М.Дөлгөөн: Эмч нар нь “цалингүй ажиллаж байна” гээд халдвартай иргэдээ тоохгүй, коридорт жирэмсэн эмэгтэй ч хэвтэж байна

М.Дөлгөөн: Эмч нар нь “цалингүй ажиллаж байна” гээд халдвартай иргэдээ тоохгүй, коридорт жирэмсэн эмэгтэй ч хэвтэж байна

Коронавирусийн халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж, тэр хэмжээгээр эмнэлгийн ачаалал “хүндэрч” байна. Тэгвэл Яармагийн 300 ортой эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэн бидэнд хандаж нөхцөл байдал ямар байгаа талаар ярилаа.

Түүний хувьд өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр 70 гаруй настай эмээгийнхээ хамтаар тус эмнэлэгт ирсэн бөгөөд одоо эмээгийнх нь бие тун тааруу байгаа юм.

-ТА НАР ЭМЭЭГ ГАЙГҮЙ БАЙНА ГЭЖ ХЭЛСЭН ШҮҮ ДЭЭ. ЯАГААД СЭХЭЭНД ОРУУЛЖ БАЙГАА ЮМ ГЭТЭЛ НЭГ ЭМЧ НАМАЙГ ЦОХИСНОО “ГЭРТ ЧИНЬ ГАРГАЧИХНА ШҮҮ” ГЭСЭН-

-Та эмээтэйгээ хамт Яармагийн 300 ортой эмнэлэгт хэвтэж байгаа юм байна. Тус эмнэлэгт ирээд хэд хонож байна вэ?

-Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр эмээгийн маань бие өвдөж эхэлсэн. Бид өрх болон дүүргийн эмнэлэгтээ хандахад “Ковид биш байна. Хөгшин настай хүн хаврын ядаргаанд орж, хууч өвчин нь сэдэрсэн байна” гэсэн. Ингээд эмээгээ эмнэлэгт хэвтүүлье гэсэн ч авах улсын эмнэлэг олдоогүй. Бие нь улам муудаж байсан учраас бид хувийн эмнэлэгт хэвтүүлсэн.

Гэтэл гэнэт миний бие өвдөж, халуурч эхэлсэн учраас тавдугаар сарын 26-ны өдөр PCR өгтөл 27-ны өдөр эерэг гарсан. Энэ тухай эмээгийнхээ хэвтэж байсан эмнэлэгт хэлтэл шууд л хөөгөөд гаргачихсан.

Ингээд эмээтэйгээ хамт гэртээ тусгаарлагдаж эхэлсэн юм. Эмээгийн маань бие муудаж эхэлсэн учраас би шуурхай штаб, ХӨСҮТ, дүүрэг, өрх гээд бүхий л газар руу залгасан. Тавдугаар сарын 28-ны өглөө өрхөөс ирж эмээгээс түргэвчилсэн шинжилгээ авахад эерэг гарсан. Тухайн үед эмээгийн бие сайнгүй байсан учраас “эмнэлэг бараадмаар байна” гэж гуйсан юм. Ингээд үдээс хойш өрхөөс бид хоёрыг ирж аваад, Яармагийн 300 ортой эмнэлт хүргэж өгсөн.

-Тавдугаар сарын сүүл үед өдөрт бүртгэгдэх халдварын тоо 800-900-ийн хооронд хэлбэлзэж байсан шүү дээ. Тухайн үед эмнэлгийн ачаалал хэр байсан бэ?

-Эхэндээ бид эмнэлэгт ирж чадлаа гэж маш их баярлаж байлаа. Эмнэлгийн бараа харчихсан юм чинь эмээгээ эдгэрээд гарна гэж итгэсэн.  Тухайн үед эмээ маань халуунтай, бие нь сайнгүй байсан. Гэтэл нацилк байхгүй гэж дөрвөн давхар руу алхуулсан. Эмээгийн бие нь өвдөж байсан ч таягаа тулсаар дөрвөн давхарт арайхийн гарсан. Лифт нь зүгээр ажиллаж байхад шүү дээ. Дөрвөн давхарт гартал шууд “өрөө байхгүй, коридорт хэвт” гэсэн.

