СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэтгэл санааны гүн хямралд орсон үедээ нярай хүүхдийнхээ амь насыг хороожээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэтгэл санааны гүн хямралд орсон үедээ нярай хүүхдийнхээ амь насыг хороожээ

Өнгөрөгч 2019 оны арван хоёрдугаар сард иргэн Б сэтгэл санааны гүн хямралтай байх үедээ шөнө гэртээ нярай хүүхдийнхээ аминд хүрсэн хэрэг гарч шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Иймд бид ард иргэдэд болзошгүй аюулаас сэргийлж, дор бүрнээ ухамсартай байлгахыг сануулах үүднээс тус мэдээллийг нийтэлж байна.

-ХЭРЭГТЭН ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ МЭРГЭЖИЛТЭЙ БАЙЖЭЭ-

Тодруулбал, хэрэгтэн Б нь сэтгэл санааны гүн хямралд орох болсон шалтгаан нь түүний нөхөр түүнээс сална гэх шалтгааны улмаас цочролд орж хямарсан байна.

Эх сурвалжийн мэдээллээр, “Хэрэгтэн Б нь тухайн үедээ нэг нас гаруй насны хүүхэдтэй, нөхөр нь гадаад ажилладаг байсан. Нөхрийгөө гадаадад байх хугацаанд жирэмсэлсэн тул хямралд орж, төрүүлэх эсэхээ мэдэхгүй байх шиг байсан. Нөхөр нь гадаадад ажиллаж тэндээ бүр амьдрахаар шийдээд сална гэхэд цочирдож ийм шийдэлд хүрсэн байж болзошгүй. Тэрбээр цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Тухайн үед гэрт нь бие нь тавгүйрхээд ариун цэврийн өрөө ортол хүүхэд төрчихсөн. Ямар ч дуугүй байсан тул амьгүй байна гэж бодоод уутанд хийсэн. Бие нь сульдсан болохоор эмнэлэг дуудах сөхөө байгаагүй байж болзошгүй ” гэсэн юм.

Мөн хэрэгтэн эмчийн хяналтад огт ороогүй бөгөөд абортод орох эмнэлэг хайж байсан ч ороогүй хэргийг хүндрүүлсэн гэжээ.

Мөн хэргийн гэрч байж болзошгүй иргэн, “Хогийн бункер рүү ороход ногоон гялгар ууттай, гаднаасаа харахад цувдай мах шиг зүйл байсан. Таягаараа торыг нь цоолж үзэхэд хүүхдийн цогцос байсан. Тохойн чинээ хүүхэд байсан. Тухайн үед ямар нь энд хүүхэд хаячхав гэж маш их цочирдож балмагдсан” гэх утга бүхий зүйл мэдүүлсэн гэжээ.

-НЯРАЙ ХҮҮХЭД ТАСАЛГААНЫ ХЭМД Ч ОСГОЖ НАС БАРАХ БОЛОМЖТОЙ-

Тус хэргийг шүүх шинжээчийн зүгээс үзэхдээ, “Нярай амьд төрсөн ба нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгож нас барсан байна. Мөн эхийн хэвлийд 10 cap хугацаа бүрэн тээгдсэн, хөгжил гүйцэт. Дөнгөж төрсөн нярай нь арьсны өөхөн давхарга багатай тул маш хурдан дулаан алддаг. Өөрөөр хэлбэл тасалгааны хэмд ч гэсэн осгож нас барах боломжтой байдаг” гэжээ.

Иймд шүүх сэтгэц эмгэг судлалын хүрээлэнгээс хэрэгтэн Б-г сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, гэмт үйлдлээ хариуцах чадвартай байна гэж үзсэн тул шүүхээс түүнийг сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн ял оноожээ.