АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нарын хоёр талын уулзалтыг дэмжиж, эхлээд тэд бие даан уулзах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлжээ.
Д.Трамп Вашингтонд В.Зеленский болон Европын удирдагчидтай уулзаж, мөн В.Путинтай утсаар ярилцсаны дараа энэ байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр Марк Левинд өгсөн ярилцлагадаа, “Ерөнхийлөгч В.Путинтай маш сайхан уулзлаа. Ерөнхийлөгч В.Зеленскийтэй ч мөн адил. Одоо юу болохыг харахын тулд тэд надгүйгээр уулзсан нь дээр гэж бодож байна. Хэрэв шаардлагатай бол би оролцож, гэрээг хааж ч мэднэ. Гэхдээ эхлээд юу болохыг харцгаая” хэмээн онцолсон байна.
АНУ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр, В.Путин, В.Зеленский нарын уулзалтыг Кремль шууд эсэргүүцээгүй ч албан ёсоор батлаагүй байна. Харин Вашингтонд болсон уулзалтын үеэр В.Путин, В.Зеленскийд Москвад хэлэлцээ хийхийг санал болгосон ч Украины Ерөнхийлөгч татгалзжээ. Кремлийн төлөөлөгчид Украины талаарх хэлэлцээг илүү өндөр түвшинд хүргэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн ч В.Путин өөрөө В.Зеленскийтэй уулзахад бэлэн эсэхээ тодорхой хэлээгүй байна.
Эх сурвалж: BBC