Эмээ маань халуурч байсан учраас “яаж коридорт хэвтүүлэхэв” гээд удалгүй өрөөнд оруулсан.

Ер нь энэ эмнэлэгт хүмүүс ирээд эхэндээ коридорт хэвтдэг. Хүн эдгэрч гарвал сул болсон өрөөнд орох боломжтой болдог юм байна лээ. Өчигдөр гэхэд л жирэмсэн эмэгтэй коридорт хэвтэж байсан.  

-Одоо эмээгийн тань бие хэр байгаа вэ. Эмчилгээгээ хийлгэж дээрдсэн үү?

-Эмнэлэгт хэвтсэний маргааш өглөө буюу тавдугаар сарын 29-ний өдөр бид хоёроос шинжилгээ авч, рентгенд хартал би зүгээр, харин эмээг хатгаатай байна гэсэн. 30-ны өдөр үзээд “цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ маш бага байна” гэсэн. Ингээд зөөврийн хүчилтөрөгчийн машин авч ирээд “салгаж болохгүй шүү” гээд явсан.

Гэтэл эмээ маань хоол идэж чадахгүй, маш их гүйлгэж нүдний өмнө бие нь илт дордож эхэлсэн.

Тэр өдрөө "сэхээний мундаг эмч" гээд нэг эрэгтэй эмч эмээг чагнаж үзээд “Гайгүй байна. Таныг нь тасагт нь” эмчилнэ гэж хэлсэн. Уг нь тэрнээс өмнө өөр эмч нар эмээг үзээд “эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлье” гэж байсан юм. Гэвч бие нь сайжрахгүй байсаар зургадугаар сарын 1-ний өдөр эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн. Би олон шөнө эмээгээ сахиж, нойргүй хоносоор сүүлдээ ухаан алдаж унасан юм. Гэтэл тэр өдөр эмээг маань сэхээний өрөөнд оруулчихсан байсан. Би “та нар эмээг маань гайгүй байна гэж хэлсэн шүү дээ. Яагаад сэхээнд оруулж байгаа юм бэ” гэхэд нэг эмч намайг цохисноо “чамайг гэрт чинь гаргачихна шүү” гэж хэлсэн. Би ч тоогоогүй. Эмээг минь эмчилж байгаа шүү дээ гээд тоолгүй өнгөрсөн.

-КОРОНАВИРУС ГАРААД БҮТЭН ЖИЛ БОЛЖ БАЙХАД ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЦЭГЦРЭЭГҮЙ, АЙМШИГТАЙ БАЙНА-

-Эмч, сувилагч нарын харьцаа хэр байдаг вэ. Цохисон гэхээр байж боломгүй үйлдэл мэт санагдлаа?

-Энд хэвтэж байгаа өвчтөнүүд болон сахиурууд бүгд л эмч, сувилагч нарыг маш хүнд нөхцөл байдалд, цөөхүүлээ ажиллаж байгаа учраас ая, эвийг нь олохыг хичээдэг. Гэсэн ч ямар нэгэн энгийн шаардлага тавихад л “бид нар цалингүй ажиллаж байна” гэж хэлдэг. Үнэхээр цалингүй ажиллуулж байхад нь янз бүрийн шаардлага тавих нүүргүй гэж бодож ойлгохыг хичээж ирсэн. Гэвч тэд тангараг өргөсөн эмч, эмнэлгийн ажилтан. “Цалин өгөхгүй байна” гээд өвчтөнөө анхаарахгүй байж болохгүй шүү дээ.

-Өвчтөнөө анхаарахгүй байна гэхээр эмээд тань шаардлагатай эмчилгээг хийхгүй байгаа хэрэг үү?

