайн хүнийхээ амьдралд их л чухал зүйл болж байна гэдгийг ойлгосон. Цагаан цамц, зангиагаа зүүгээд л гэрлэлтийн баталгаа, төрсний гэрчилгээг гардуулдаг. Ер нь хүн хоорондын харилцаа жижиг зүйлээс эхэлдэг. Элчин сайдаар анх очоод ажилтнууддаа шүүмжлүүлж сүүлдээ би өөрөө шүүмжилсэн нэг асуудал бий.
Тэр нь “Иргэд ирэхэд инээж тосож ав” гэж би ажилчдадаа хэлсэн. Тэгэхэд ажилтан маань “Бид төрийн албан хаагч нар УЧРААС инээх ёсгүй” гэж байсан. Түүнтэй би санал нийлдэггүй, одоо ч нийлдэггүй.
Энэ байдал өөрчлөгдөж төрийн үйлчилгээг үзүүлэхдээ инээмсэглэн угтаж, үддэг болсон. Бид нар үйлчилгээндээ өөрчлөлт оруулж ковидын дараа онлайнаар цаг өгч үйлчилгээ үзүүлдэг болсон. Ингэснээр хүмүүс өглөөгүүр нэг цагт давхцаж ирээд удаан дугаарлахгүй болж байгаа юм. Өмнө нь юу, юу бүрдүүлэх тухай мэдээллийг нь өгчихөөр бүр амар. Хүмүүс эргэж, буцаад байхгүй. Ер нь аливаа том зүйл олон жижиг зүйлсийн нэгдэл байдаг. Аль нэг жижиг зүйл дутвал том бүрдэл болж чадахгүй. Амьдрал ийм л юм. Манай иргэд эерэгээр хүлээж авч дэмжиж ажилласанд баяртай байна.
Гуравдугаарт, Ажил хийхээр ирсэн хүмүүс. Бичиг баримт, хэлний асуудалтай. Ихэвчлэн хөдөө тосгодоор ажилладаг. Оюутнууд бол ядаж англи хэлтэй. Гэтэл энэ хүмүүс маань ямар ч ойлголтгүй. Тиймээс анхнаас нь зөв мэдээллээр хангадаг. Тухайлбал, “Бид хоёр гэр бүл болох гэсэн юм” гээд залуус ирдэг. Гэр бүл болох гэж буй хүмүүс Монгол улсын хуулийн дагуу бүрдүүлдэг материалууд бий. Гэтэл нөгөө залуус маань нэг сарын дараа “Шинжилгээ өгөх эмнэлгээ олохгүй байна” гээд бидэнтэй холбогддог. Тиймээс эхнээс нь “Тэнд ийм, ийм шинжилгээ өгдөг” гэх мэтээр хэлээд явуулчихвал илүү амар. Тэгэхээр энэ гурван хэсэгт гурван өөр харилцаа, мэдээлэл шаардлагатай. Миний баримталж байсан зарчим бол Элчин сайдын яаманд ирж буй хүн бүр миний ах, дүү, хамаатан садан гэж үздэг байв. 20 жил Монголд очоогүй регистрийн дугааргүй хүн байна. Зарим хүмүүс хүүхэддээ Унгар нэр өгчихдөг. Нэг үсэг гээгдүүлсэн тохиолдолд өөр хүн болчихдог гэх мэт хүндрэлүүд их бий. Тэгэхээр энэ бүхнийг давж гарах арга нь хамтран ажиллах. Гэхдээ нэг зүйлийг ойлго, бид 3000 хүнтэй улсад ажиллаж байгаад ирлээ. Гэтэл 30 мянган иргэнтэй АНУ-д цаашлаад Солонгос, Орос, Швед, Хятадад ажиллаж буй Элчин сайдын яамдын ажил тэс өөр. Тэгэхээр Элчин сайдуудын ажлыг шууд механикаар харьцуулж болохгүй.
-ЭЭЖ НЬ КОВИДЫН ХАЛДВАРААР НАС БАРЖ ӨНЧИРЧ ҮЛДСЭН ОХИН МААНЬ ОДОО ЭРДЭНЭТЭД ААВ, ӨВӨӨ, ЭМЭЭТЭЙГЭЭ ХАМТ САЙН БАЙГАА -
-Гэхдээ тань шиг эмнэлэгт иргэнээ эргэж очоод асуудлыг нь хөөцөлдөөд явсан нь цөөн байх?
