Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр /2025.08.19/ болж, бодлогын түвшинд шийдвэрлэх шаардлагатай “Энхийг дэмжих ажиллагааны шинэчилсэн журмуудын тухай, “Батлан хамгаалах яамнаас баримтлах эрдэмтэн бэлтгэх бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцсэн байна.
Батлан хамгаалахын сайдын Зөвлөлийн гишүүдээс энхийг дэмжих ажиллагаатай холбоотой шинэчилсэн журмуудын хүрээнд журмын заалтад нийцэхгүй зарим найруулгын алдааг засварлах, энхийг дэмжих ажиллагаанд оролцох хүсэлтийг хараат бус, бие даасан байдлыг бий болгож цахимжуулах, тавигдах шаардлагад сэтгэлзүйн сорилыг тусгах, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид НҮБ-аас олгодог нөхөн олговрын хэмжээ 70/30 байсныг 80/20 болгох зэрэг саналыг оруулж, дэмжсэн байна. Нөхөн олговрыг 80/20 болгох саналын тухайд, энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэхдээ Монгол дахь цалингаа 100%, хилийн чанадад байх хугацаандаа НҮБ-аас тогтоосон нөхөн төлбөрийн 70 хувийг хувьдаа, 30 хувийг сургалт, бэлтгэлийг хангах зориулалтаар Зэвсэгт хүчний “Хөгжлийн сан”-д төвлөрүүлдэг. Ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй тухайн алба хаагчийн амьдралын баталгаа болсон уг нөхөн олговрын гарт олгогдох хувь хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж Батлан хамгаалахын сайд Д.Батлут тэргүүтэй сайдын зөвлөлийн гишүүд үзэж, Засгийн газрын тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах бэлтгэл ажлыг хангахыг холбогдох газар, хэлтэст үүрэг болголоо.