-Суурь өвчтэй болон ахмад настай хүмүүс ковидоор хүнд өвчилдөг гэсэн учраас би байнга шалгаж байсан. Энэ хугацаанд эмээд ганц нэг дусал, цагийн тариа хийж байсан. Эмчилгээ нь тэр байх. Би өөрөө энгийн тасагт хэвтэж байгаа. Сэхээний тасагт эмээгээ шалгах гээд очтол “битгий орж ир” гэж загнадаг. Тэгэхээр нь сахиур оруулахгүй байгаа болохоор эмээг маань харж хандах байх гэж бодсон. Гэтэл эргээд эмээгээ шалгах гээд ороход ялгадас нь гараад хатчихсан байсан. Эмээ маань удаан хэвтсэн болохоор ахар сүүлний хэсэгт нь цооролт үүссэн.

Тэр цооролт руу нь хүртэл өтгөн нь ороод хатчихсан байсан. Эмчилгээний шинэ ээлж ирсэн болохоор аль болох ойлгохыг хичээсэн ч өнөөдөр юу ч өөрчлөгдөөгүй. Орой гэхэд энэ байдал дахиад л давтагдсан. Би эмч, сувилагчид очоод “эмээ маань ийм байдалд байна. Надад туслаач. Би ганцаараа дийлэхгүй байна” гэтэл нэг нь шууд л “би доошоо буулаа” гээд явчихсан. Хажууд байсан эмэгтэй нь утсаар яриад л инээгээд байсан. Эмч, сувилагчийн зүгээс “өвчтөн их бие засна шүү, пампарс, бээлий авч ирээрэй” гэж юу ч хэлээгүй. Би эмч биш учраас тэр болгон мэдэхгүй шүү дээ. Хэрэв тэгж хэлсэн бол гэрээсээ захиад авчруулж болох байсан. Би бээлий дуусчихсан учраас эмч, сувилагчдаас "надад нэг бээлий өгөөч" гэтэл "байхгүй" гээд өгөөгүй. Аргагүйн эрхэнд шал угаадаг улаан бээлий өмсөж байгаад эмээгийнхээ ялгадсыг цэвэрлэсэн.

-Эмээ тань энэ хугацаанд ухаан орсон уу?

-Амьсгалын аппаратад ороод нэлээн хэд хонож байна. Гэтэл найдвар байхгүй, олон эрхтний дутагдалд орсон гэж хэлсэн. Бас ДЭМБ-аас жирэмсэн эхчүүдийг илүү анхаар гэдэг зөвлөмж өгч байгаа гэдэг тайлбар хэлсэн. Энэ эмнэлэг “Эх нялхас-2” гэж явдаг юм байна лээ. Хэрэв эмнэлгээ сонгож болдог байсан бол би ХӨСҮТ-д очих байсан. Сэхээний тасагт мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний эмч нар ажиллах ёстой. Гэтэл энд сэхээний тасагт хүүхдийн бас эх барих эмч нар ажиллаж байна. Байдал ийм л байна. Эмээ маань маш их хавантай, үрэвсэлтэй, энд тэндээ судсаа хагалуулчихсан байдалтай хүн харахад нүд халтирам байдалтай байгаа. Дээрээс нь эмч сувилагч нар ингэж хандахад надад маш их хэцүү байна.

Анх эмээ бид хоёрыг хэвтэхэд өдөрт 500, 600 гаруй тохиолдол илэрч байсан. Тэр үед ачаалал бага байхад эмээд маань анхаарал тавьсан бол бие нь ингэж дордохгүй байсан гэж бодож байна.

Би эмч, сувилагч нарт бүх бурууг өгөх гээд байгаа юм биш. Олон цаг битүү хувцастай цаг наргүй, цалингүй ажиллаж байгааг нь ойлгож байна. Коронавирус гараад бүтэн жил болж байхад яагаад эмнэлгийн үйл ажиллагаа цэгцрээгүй, ийм аймшигтай байгааг ойлгохгүй байна. Бид ажил хийж хөдөлмөрлөж, татвар төлдөг. Гэтэл ковид авлаа гэхэд эргээд ямар ч тусламж үйлчилгээ авч чадахгүй байна. Яагаад гуравхан сая хүндээ ядаж ковидын тусламж үйлчилгээг хангалттай сайн үзүүлж чадахгүй байгаа юм бол гэж бодож үнэхээр гутарч байна.