-Манай Элчин сайд нар эргэдэг байх. 20 хоногийн туршид ухаангүй байгаа иргэнээ эргэлгүй яах вэ. Элчин сайд нь эргэж очоод анхаарал тавихад эмч нарынх нь хандлага ч өөр болдог. Эмч нарын нүднээс шууд мэдэгддэг. “Элчин сайд нь санаа тавьж байхад бид нар анхааралгүй яахав” гэдэг. Гэр бүлийнхэн нь урамтай болдог. Бид ковидоор дөрвөн сайхан ээжийг алдсан. 10 гаруй хүн сэхээнд амьсгалын аппаратанд орсон. Тэр хэд маань мессеж бичиж байнга холбоотой байсан. Бас л хүнд үе. Би их зөөлөн хүн. Гэхдээ энэ үед маш хатуу байхаас өөр аргагүй байсан. Магадгүй бүх иргэний маань эцсийн итгэл найдвар нь Элчин сайд байсан байх. Сүүлдээ утас дуугарахад л айдаг болсон байсан. Шөнө унтаж чаддаггүй байлаа.
За яаанаа “Хэн нь өвдсөн юм бол. Нөгөөдөх маань яаж байгаа бол” гэж бодно. Гэхдээ тэд маань миний яринаас ямар нэг байдлаар итгэл найдвар авах ёстой учраас долоо хоног бүр лайв хийж байсан.
Жишээлбэл, оюутнууд халдвар авахад оюутны байрнаас нь өөр газарт тусгаарлачихдаг. Тэр газарт нь хэн хоол дөхүүлж өгөх вэ гэх мэт асуудал гарна. Тэнд ойрхон амьдарч байгаа, учраа олсон хэл мэддэг хүмүүсээ гуйгаад “Хоол дөхүүлээд өгөөч” гэдэг байлаа. Манай жолооч, эхнэр бид хоёр хоол хийгээд ойртуулж өгнө. Нэг өдөр өөр хотод амьдардаг хүүхэд утсаар яриад уйлаад байхаар нь ойрхон амьдардаг хүн рүү утасдаж хоол хүргүүлсэн. Гэтэл нөгөө хоол хүргэж өгсөн хүнийг “Та нар яасан уддаг юм. Ирж үйлчлэх ёстой биз дээ” гээд загнасан байсан.
Ер нь тэр үе юу ч бодолгүй хүний төлөө ажиллах л мөч байсан. Тэнд амьдардаг 3000 иргэнээс 100 нь унгар хэл мэдвэл их юм. Бусад нь хэвлэл мэдээллийн хэрэгслээс онцгой комиссын мэдээлэл аваад “За ийм дүрэм, журам гарлаа. Вакциныг тэнд хийлгэнэ” гэж мэдэхгүй байсан учраас би мэдээлэл өгөх зорилгоор өөрийнхөө хаягаар лайв хийж байсан.Тухайн үед Монголд халдвар илрээгүй Европт тархаж байсан болохоор эндхийн хүмүүс их айдастай байлаа. Тэр хүнд үеэр миний ажилласан арга барилыг шүүмжилж, магтахын аль нь ч байсан би хүлээж авахгүй. Хувь хүнийхээ хувьд хүлээсэн үүрэг л байсан.
-Нэг жирэмсэн ээж ковидын халдвар авч дутуу төрсөн. Хүүхдийг аварч чадсан ч ээж нас барсан. Одоо охины биеийн байдал ямар байгаа вэ. Холбоотой байгаа юу. Та эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж очиж байсан шүү дээ.
