О.Чулуунбилэг: Монголчуудаа Венусуэлийн хомсдолын коммунизмд тавтай морил л гэж хэлье

О.Чулуунбилэг: Монголчуудаа Венусуэлийн хомсдолын коммунизмд тавтай морил л гэж хэлье

Ардчилсан намын гишүүн, улс төр судлаач О.Чулуунбилэгтэй Ерөнхийлөгчийн сонгууль тойрсон сэдвээр ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарлаа. АН-аас нэр дэвшигч зургаан хувийн санал авлаа. Ардчилсан нам гишүүд дэмжигчдийнхээ саналыг ч бүрэн цуглуулж чадсангүй. Ийм үр дүнг хэрхэн хүлээж авсан бэ?

-Сонгуулийн хугацаанд судалгааны дүнгүүдийг харж байсан учраас огцом цочиж хүлээж аваагүй. Ерөнхийлөгчийн сонгууль бол улс төрийн нам нэр дэвшүүлдэг боловч хувь лидерийн сонгууль байдагаараа онцлог. С.Эрдэнэ дарга нэр дэвшүүлсэн нам нь дотроо багадаа гурав хагарчихсан, хөрөнгө санхүүгийн нөөцгүй, эрх баригч намын хуульчилсан дарангуйлалтай тэмцлээ.

-Ардчилсан намаас сонгуулийн маргааш үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай, МАН төрийн аппаратыг ашиглаж, төсвийн мөнгөөр сонгогч нарын саналыг худалдаад авчихлаа гэх утга бүхий мэдэгдэл хийсэн. Энэ нь зүй ёсны мэдэгдэл байж болох энэ удаагийн ялагдал АН-ын удирдлагуудын шөргөлцөөн, хуваагдлаас үүдэлтэй байв уу гэж харагддаг. Үүнд ямар дүгнэлт өгөх вэ?

-Ялагдалд олон шалтгаан бий. Сонгуулийн дараа мэргэн цэцэн хүмүүс ч илт олширдог. Ялагдлын үндсэн шалтгаан нь 2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхсайхныг нэр дэвшүүлээд соц декүүд эсрэг ажилласан, сонин, сурталчилгааны материалыг нь тараахгүй, эрх баригчдад худалдагдсантай яг ижил түүх давтагдлаа. Зүүнтнүүд, экс соц декүүд цагаан сонголт уриалсаныг бүгд харлаа. Чи Н.Алтанхуяг даргын цагаан сонголт хийгээрэй гэсэн лайвыг үзээ байлгүй. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулийн АН-ын ерөнхий мэнэжэр байсан хүн шүү дээ. Бүхнийг төсвийн мөнгөөр худалдаж авах нь эрх баригчдын стратеги байлаа.

АН доторх энэ зөрчил үзэл санааны зөрчил болохоор цаашид соц дек, либерал гэдгээрээ хатуу хуваагдаад үргэлжилэх болов уу. 2000 онд таван том нам нэгдэхэд либералууд, консервтивүүд, соц декүүд, шашинтнууд гэдэг өөр өөр үзэл бодолтой намууд нэгдсэний сөрөг тал нь өнөөдөр гарч байна. Сонгуулийн дараачаас Э.Бат-Үүл даргаас эхлээд 2000 оны нэгдэл шиг дахиад үхрийн бөөр шиг алаг үзэл санаатай нэгдэл яриад эхэлсэн байна лээ. Бид өмнөх алдаагаа давтах ёсгүй.

-Тэгэхээр та  ардчилалын төлөөх намууд нэгдэх ёсгүй гэж үзэж байна уу?

-Нэгдэх, эвсэх хоёр маш том  зарчмын ялгаатай. Бидний ахмад үеийнхэнд амжилттай хэрэгжүүлсэн туршлага байдаг нь  МАН-ын эсрэг бусад намуудын нэгдсэн фронт байгуулж байж ялдаг. 1996 оны “Ардчилсан Холбоо” эсвэл, 2012 онд Шударга Ёс эвсэл байж ардчилсан хүчин засаг барьж чадсан. Сул тал нь үзэл санааны бат холбоос байхгүй учраас засаг аваад намын хэрүүл нь төрийн хэрүүл болдог.

-Сонгуулийн үр дүн нэгэнт гарч, одоо ямар ч маргаан мэтгэлцээнээр сонгуулийн үр дүнг өөрчлөхөөс өнгөрсөн болов уу гэж харж байна. Хамгийн гол нь АН өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийх, учраа ололцох, олон мянган гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг сэргээх зэрэг дотогшоо чиглэсэн алхамуудыг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байх шиг. Үүний тулд яах ёстой вэ?

