Б.Жавхлан: Дулаан, цахилгаан, хог, усны чөлөөлөлтийг дуусгаж хүүхдийн мөнгийг зогсоолгүйгээр төсөвтэй уялдуулж шийднэ

Б.Жавхлан: Дулаан, цахилгаан, хог, усны чөлөөлөлтийг дуусгаж хүүхдийн мөнгийг зогсоолгүйгээр төсөвтэй уялдуулж шийднэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. 

Сангийн сайд Б.Жавхлан "Монгол Улсын төсвийн орлого өнгөрсөн сарын 31-ны байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ нь Засгийн газраас хэрэгжүүлсэн эдийн засгийг сэргээх, өсөлтийг хангах, дэмжих бодлого үр дүнгээ өгч байгаагийн илрэл. Мөн Монгол Улсын экспортын гол түүхий эдийн үнэ төсвийн төсөөлөлд тусгаснаас илүү байгаа учраас сайнаар нөлөөлж байна. Засгийн газраас урт хугацаанд сунжирсан хатуу хөл хорио тогтоогоогүйн үр дүн мөн эдийн засагт сайнаар нөлөөлж байна. Тухайлбал, ebarimt нэгдсэн системд бүртгэлтэй байдаг аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын дүн өнгөрсөн сарын 31-ны байдлаар 32 их наяд төгрөг байгаа нь 2020 оны мөн үеийнхээс 25 хувь илүү байна. Энэ мэт эдийн засгийн бүхий л салбарт нааштай үзүүлэлт гарч байгаа” гэлээ.

Эдийн засгийн сэргэлтэд Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд тусгасан гурван төрлийн зээл ихээхэн нөлөөлж байгаа аж. Гурван төрлийн зээлийн хүүгийн зөрүүнд 95 тэрбум төгрөг зарцуулсан ч эргээд 150 тэрбум төгрөгийн НӨАТ-ын орлого орж ирсэн гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцлов. 

Энэ сарын 14-ний байдлаар Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийн хүрээнд нийт 17 785 зээлдэгчид 1 их наяд 313.8 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Үүнээс 3 512 аж ахуйн нэгж, 14,273 иргэний зээл байна. Үүнээс 7 162 нь Улаанбаатар, 10 623 нь орон нутгийн зээлдэгчид олгожээ. Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн хүрээнд 497.9 тэрбум төгрөгийг 2 326 зээлдэгчид олгосон. Үүнээс 1,378 аж ахуйн нэгж, 948 иргэн байна. Түүнчлэн 15 784 зээлдэгчид 207.4 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйг дэмжих зээл, 5 109 зээлдэгчид 379.5 тэрбум төгрөгийн  ипотекийн зээл олгоод байна.

Монгол Улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөсөн. Гэвч 28 сая тонныг гаргах төлөвтэй байгаа аж. Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хилийн боомтуудад онцгой анхаарч, экспортыг дэмжих болжээ" гэв.  Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Төсвийн тодотгол хийх шийдвэрийг танай бүлэг гаргасан. Өнөөдөр хэлэлцсэн үү?

-Бид тодотгол хийх хуультай. Гэнэт сэтгэл хөдлөлөөр тодотгол хийж болохгүй. Тодотгол хийх таван нөхцөл байдаг. Тодотгол хийх нөхцөл үүсээгүй. Долдугаар сарын 1-нд үйлчлэл нь дуусч байгаа эдийн засгийн дэмжлэгүүд байгаа. Алийг нь цааш үргэлжлүүлэх вэ гэдгээс хамаараад төсөвт тодотгол хийх эсэх шийдвэрийг гаргана. Зардлаа нэмэх гэж төсөвт тодотгол хийдэггүй. Хүүхдийн мөнгийг зогсоох уу, төсөв ямар хэмжээний ачаалал аваад үргэлжлүүлэх вэ гэдэг шийдвэрээ ойрын хугацаанд гарна. Төсвийн сүүлийн хагас жилийн төсөөллөө зөв тооцох ёстой. Төсвийн дааж чадах хэмжээнд шийдвэрүүдээ гаргаад явна. Дулаан, цахилгаан, хог, усны чөлөөлөлтийг дуусгах, харин хүүхдийн мөнгийг зогсоолгүйгээр төсвийн боломжтойгоо уялдуулж шийдвэрээ гаргана.

-Танай бүлэг наадмаас өмнө төсөвт тодотгол хийнэ гэсэн. Харин та хийх шаардлага үүсээгүй гэж байна. Энэ байр сууриа бүлэг дээрээ илэрхийлсэн үү?

-Төсвийн тодотгол хийх шаардлагатай эсэхийг бид судалж байна. Хараахан эцэслэж шийдээгүй байна. Төсвийн шинэчлэлийн хүрээнд 2021 онд тавигдсан хэрнэ тендер нь зарлагдаагүй, зардал нь шийдэгдээгүй 61 төсөл арга хэмжээ байгаа. Эдгээрийг зогсоох асуудлыг Засгийн газар дээр ярьж байна.

-Наадмын төсвийн талаар мэдээлэл өгнө үү? 

-Аймаг, сумууд наадам хийхгүй. Улсын баяр наадмыг цахимаар зохион байгуулна. Гэхдээ Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмаас тусдаа. 20 тэрбумын төсөвтэй.