-Эхнэр, нөхөр хоёр эмнэлэгт ажиллаж байсан. Эмнэлэгт ажиллаж байсан хүмүүст хамгийн эхэнд вакцин хийнэ гэж байлаа. Нөхөр нь вакцинаа хийлгэсэн байсан. Эхнэрийнх нь хувьд бие давхар байсан учраас хийхгүй гээд хүлээгдэж байсан. 10 настай нэг хүүхэдтэй. Хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэж байсан. Монгол явж төрөх үү, байх уу гэдэг сонголтын талаар ярьж байсан юм билээ. Гэтэл тухайн үед нислэг хүнд байсан учир Унгартаа төрөхөөр хүлээж байгаад халдвар аваад нас барсан. Сар гаруй ухаангүй байсан. Ингээд хүүхдийг нь аварсан. Охиныг эмнэлэгт байхад очиж уулзаж байсан. Ямартай ч одоо тэр хоёр маань Монголд ирсэн. Эрдэнэт хотод байна. УИХ-ын гишүүн Баярсайханы шууд дэмжлэгтэйгээр аав нь Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон. Охин эмээ, өвөө аавтайгаа сайн байгаа. Би саяхан аавтай нь мессежээр харилцсан.
- Мөн өрөмдлөг хийж амьдралаа авч явдаг 16 настай бүтэн өнчин Ц.Очирхүү гэх хүүг та Унгарт сургахаар хөөцөлдөж байсан шүү дээ. Энэ тухай мэдээлэл 2017 онд олон хүний анхаарлыг татаж байсан. Тэр яриа ажил хэрэг болж чадсан уу?
-Харамсалтай нь ажил хэрэг болж чадаагүй. Би хоёр ч удаа уулзсан. Их сэргэлэн хүү байна лээ. Дахин уулзвал би зэмлэнэ. Сүүлд надтай холбогдож “Интернэт кафе нээмээр байна. Та дэмжлэг үзүүлэх боломжтой юу” гэж асууж байсан. Би яаж дэмжлэг үзүүлж чадах билээ. Тухайн үед би Монголоос залуусыг Унгарт аваачиж мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сургах чиглэлд нэлээн идэвхтэй ажиллаж байсан. Хүүг сургахад хоёр, гурван саад гарч ирсэн. Нэгдүгээрт, заавал 18 нас хүрсэн байх ёстой. Тиймээс хүлээх шаардлага гарсан. Хоёрдугаарт, хэлний бэрхшээл. Унгар хэл сургана гэхээр нэг жилийн хэлний бэлтгэл сургах шаардлага гарсан. Түүнд мэдээж өндөр зардал гарна. Түүнээс мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиуд үнэ төлбөргүй сургаж, оюутны байраар хангаж чадна л гэж байсан. Харамсалтай нь энэ ажил маань бүтээгүй. Унгарт одоо сурч буй оюутнуудын 97 хувь нь англи хэлтэй учраас болоод байдаг. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв англи хэл дээр сургалт явуулдаггүй учраас хүндрэлүүд гарсан.
-1200 ОЮУТАН УНГАРТ СУРАЛЦСАН НЬ ТУС УЛСААС МОНГОЛ УЛСАД ОРУУЛСАН ЮУГААР Ч ҮНЭЛЭШГҮЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЮМ-
- Элчин сайд нарыг тухайн орондоо төлөөлөл болохоос гадна хоёр улсын эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд гүүр болох шаардлагыг тавьж байгаа. Таныг Унгар, Монголын хөдөө, аж ахуйн салбарт хамтын ажиллагааг ахиулж байгаа гэж би уншсан?
-2016 онд Монгол, Унгарын худалдааны эргэлт 8 сая доллар байсан. 2017 онд 12 болж 2018 онд буусан. Харин 2019 онд эргэж өсөөд 2020 онд ковидоос болж буурсан. Одоо 2021 оны тоо гарах хараахан болоогүй байна. Нэлээн өндөр гарах байх. Эдийн засгийн хөгжил гэхээр тухайн улсынхаа нөхцөл байдлаас их шалтгаалдаг. Тухайлбал, Франц, Монголын худалдааны эргэлт 18 сая доллар. Гэтэл Унгар, Монголынх 12 долларт хүрсэн. Франц гэдэг маань ямар том улс билээ. Унгар ямар улс билээ. Ингээд бодохоор сонин харьцуулалт гарна.
Унгар, Монголын харилцаанд нэг чухал зүйл байгаа нь боловсролын салбарын хамтын ажиллагаа юм. Учир нь хоёр улсын харилцааны нууц нь ирээдүй. Өнгөрсөн цагт бид нар сайхан найз нөхөд байлаа. Тэгвэл ирээдүйд хоёулаа хүчирхэгжихийн тулд бие, биенийхээ технологийн судалж, монгол оюутнуудыг сургана гэсэн юм. 1200 оюутан сурсан нь Унгар улсаас Монгол улсад оруулсан доллар, евро, төгрөгөөр үнэлэхийн аргагүй асар том хөрөнгө оруулалт гэж би хэлнэ. Гэхдээ мөнгөн дүнгээр үнэлж болох хөрөнгө оруулалт хийгдсэн. Тухайлбал, 57 сая долларын зээлийн хөрөнгөөр Био комбинатыг шинэчлэх, вакцины үйлдвэр барих үйл ажиллагаа 12 жилийн турш явагдаж байна. Энэ ажлыг үргэлжлүүлэх хэлцэл ковидын эд дундуур буюу 2020 оны дөрөвдүгээр сард хийгдэж гэрээний эцсийн шатанд хоёр тал гарын үсэг зуралцаж байлаа. Ковидын эд үеэр бүх улсууд хөл, хорионд орсон байхад гарын үсэг зурж байна гэдэг нь Унгар улс бидэнд ямар ээлтэйг харуулж байна. Нэгэнт ярьж, тохирсон бол тэр хөрөнгө оруулалт хүндрэх байсан ч гарын үсэг зурсан. Яг тэр хурлын үеэр би сайхан уужуу амьсгаа авч байсан бас нэг зүйл бий. Тэр нь Унгарын Гадаад харилцааны сайд Сияяарто манай Д.Цогтбаатар сайдтай ярилцах үеэрээ оюутнуудыг үргэлжлүүлж авна гэж хэлсэнтэй холбоотой. Тэгэхээр манай хоёр улсын эдийн засгийн харилцаа илүү хөгжинө. Би ирснээсээ хойш мод тарих, усны салбарын хамтын ажиллагааг ярьж байна. Ер нь бид технологи, инноваци судлах чиглэлд түлхүү ажиллах ёстой. Түүнээс Монголын нэхий дээлийг Унгарт аваачиж зарах биш юм. Унгарчуудаас сурах зүйл их бий. Ганц жишээ хэлэхэд, өдөр бүр спортын хичээл орж хүүхдүүдийг эрүүл чийрэг өсгөж байна. Нэг өдөр шатар нөгөө өдөр харваа гэх. Ер нь спортын салбарт том амбицтай байгаа.
-Унгар ажиллаж, амьдрахад хэр таатай орон гэж та хардаг вэ. Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй монголчуудад маань олон асуудал, саад бэрхшээл тулгардаг . Сая л гэхэд Солонгост Монгол охин хүчирхийлүүллээ. Энэ мэт үйлдэл Унгарт гарах нь харьцангуй бага сонсогддог?
-Унгар хамгийн их аюулгүй байдлыг хангасан Европын улс. Монголчуудад бол ээлтэй улс гэж би хэлдэг. Зарим хүмүүс өөр байр, суурьтай байж магадгүй. Сургууль, соёл болон ажлын байранд ялгаварлан гадуурхалт нийтлэг байдлаар байхгүй, тайван. Ковидын үеэр Азиудыг ялгаварлаж байсан. Тэр үеэр метронд явж байхад нь цохьсон гээд нэг монгол залуу нүд нь хөхөрсөн байдалтай надтай холбогдож байлаа. Тэгэхэд нь би зориуд метронд явахал гайгүй л байсан. Солонгост гарсан хэргийн тухайд би нэг зүйлийг хэлмээр байна.
2020 оны тавдугаар сард Унгарт үйл ажиллагаа явуулдаг Солонгосын үйлдвэрт ажиллаж байсан монгол залуу осолд орсон. Хайрцагнаас гарах гялгар уутыг ялгадаг ажил хийдэг байсан. Гэтэл тоглоомоор юм уу, яасан юм хамт ажилладаг солонгос залуу монгол залууг юмаар ороосон үеэр хэвэнд оруулдаг машин ирээд монгол залууг дарчихсан байсан. Ослын улмаас монгол залуу нурууны мэдрэлийн томоохон хагалгаанд орж одоо тэргэнцэртэй.
