Аймгуудын Засаг даргын тамгын газар "Соёлын хэлтэс"-тэй болно

Аймгуудын Засаг даргын тамгын газар "Соёлын хэлтэс"-тэй болно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай тогтоолд өөрчлөлт оруулав.

Тодруулбал, тогтоолын “Боловсрол, соёл урлагийн газар” гэснийг Боловсролын газар, Соёлын хэлтэс гэж өөрчилж, соёл урлагийн чиг үүргийг орон тоо, цалингийн сан, түүнд ногдох үйл ажиллагааны зардлын хамт шинээр байгуулах Соёлын хэлтэст холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шилжүүлж, үйл ажиллагааг нь хэвийн явуулах нөхцөлөөр хангахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Соёлын хэлтэс бий болсноор соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмж, хүн амыг бүх нийтийн соёлын боловсролоор дамжуулан соён гэгээрүүлэх, соёлын өвөө хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх төрийн соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

Мөн Архангай, Дархан-уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэнд, нийгмийн сэргээн засах цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх, тэдний хөгжлийг дэмжих чиг үүрэг бүхий “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах болов. Дээрх аймгуудад төвийн барилгын ажлыг эхлүүлж, ажиллах боловсон хүчнийг бэлтгэж байна. Төвүүдийн үйл ажиллагааг 2022 оноос эхлүүлэхээр төлөвлөжээ.

Засгийн газрын хуралдааны товч мэдээ:

  • Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 150 жилийн ойг 2021 онд тэмдэглэн өнгөрүүлэх ажлын багийн бүрэлдэхүүн, ажлын төлөвлөгөөг баталлаа.
  • Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
  • Монгол Улсын Засгийн газар, гадаад улсын Засгийн газартай байгуулсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажилагааны Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг хэлэлцэн батлав. Бүгд Найрамдах Сингапур Улс, Шинэ Зеланд Улс, Бүгд Найрамдах Эстони Улс, Бүгд Найрамдах Куба Улс болон Өмнөд Америкийн зарим улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын түвшний хамтарсан механизм байгуулах чиглэлд ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.