Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох албаныхан коронавирусний нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогыг өнөөдөр танилцуулж, иргэдийг вакцины гуравдугаар тунд идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Энэ үеэр сэтгүүлчид сонирхсон асуултадаа хариулт авлаа.
-Монгол Улсад хөрөнгө оруулалт татах асуудал ямар шатанд байна вэ?
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: УИХ ирэх оны улсын төсвийн 2 дахь хэлэлцүүлгийг хийж байгаа. Төсвийг энэ сарын дундуур батална. Үүний дараа Цар тахлын дараа эдийн засгийг сэргээх хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Одоогоор энэ төслийг боловсруулахаар Засгийн газрын ажлын баг ажиллаж байгаа. Мөн хувийн хэвшлийнхэнтэй МҮХАҮТ-аар дамжуулан хамтран ажиллаж байгаа бөгөөд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай ч ярилцаж байгаа. Монгол Улс өөрийн хийсэн зүйлийг гадаад зах зээлд борлуулдаг байх хэрэгтэй. Орлогоо нэмэхийн тулд дэлхий нийттэй хамт “тоглох” л ёстой. Тийм учраас Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг дэмжсэн бодлого барьж ирсэн, дэмжсээр байна. Мэдээж хөрөнгө оруулалттай холбоотой үл ойлголцол үүссэн олон асуудал байгаа. Үүнийг бид шийдвэрлээд, засаад л явна. Монгол Улс огт гадаад хөрөнгө оруулалт авахгүй гэдэг ойлголт руу явж болохгүй. Ингэвэл бид чөлөөт эдийн засгаас татгалзсан алхам болно. Энэ сарын дундуур өргөн барих хуулийн үзэл баримтлалын хүрээнд Шинэ сэргэлтийн бодлого явна. Засгийн газар долоо хоног бүрийн хурал дээр энэ бодлогыг хэлэлцэж байгаа. Энэ бодлого удахгүй хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй болно.
-Иргэд коронавирусний вакцины гуравдугаар тунг хийлгэхгүй байгаа шалтгаан нь юу вэ?
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хэрвээ бид вакцинжуулалтыг өнөөдрийн түвшинд хүрээгүй байсан бол 20-40 мянган хүн коронавирусний улмаас нас барах эрсдэлтэй байсан. Тиймээс вакцинд огт эргэлзэж болохгүй. Үүнээс өөр гарц бидэнд байхгүй. Өнөөдөр амаргүй нөхцөлд байгаа. Олон хүн халдвар авч байгаа. Үүнээс халдвар авснаа мэдээгүй эдгэрсэн хүн байна. Зарим нь ханиадтай ижил байна гэж хэлж байгаа ч хүн бий. Энэ бол вакцины үр дүн. Хэрвээ ханиадтай ижил байсан бол дэлхий нийтээрээ эдийн засгаа унаган байж хөл хорио тогтоохгүй, өнөөдрийн нөхцөл рүү орохгүй. Тиймээс вакцинжуулалтаа цаг алдалгүй эхлүүлсэн нь бидний хамт хийсэн чухал зүйл юм. Бидэнд вакцин хандивласан, хамтарч ажилласан олон улсын байгууллагууд талархах ёстой. Вакцингүй олон улс орон байгааг ч мартаж болохгүй. Вакцин хийлгэсэн ч халдвар авна. Гэхдээ нас барахгүй, хүндрэхгүй байх давуу талтай. Гуравдугаар тун бол эхний хоёр тунгаас үлдсэн сөрөг биетийг сэдээнэ. Бид эдийн засгаа нээхийн тулд, иргэдийн амь насыг аюулгүй байлгахад гуравдугаар тун туйлын чухал. Хатуу хөл хорио тогтоож, бүх үсчин, барааны зах, бялдаржуулах клуб гээд бүгд хаалттай байсан хугацааг бид мартаж болохгүй.