Тухайн үед энэ тухай сонсоод Будапештээс 100 орчим км-ийн зайд оршдог Дьёр хотод очсон. Учир нь энэ хотын эмнэлэгт манай монгол залуу хагалгаанд орсон юм. Намайг очиход хагалгаа хийгдэж байсан. Ковидын үе учраас эмнэлэг рүү оруулахгүй. Эмнэлгийн гадна монгол, солонгос нийлсэн хэдэн хүн байсан. Ингээд эмнэлгийнхнээс асууж сураглахад амь нас гайгүй, нурууны мэдрэлийн хоёр хэсэгт томоохон мэс засал хийлээ гэж хэлж байсан. Аминаас хол байх гэдэг үгийг сонсоод тайвширсан. Тухайн үед амь насыг аварч үлдэх чухал байсан. Харин хагалгаанаас хоёр, гурван хоногийн дараа “Ойрын хоёр, гурван жилдээ хөл дээрээ босохгүй” гэсэн мэдээг сонссон. Бас аймшигтай. Хамгийн эхэнд гэр бүлийнхэнтэй нь холбоо тогтоож МИАТ-ын бүрэн хөнгөлөлтөөр ээжийг нь Унгарт аваачсан. Цагдаагийн байгууллагад хэрэг үүсгэсэн байсан. Элчин сайдын яамны хувьд өмгөөлөгч олж нэлээн сайн ажилласан. Ээжийг нь Унгарт авчирсны дараа Солонгос эзэнтэй үйлдвэрээс хууль ёсны дагуу нэхэмжлэх гаргаж нэхэмжилсэн. Ингээд 500 орчим сая төгрөг гаргуулсан байх.
Хохирогч залуу маань эрүүл мэндийн даатгалгүй, хууль бусаар ажиллаж байсан учраас Унгарын зүгээс ямар ч дэмжлэггүй. Мөн хохирогчоос мэдүүлэг авч чаддаггүй цагдаагийн мөрдөн байцаалт түр саатсан. Тэр хооронд хэрэгт холбогдогч солонгос залуу нутаг буцсан байсан. Солонгос компани ч бултах маягтай болсон. Тэгэхээр нь би Солонгосын Элчин сайдын яамтай уулзахаар ажилласан. Ингээд ирэхээр Солонгос компанийн хандлага арай өөр болж хохирлыг нөхөн төлье гэж байсан юм. Тэр бүрт өмгөөлөгч, Элчин сайдын яамд ажиллаж байлаа. Миний хувьд эмнэлгийн төлбөрөөс хөнгөлөх ажлыг хөөцөлдөж амжилттай болсон. Хэрвээ төлбөр төлсөн бол их хүндрэлтэй байх байсан. Энэ бүх үйл явдал болох явцын дундууд зургаадугаар сард эмнэлэг орж залуутайгаа уулзахад нэлээн турсан байсан. Хоёулаа инээж уулзаад “Чи яамаар байна” гэж асуухад “Үсчин авчирч болох уу” гэж билээ.
Солонгост халдлагад өртсөн охины гэр бүл хууль ёсны эрхээ хамгаалуулахын тулд хуулийн дагуу л явах ёстой. Иргэдийн зүгээс аливаа хэрэг зөрчилд холбогдвол тэр даруй Элчин сайдын яамандаа мэдэгдэх хэрэгтэй юм. Иргэнийг хамгаалах үүрэг нь Элчин сайдын яаманд бий. Элчин сайдаар ажиллах хугацаанд юуг ойлгосон бэ. Ард иргэд төр засгаас их зүйл хүсдэг. Гэхдээ их зүйл гэдэг нь мөнгө, төгрөг биш. Ерөөсөө л анхаарал. Төр засгийн үүрэг бол хаана байхаас үл хамаараад иргэдтэйгээ харилцах, сонсох. Сонсоно гэдэг нь хүнд ажил биш. Сонсоод эхэлбэл төр засгийн байгууллагаа дэмжээд нэгддэг.
-Ярилцсанд баярлалаа.