С.Чимидцэрэн: Коронавирусээс болж хүмүүс нас барж байна. Тиймээс вакцинаас биш коронавирусээс л айх хэрэгтэй

С.Чимидцэрэн: Коронавирусээс болж хүмүүс нас барж байна. Тиймээс вакцинаас биш коронавирусээс л айх хэрэгтэй

Манай улс өнгөрсөн наймдугаар сараас эхлэн зорилтот бүлгийн хүн амдаа коронавирусийн эсрэг вакцины бүүстер тун буюу нэмэлт сэргээх тунг хийж эхэлсэн. Гэвч иргэдийн дунд бүүстер тунтай холбоотой үнэн, худал нь тодорхойгүй мэдээллүүд түгээд байна. Иймээс бид бүүстер тун хийгээд коронавирусийн эсрэг вакциныг тойрсон асуудлаар Анагаах ухааны доктор, дэд профессор С.Чимидцэрэнтэй ярилцлаа.

-ПФАЙЗЕР ВАКЦИНЫ ДАРХЛАА ТОГТООХ ЧАДВАР ХАМГИЙН ӨНДӨР БАЙСАН УЧРААС БҮҮСТЕР ТУНГААР СОНГОСОН-

-Манай улс Америк, Германы эрдэмтдийн хамтран бүтээсэн “Пфайзер”/Pfizer/ вакциныг “бүүстер” тунгаар ашиглаж байгаа. Ер нь яагаад энэ вакциныг сонгосон юм бэ. Энэ вакцин нь бусад вакцинаас юугаараа ялгарах вэ?

-Монгол Улс үндсэндээ гурван өөр төрлийн төрлийн технологиор хийсэн вакцинаар хүн амаа дархлаажуулж байна. Тодруулбал, БНХАУ-д үйлдвэрлэсэн “Синофарм” нь идэвхгүйжүүлсэн бүхэл вирус бүхий вакцин. “Спутник V”, “АстраЗенека” хоёулаа адилхан технологиор хийгдсэн буюу вирусийн векторт суурилсан вакцинууд. Энэ нь уламжлалт технологи гэж хэлж болно. Маш олон вакцин энэ технологиор хийгдсэн. Өнөөдөр бидний хүүхдүүдээ дархлаажуулдаг товлолт вакцинууд ч энэ технологиор хийгдсэн байдаг. Харин “Пфайзер” бол MRA-д суурилсан вакцин. MRA харьцангуй шинэ, сүүлийн үеийн шалгарсан технологи. 

Вакцины дархлан түрүүлэх чанар, дархлаа тогтоох чадварыг эрдэмтэд судалдаг. Тухайлбал, “Синофарм” 86 хувь байна, “АстраЗенека” 76 хувь, “Спутник” 94, 95 хувьтай, “Пфайзер” 95 хувьтай байна гэх мэтээр дархлаа тогтоох чадварыг нь харьцуулж судалдаг. Ингээд судалгааны үр дүнгээр хамгийн өндөр нь “Пфайзер” байсан учраас илүү сайныг нь оруулж ирье гэж Засгийн газар тус вакциныг сонгосон гэж хэлж болно. 

-Вакцин хүний биед ороход яг юу болдог юм бэ. Яаж үйлчилдэг юм бэ?

-Тодруулж хэлбэл, кодолсон удмын мэдээллийн хэсгийг тариагаар хүний биед оруулж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, удмын мэдээллийн хэсгийг өөр вируст суулган хүний бие рүү оруулчхаж байгаа юм. Вирусийн вектор, энэ нь ямар нэгэн өвчин үүсгэгч биш. Ингээд хүний биед оруулсны дараа бидний дархлааны эсүүд вирусийг таньж идэвхжээд хариу урвал үзүүлж, санамжийн эсийг үүсгэдэг. Дараа нь жинхнээсээ коронавирус хүний биед ороод ирэхэд аль хэдийн үүсчихсэн санамжийн эсүүд хамгаалах урвалаа илүү үр дүнтэй явуулдаг. Бидний дархлаа тогтолцоог л бэлдэж байгаа юм. Түүнээс биш ямар нэгэн бодис оруулж ирээд тэр бодис нь биднийг хамгаалж байгаа юм биш.

-“Пфайзер” вакцин хорт хавдрын эхэн үед вирусийг дарангуйлж, устгадаг гэсэн мэдээлэл нэг хэсэг шуугиулсан. Энэ боломжтой юу?

