С.Амарсайхан: Халдвар өссөөр байвал хөл хорио тогтоохоос өөр аргагүй

С.Амарсайхан: Халдвар өссөөр байвал хөл хорио тогтоохоос өөр аргагүй

УИХ-ын Түр хорооны гишүүд УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж байна.

Энэ үеэр Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, "Вакцины дархлаа тогтоох, эрсдлийн судалгаа хийгдэж байгаа. Дотоодын судалгаан дээр үндэслэж гаргана. Халдвар тархалтын эрчимтэй өсч байгаа үед авах гол арга хэмжээ нь вакцин. Анх улсын хэмжээнд ковидийн халдвартай хүмүүсийг хүлээж авах 1000 ор бэлдсэн байсан бол сүүлийн тоогоор 13500 өвчтөнийг хүлээн авч эмчилж байна. Ор нэмэгдүүлж хүлээж авч болох ч өвчтөнийг эмчилж байгаа эмнэлгийн ажилтнуудын орон тоо дутагдаж байгаа. Дотооддоо дархлааг дэмжих биобэлдмэлийн үйлдвэрлэлийн газрыг ажиллуулж байна. НЭМТ-ийн био бэлдмэлийн төвийн үйл ажиллагааг сэргээж,  халдварын эсрэг тунгийн үйлдвэрлэлийг долдугаар сарын дундаас гаргаж эхэлнэ. Халдварын тархалт хурдтай өсөх тусам хүч, нөөц бололцоо шавхагдана. Тийм учраас вакциныг эрчимжүүлэх шаардлагатай" хэмээв. 

 

Мөн тэрээр "Засгийн газар хатуу хөл хорио тогтоохгүй байх бодлого баримталсан ч эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна. Бид өдөр хоногоор шийдэх гэж оролдож байгаа ч халдвар буурахгүй байна. Иймд хөл хорио тавихаас өөр аргагүй нөхцөлд орно. 16 мянган эмч улаан шугамд ажиллаж байна. Нийслэл 1.5 сая хүн амтай. Халдвар өссөөр байвал хөл хорио тогтоохоос өөр аргагүй. Амралтуудыг нээсэн ч гэр бүлээрээ биш хамт олноороо найз нөхдөөрөө үйлчлүүлж дэглэмээ барихгүй байна. Иргэд, ААН-үүд өөрсдөө дүрмээ мөрдөхгүй байна" гэв.   

 УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, "Халдварын тархалт зургадугаар сараас буурна гэсэн. Эрчимтэй тархалтын үед явж байна. Одоо долдугаар сард хүүхдүүдээ вакцинжуулвал сүргийн дархлаа тогтоно гэж байна. Гэтэл хүүхдүүдэд вакцин тариулах нь сөрөг талтай юу гэсэн эцэг эхчүүдийн болгоомжлол байна. Хөнгөлөлттэй эмийн жагсаалт руу ковидийн эсрэг эмийг оруулмаар байна. "Арбидол"-ийг 43-45 хувиар нэмж зарсан нь тогтоогдсон. Халдварын тоо 3000 хүрвэл хатуу хөл хорио тогтооно гэж яриад байна. Өнөөдөр хоолны газрыг хаасан байгаа. Тиймээс хэсэгчлэн хөл хорих нь зөв болов уу гэж бодож байна" гэсэн. 

Харин УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг, "Манай улсад 12-17 насны 290 мянган хүүхэд бий. Тэднийг вакцинжуулах шаардлагатай. Ингэснээр нийт хүүхдүүдийнхээ 66 хувийг вакцинжуулна. Одоогийн байдлаар 16-17 насны 3246 хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ.

Тавдугаар сараас хойш улсын хилийг үе шаттай нээсэн. Буянт-Ухаа, Алтанбулаг, Замын-Үүдийн боомтоор зорчигч нэвтрүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Нислэгээ нэмэгдүүлэх авиа компаниуд байна. Одоо нийслэлд 31 зочид буудалд иргэдийг тусгаарласан. Онгоцны  буудалд буусан иргэдээс асуумж авч, бүрэн тунгаа хийлгээд 14 хоносон, өвчлөөд эдгэсэн бол шууд гэрт нь хариулж байна. Бусад тохиолдолд долоо хоног тусгаарлана. Гадаад орчны эрсдэл өндөр байгаа тул нислэгийг нэмэх боломжгүй байна. Өнгөрсөн сард 3000 орчим иргэнийг татан авсан. Энэ сард 16 нислэгээр 4000 орчим иргэнийг авчирлаа. Тэдний 85 хувийг монгол иргэд эзэлж байна" гэсэн юм.