ФОТО: У.Хүрэлсүхэд зориулах “ЦЭРГИЙН ПАРАД”-нд оролцох алба хаагчид “жагсаалын бэлтгэл” хангаж байна

ФОТО: У.Хүрэлсүхэд зориулах “ЦЭРГИЙН ПАРАД”-нд оролцох алба хаагчид “жагсаалын бэлтгэл” хангаж байна

Батлан хамгаалахын их сургуулийн гадаах талбайд цэргийн дүрэмт хувцас өмссөн хэдэн зуун залуус өдөр, шөнөгүй “жагсаалын бэлтгэл” хийж байна. Биднийг очсон бороотой өдөр ч /2021.06.17/ тэдний бэлтгэл үргэлжилж байв.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус жагсаалын бэлтгэлийг зургадугаар сарын 2-оос хойш хийж байгаа бөгөөд 3000 гаруй цэргийн алба хаагч /Улаанбаатар цэргийн хүрээний Хүндэт харуул, Дотоод хэргийн их сургуулийн сонсогчид зэрэг/ оролцож байгаа аж. Чухам юунд зориулж, хэний төлөө халдварын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед олон аавын хөвгүүдийг нэг дор цуглуулан, эрсдэлд оруулж, халуун нар, усан бороонд жагсааж буй нь сонин.

Батлан хамгаалахын их сургуулийн гадаах талбай. 2021.06.17

-“У.ХҮРЭЛСҮХЭД ЗОРИУЛСАН” ЖАГСААЛЫН БЭЛТГЭЛ
ХИЙЛГЭЖ БАЙНА УУ-

Засгийн газар, УОК бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. Энэ хугацаанд хязгаарлах үйл ажиллагаанд жагсаал, цуглаан, уралдаан, тэмцээн зэрэг үйл ажиллагаа багтана. Гэтэл энэ хязгаарлалт эрх мэдэлтнүүдэд үйлчилдэггүй гэдгийг бид өнгөрсөн хугацаанд олон харсан. Тэгвэл удахгүй дахин харах гэж байна.

Тодруулбал, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” тогтоолыг Лхагва гарагт /2021.06.16/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжихдээ хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Үүний нэг нь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан “цэргийн парад”-ыг Д.Сүхбаатарын талбайд явуулахаар тусгасан нь байв. 

Өөрөөр хэлбэл, дээр дурдсан цэргийн жагсаалын бэлтгэлийг “Ардын хувьсгалын 100 жилийн ойн Цэргийн ёслолын бэлтгэл” гэх нэрийн дор Ерөнхийлөгчийн тангараг өргөх У.Хүрэлсүхийн ёслолд зориулан хийж байж болзошгүй байна.

Учир нь Зэвсэгт хүчний жанжин штабаас өгсөн мэдээлэлд “Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа УИХ болон ард түмэнд хандаж үг хэлнэ. Үүний дараа Д.Сүхбаатарын талбайд цэргийн парад болно. Цэргийн парадад Зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн оролцоно. Парадад оролцох цэргийн албан хаагч нар бэлтгэлдээ гарсан. Үндэсний батлан хамгаалахын их сургуульд бэлтгэл сургуулилалт явагдаж байгаа. Цэргийн парадад оролцох цэргийн албан хаагч нарын тоог хэлэх боломжгүй” гэжээ. 

Батлан хамгаалахын их сургуулийн гадаах талбай. 2021.06.17

-ЖАГСААЛД МОРЬТ ЦЭРЭГ, БАЙЛДААНЫ НИСДЭГ
ТЭРЭГ ОРОЛЦУУЛНА-

Зэвсэгт хүчний “Соёмбо” сонинд гарсан мэдээллээр Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр төв талбайд болох “Цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлд 37 салбарын 3,200 цэргийн алба хаагч оролцоно гэжээ. Мөн морьт цэргийн гурван салбар оролцуулахаар төлөвлөж, морьдыг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас татаж буй аж. Цэргийн техникийн ёслолын жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд болон Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд дугуйт, гинжит техник гэсэн ялгавартайгаар тус тус зохион байгуулна. Одоогийн байдлаар нэгдсэн бэлтгэлийг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд эхлүүлсэн бөгөөд байлдааны нисдэг тэрэг оролцуулахаар төлөвлөсөн гэжээ.

Батлан хамгаалахын их сургуулийн гадаах талбай. 2021.06.17

-АРДЧИЛСАН ГЭХ МОНГОЛ УЛС КОММУНИСТ
УХРАЛТ ХИЙСЭЭР-

Сонирхуулахад, коммунист дэглэмт орнууд томоохон арга хэмжээн дээр үргэлж цэргийн парад зохион байгуулдаг. Тухайлбал, Хойд Солонгос улс үүнийгээ “сүрт жагсаал” гэж нэрлэдэг. Хунта дэглэмт Мьянмарын арми ч аливаа баяр, арга хэмжээн дээр үргэлж цэргүүдээ жагсаадаг.

Харин Ардчилсан орны тэргүүнүүд “хүнээ бодсон” шийдвэрээр ялгарч байдаг. Жишээбэл, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн нэгдүгээр сард тангараг өргөх ёслолоо тусгаарлалтын дүрэм журмын дагуу хураангуй хэлбэрээр зохион байгуулсан юм. Үүгээр ч зогсохгүй цар тахлын нөхцөл байдлын улмаас цэргийн парадаас татгалзсан байдаг. Уламжлал ёсоор Ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх жагсаалыг үзэхээр хэдэн мянган Америкчууд Цагаан ордон хүрэх замд бөөгнөрдөг бол энэ жил цахим хэлбэрээр хийж, телевизүүд шууд дамжуулсан юм.  

Харин Монголд эсрэгээрээ. Сүүлийн гурван өдөр дараалан 24 цагт бүртгэгдэх коронавирусийн халдварын тоо 2 мянгыг давав. ЭМЯ-аас өдөр бүр иргэдийг олон хүн цугласан газар очихгүй байхыг, задгай талбайд 10-аас олон хүн цуглахгүй байхыг, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж, ухуулж байна.  Гэвч халдварын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед гурван мянган аавын хөвгүүдийг нэг дор цуглуулан жагсаалын бэлтгэл хийж буй нь хэний, бас юуны төлөө вэ? Ардын хувьсгалын 100 жилийн ой ч бай, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол ч бай дарга нарын хөлд эгэл ардын хөвгүүд “чирэгдэж”, эрсдэлд орох ёсгүй. Мөн УОК-оос гаргасан хууль, дүрэм зөвхөн энгийн иргэдэд үйлчилдэг, эрх баригчид уландаа гишгэдэг байх учиргүй.