-Өнөөг хүртэл хүн төрөлхтний бүтээсэн вакциныг халдвараас урьдчилан сэргийлэх болон эмчилгээний гэж хоёр ангилдаг. Эмчилгээнийх нь ихэвчлэн хорт хавдрын вакцинууд байдаг. Хавдрын эсрэг эмчилгээний вакцинуудын дийлэнх нь технологийн хувьд ойролцоо, ерөөсөө  л тэр хавдрын эсийг мутацид орсон гэдгийг таниулах зорилготой. Тэгэхээр вакцинуудад хорт хавдрыг устгах үйлдэл байж болно. Энэ нь тийм ч шинэ зүйл биш.

-КОРОНАВИРУСИЙН ХҮНИЙ БИЕИЙН БҮХИЙ Л ЭСЭД ХАЛДВАРЛАХ ЧАДВАРТАЙ ХОРУУ ЧАНАР ӨНДӨРТЭЙ ВИРУС-

-“Вакцин хийлгэж байснаас өвдөөд эдгэчихвэл илүү хүчтэй дархлаатай болох юм байна” гэсэн ойлголттой хүмүүс цөөнгүй байна. Үүнийг та мэргэжлийн хүний үүднээс юу гэж харж байна?

-Коронавирус бидний биеийн бүхий л эсэд халдварлах чадвартай хоруу чанар өндөртэй вирус. Гепатитын вирус гэвэл элэгний эсэд халдварлана. Томуугийн вирус амьсгалын дээд замд халдварлаж анх орж ирдэг ч системийн урвал өгдөг. Энэ мэт маш олон вирус байдаг. Вирус болгон өөрийн бай, рецептортой холбогдож, өвчин эмгэг үүсгэдэг. Коронавирусийн очиж холбогддог “рецептор” гэж нэрлээд байгаа бүтэц нь бидний биеийн бүх эсүүдэд байдаг. Тухайлбал, цусны судасны эндотелийн эс гэх мэт. Гэтэл хүний биед цусны судасгүй эс гэж бараг байхгүй шүү дээ. Маш олон эсийн бодисын солилцоо болон үйл ажиллагаанд нөлөөлдөг рецептортой коронавирус очиж холбогдон, эс рүү нэвтэрч ороод байгаа юм. Тэгэхээр коронавирусийн дайралтад өртөхгүй эс бараг байхгүй гэсэн үг.

-Өвдөөд эдгэсний дараа үүсэх байгалийн дархлаа, вакцины үр нөлөөгөөр үүсэх дархлааны аль нь илүү хүчтэй вэ?

-Маш олон судлаач “натурал” буюу байгалийн дархлааны хамгаалах эрчим бага, хугацааны хувьд ч харьцангуй богино гэдгийг тогтоочихсон. Тийм учраас л бүүстер тунг дэлхийн улс орнууд хийж эхлээд байна. Бүүстер тун гэдэг шинэ зүйл биш. Хүүхэд төрмөгц 24 цагийн дотор хийдэг вакцинууд, сахуу татран, ханиад гепатит, саа гэх мэт товлолт вакцинуудтай л адил. Хүүхдэд хийдэг вакцинууд сайн ажилладаг учраас магадгүй хүнд өвдөхгүй байгаа юм. Хүүхдээ төрөх үед нь вакцин хийлгэхэд айгаагүй хэрнээ, одоо өөрсдөө айх шаардлага байхгүй шүү дээ.

Анагаах ухааны доктор, дэд профессор С.Чимидцэрэн

-Бүүстер тунг огт хийлгэж болохгүй, эсрэг заалттай хүн гэж бий юү. Зүрх өвддөг, даралт өндөр гэх мэт шалтгаанаар бүүстер тунг хийлгэхгүй байгаа хүмүүс бий шүү дээ? 

-Вакцины нөлөөгөөр үүссэн урвал, коронавирусийн халдвар хүний биед орж ирсний дараа үүсэх урвал хоёр бараг ялгаагүй. Халдвар хүний биед ороод ирвэл зүрх судасны өвчтэй хүн нас барах эрсдэл маш өндөр. Вакцин хийлгэснээс илүү эрсдэлтэй. Халдвар авбал өвдөж байсан зүрхнээс эхлээд маш олон эрхтэн системийн дутагдал үүсээд эхэлнэ. Вакцины нөлөөгөөр гэхээс илүү коронавирусийн халдварын нөлөөгөөр суурь өвчтэй, эрүүл мэндийн асуудалтай хүмүүс нас барж байна. Тэгэхээр эрүүл мэндийн суурь байдал маш чухал. Ер нь вакцин хийлгэхэд туйлын ганц л эсрэг заалт байдаг. Тэр нь анафилаксийн шок буюу харшлын хүнд урвал үзүүлэх хүнд л хийж болохгүй гэсэн заалт юм.

-ВАКЦИН ХИЙЛГЭХДЭЭ АЙЖ БАЙГАА БОЛ СУУРЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДЛАА ХЭВИЙН БОЛТОЛ НЬ ХҮЛЭЭХ ХЭРЭГТЭЙ-

-Вакцин хийлгэсний дараа нас барсан тохиолдол мөн гарсан шүү дээ. Мэргэжлийн байгууллагаас вакцинаас болсон гэж дүгнээгүй ч иргэдийн дунд тийм ойлголт үүсчихсэн?

-ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны хийсэн судалгаагаар вакцин хийлгэсний дараа шоконд ороод нас барсан тохиолдол огт байхгүй. Тэгэхээр бүүстер тунг шууд хориглох заалт байхгүй. Суурь өвчтэй хүмүүс эмчийн хяналт доор вакцинаа хийлгэх хэрэгтэй. Миний бодлоор ямар нэгэн вакцин хийлгэхдээ айж байгаа бол суурь эрүүл мэндийн байдлаа хэвийн хэмжээнд очтол нь хүлээх хэрэгтэй. Зөв хооллож, цэвэр агаарт гарч, даралт ихтэй бол тогтворжуулаад, сахартай хүн байдал сахараа буулгах гэх мэтээр суурь эрүүл мэндийн байдлаа хэвийн болгосны дараа вакцин хийлгэх хэрэгтэй. Энэ хооронд мэдээж халдвараас өөрийгөө маш сайн хамгаалах нь чухал. 

Амны хаалтаа зүүж, олон хүнтэй газар очихгүй байх, ажил амралтаа тохируулах гэх мэт. Ядарсан үедээ, суурь өвчнөө эдгээгээгүй байхдаа вакцин хийлгэвэл эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Энэ мэт асуудлаас сэргийлж вакцины цэг дээр ерөнхий мэргэжлийн эмч нар ажиллаж байгаа шүү дээ. Гэтэл асуудал гарвал “та энэ өвчнөө эдгээж байгаад вакцинаа хийлгээрэй” гэхэд “эмч нь буцаалаа” гэж уурладаг.

-Зарим оронд коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунгийн асуудал ч яригдаад эхэллээ. Цаашид хүн төрөлхтөн байнга вакцин хийлгэх шаардлагатай болж байна уу?

-Цар тахлын тархалтаас 100 хувь шалтгаална. Улирлын томуу амбулаторийн өвчлөлийн 10 хувьд хүрвэл хөл хорио тогтоодог. Хөл хорио шинэ зүйл биш. Цоо шинэ болгож байгаа зүйл нь цар тахлын хэмжээнд хүрсэн нь юм.

-Вакцин хийлгэсэн хэрнээ халдвар аваад байгаа учраас иргэдийн итгэл үнэмшил буураад байгаа юм шиг?

-Манай улс хүн амаа вакцинжуулахаас өмнө ихэвчлэн настай, суурь өвчтэй хүмүүс халдварын улмаас нас барж байсан. Харин одоо зорилтот хүн амынхаа 96 хувийг вакцинжуулсан. Нас баралт хүн амтай харьцуулахад харин ч бага байна. Үнэндээ “Синофарм” байгаагүй бол манай улс маш хүнд байдалд орох байсан. Яагаад гэвэл сая ярьсанчлан иргэдийн суурь эрүүл мэндийн байдал маш муу. Хөгшин, залуу гэлтгүй халдвар авч эмнэлэгт хэвтсэний дараа л сахартай гэдгээ, даралт ихэсдэг гэдгээ мэдэж байна. Тэгэхээр өвдөхгүй байх нь л чухал. Өвдөхгүй байх хамгийн чухал алхам бол вакцин.  Коронагаас биднийг хамгаалах зүйл нь вакцин. Харин өвдчих юм бол эсрэгээрээ бид насан туршдаа эдгэрэхгүй, архаг хууч өвчтэй болж, үлдэх эрсдэл эрүүл хувьд байна.

Бид халдвараас сэргийлэхийн тулд байнга амны хаалт зүүж байгаа. Нөгөө талаар үүний нөлөөгөөр хүчилтөрөгчийн архаг дутмагшилд өртөх эрсдэл хүн болгонд тулгарч байна. Лабораторийн шинжилгээгээр ч энэ харагддаг. Энэ мэт шалтгаанаар ч суурь өвчтэй хүмүүс вакцины нөлөөгөөр үүсэх урвалаас илүү халдвар авч өвдөөд, хүндрэх эрсдэл 100 хувь илүү. Тиймээс вакцинаас биш коронавирусээс ай гэж л хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа