Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 8 дугаар сарын 23-ны Бямба гарагт нийслэлийн Хан Уул дүүргийн 16 дугаар хороонд баригдсан 181 дүгээр бага сургууль, 356 дугаар цэцэрлэгийн цогцолборын барилгатай танилцаж, боловсролын салбарын 2025-2026 оны хичээлийн жилийн болон намар, өвлийн бэлтгэл арга хэмжээний явцын мэдээллийг сонслоо.
Боловсролын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 472,7 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 328 төсөл, арга хэмжээ он дамжин хэрэгжиж байна. Үүнээс хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын 54 барилга байгууламж ондоо багтаж ашиглалтад орох бөгөөд энэ 8 дугаар сарын байдлаар
- 3430 хүүхдийн хүчин чадалтай 7 сургууль
- 400 хүүхдийн хүчин чадалтай 5 цэцэрлэг
- 280 хүүхдийн хүчин чадалтай 1 цогцолбор
- 270 хүүхдийн хүчин чадалтай 2 дотуур байр
- 3 спорт заал тус тус ашиглалтад ороод байна.
Үүний зэрэгцээ төсөл хөтөлбөр, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд баригдаж ашиглалтад орох хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 45 барилга байгууламж байна. Энэ 8 дугаар сарын байдлаар:
- 550 хүүхдийн хүчин чадалтай 4 цэцэрлэг
- 1400 хүүхдийн хүчин чадалтай 5 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороод байгаа юм.
Дээрх барилга байгууламжуудад үйл ажиллагаа явуулах хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын сургалт, үйл ажиллагааг хэвийн явуулахад 19,3 тэрбум төгрөгийн ширээ сандал, тавилга, тоног төхөөрөмж шаардлагатай бөгөөд Ерөнхий сайд нөхцөл байдлын мэдээллийг сонсож, Боловсролын яам болон нийслэлийн удирдлагуудад хугацаатай үүрэг чиглэл өглөө. Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу энэ 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаас холбогдох шийдвэрүүд гарах юм.