Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл харилцан зөвшилцөлд хүрч, хүүхдүүдийн сурах эрхийг зөрчихгүй байхыг ХЭҮК-оос санууллаа

Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл харилцан зөвшилцөлд хүрч, хүүхдүүдийн сурах эрхийг зөрчихгүй байхыг ХЭҮК-оос санууллаа

Төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиуд болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж буй багш, ажилчид цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж ажил хаялт зарлаад байгаа билээ. 

Тэгвэл ХЭҮК-оос хүүхдүүдийн сурах эрхийг зөрчихгүй байхыг санууллаа. Тодруулбал Хүний эрхийн үндэсний комиссоос "Аравдугаар сарын 27-ны өдөр сурагчдын танхимын сургалт эхэлнэ. Гэтэл Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл багш нарын цалин нэмэх асуудлаар зөвшилцөлд хүрэлгүй өнөөдрийг хүрлээ. ХЭҮК талуудыг яаралтай харилцан зөвшилцөлд хүрч, хүүхдүүдийн сурах эрхийг зөрчихгүй байхыг сануулж байна. Багш нарын ажил хаялт нь зөвхөн улсын сургууль, цэцэрлэгийг хамарч байгаа тул боловсролын тэгш бус байдал бий болохоос урьдчилан сэргийлнэ үү" хэмээн хууль сануулжээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 7 дахь заалтад “хүн бүр сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэж хүүхдийн сурах эрхийг баталгаажуулсан.  Төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангаж, хүүхдийн сурч боловсрох эрхийг дэмжин хүндэтгэх үүрэгтэй болохыг Хүүхдийн эрхийн тухай конвенцод заасан байдгийг сануулж байна.