Улсын начин Ө.Батзул агсны амь насыг хохироосон хэргээр 2 жилийн хорих ял сонссон Ц.Отгонбат гэм буруугаа хүлээн зөвшөөрч, давж заалдсангүй

Улсын начин Ө.Батзул агсны амь насыг хохироосон хэргээр 2 жилийн хорих ял сонссон Ц.Отгонбат гэм буруугаа хүлээн зөвшөөрч, давж заалдсангүй

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин Ө.Батзул агсны амь нас хохирсон ослын хэрэгт буруутгагдсан жолооч Ц.Отгонбатад анхан шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон билээ. 

Тодруулбал, шүүгдэгч Ц.Отгонбат нь “2024 оны долдугаар сарын 30-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр “Зэгстэйн даваа” орчимд Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн авто зам дээр “Mitsubishi Canter” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Улсын начин Ө.Батзул нас барсан бол Mitsubishi Canter маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.Хангалын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байдаг.

Тус хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийг хэлэлцээд шүүгдэгч  Ц.Отгонбатыг "Ө.Батзул агсны амь насаа алдсан зам тээврийн хэрэгт гэм буруутай" хэмээн тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 6 жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хорих ял оноож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. 

Тэгвэл Улсын начин Ө.Батзул агсны амь нас хохирсон зам тээврийн ослын хэрэгт анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон Ц.Отгонбат нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаагүй байна.

Тэрбээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Ө.Батзул агсны амь насыг хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, талийгаач Ө.Батзул агнсы гэр бүлд гэм хорын хохирол болох оршуулгын зардал, машины үнэлгээгээр тогтоогдсон төлбөр, сэтгэл санааны хохирол зэрэгт шүүхээс тогтоосон 102 сая 536 мянга 100 төгрөгийг төлж барагдуулжээ. Иймд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримтлан бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлд оруулахгүй байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ.