Энэ сарын 09-ны өдөр болсон сонгуульд У.Хүрэлсүх ялалт байгуулсан тул, тэрээр энэ сарын 25-ны өдөр буюу ирэх Баасан гарагт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг”-аа өргөх гэж байна. Ийм У.Хүрэлсүх тангараг өргөснөөр Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрх дуусгавар болох юм.
-ОДОО МӨРДӨГДӨЖ БУЙ ХУУЛИАР Х.БАТТУЛГА НАСАН ТУРШДАА СУЛ ЦАЛИН АВЧ, 3 ЖИЛ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙНА-
Учир нь, Үндсэн хуулийн 33.1-д “Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно” гэж заажээ.Тэгвэл бүрэн эрхийн хугацаа нь дуусах Х.Баттулга одоо мөрдөгдөж буй “Ерөнхийлөгчийн тухай хууль”-ийн дагуу Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх сул цалин насан туршдаа авч, гурван жилийн хугацаанд гуравдугаар зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад байх ажээ.
Тодруулбал, 16.6-д Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссанаас эхлэн Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх сул цалин насан турш авч, 3 жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй” гэж заажээ.
-ХУУЛЬ БАТЛАГДВАЛ Х.БАТТУЛГА 5 ЖИЛИЙН ХУГАЦААНД УЛС ТӨРИЙН НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛЭЭ СЭРГЭЭХГҮЙ БОЛ, ГАДААДАД АМЬДРАХЫГ ХОРИГЛОНО-
Харин Хууль зүйн яамнаас боловсруулж, одоогоор хараахан батлагдаагүй байгаа “Ерөнхийлөгчийн тухай хууль”-ийн төсөлд Х.Баттулга (өмнө нь Ерөнхийлөгч байсан иргэд) ямар эрх эдэлж, хуулийн хязгаарлалтад захирагдах талаар тодорхой тусгажээ.
Хуулийн төсөлд:
- 23.1. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсхүл улс төрийн нам байгуулах, эсхүл улс төрийн намын гишүүнээр элсэхийг хориглоно.
- 23.2. Ерөнхийлөгч байсан иргэн гадаад улсад эмчлүүлэхээс бусад тохиолдолд гадаад улсад байнга оршин суух, амьдрахыг хориглоно.
- 23.3. Ерөнхийлөгч байсан иргэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд удирдах болон гүйцэтгэх албан тушаал, зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.
- 23.4. Ерөнхийлөгч байсан иргэн Монгол Улсын харьяатаас гарч, гадаад улсын харьяат болохыг хориглоно.
- 24.1. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссанаас эхлэн Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх цалин насан турш авна.
- 24.2. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн гурван жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, гуравдугаар зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй.
- 24.3. Ерөнхийлөгч байсан иргэн энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсны дараах хязгаарлалтыг зөрчсөн бол түүнд энэ хуулийн 24.1-д заасан цалин олгохыг зогсооно.
гэж хуулийн төсөлд тусгажээ.