-Тэгэхээр стратегийн хувьд  2024 оны сонгуульд эрх баригч МАН-ын эсрэг ардчилалын төлөөх намуудын эвсэл байгуулж орсон нь зөв. Харин 2024 он хүртэл АН барууны үзэл санаатай бусад намуудтай нэгдэх ёстой. Одоо тос усаараа ялгараад зүүн үзэлтэй хэсэг нь зүүн төвийн МАН тай учраа олсон нь дээр. Энэ бол урвалт огт биш.  Үзэл санааны жам ёсны л хуваагдал явж байгаа учраас манай намын соц декүүд ичих хэрэггүй. МАН тай нийлж болно. Баруун төвийн үзэл санаатай хэсэг нь барууны хүчний холбоог эхлэж байгуулах нь зөв гэсэн миний хатуу итгэл үнэмшил бий. МАН-ын баруунтнууд, либералууд ч бидэн дээр ирэх ёстой. Энэ бүх шилжилтийн гол түлхүүр механизм бол улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх батлах. Энэ намрын чуулганаар хэлэлцээд баталчихвал том дэвшил болно.

-АН өнгөрсөн хугацаанд хүчтэй сөрөг хүчин байсаар ирсэн. Гэтэл УИХ, засаг, Ерөнхийлөгч гээд нэг талд гарчихлаа. Хяналтын тогтолцоо алдагдлаа. Үүнээс үүдэлтэй нийгэмд үүсэх хүндрэл, эрсдлүүдийг хэрхэн харж байна вэ?

-Нэг намын дарангуйлалд орчихлоо шүү дээ. 2013 онд Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг ялахад Засгийн Газар нь гурван намын эвслийн Засгийн Газар байлаа. Нэг нам ингээд 100 хувь дангаар ялчихаар бүх зүйлийг ҮАБЗ нэрээр  гуравхан хүн л бүгдийг шийддэг түүх эргэн ирж байна. Өмнөх гурав нь шар дээлтэй байсан бол өнөөдрийн гурав нь ёсолдог гэдгээрээ л ялгаатай байх шив. Иргэд бидэнд байтугай МАН-ын парламент  дахь 62 гишүүнд хамааруулалгүй бүх зүйлийг хяналтгүй шийдэх болно.

Нийгэмд хүндрэл эхнээсээ үүсээд эхэлчихлээ. Шатахууны үнийг олон сараар төр лицензээр дарамталж барьснаас болж  нэг аж ахуйн нэгж дунджаар 10 орчим тэрбум төгрөгийн алдагдалд орж байна. Гурван дарга компанийн эздийг ард түмний өмнөөс дарамтлаад байна гэж бодоод байгаа ч амьдрал дээр компани нь хэдэн арван мянган ард түмний төлөөлөл байдаг гэдгийг ойлгохгүйгээр амжилттай коммунизм байгуулж байна. Үнэтэй бензин хэрэглэх үү огт бензин хэрэглэхгүй хомсдолд орох уу гэдгээ удахгүй ҮАБЗ ийн хурлаар шийдэх юм гэж хэвлэлийн ажилтнаас нь ойлгосон.

Намар болоход хүнсний мах ногооны, түлшний хомсдолд оруулах мэргэн шийдвэрүүдээ ҮАБЗ маань төрд хөрөнгө хурааснаар баталгаажуулах  нь тодорхой болж байна. Энэ тэнэглэлийн өртөгийг нэр барьдаг ард түмэн нь төлнө. Коммунизм эргэж ирж байна. Картын барааны үе ч эргэн ирж байна. Монголчуудаа Венусуэлийн хомсдолын коммунизмд тавтай морил л гэж хэлий.

-АН-аас нэр дэвшиж сонгогдсон Х.Баттулга ерөнхийлөгч ажлаа өгч байна. Намраас АН-ын  дарга болж Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэсэн шуум байна?? Танай намд их хурлаа хийч гэж хоёр ч хэсэг залуучууд дуугараад эхэллээ?

-Нэгд, АН одоо Э.Тулгат гэж даргатай. Хоёрт. АН-ын дүрмийн дагуу Х.Баттулга ерөнхийлөгч эхлээд АН-д эргэж элсэх өргөдлөө өгөх ёстой. Парламентийн нөхөн сонгуульд АН ялсан түүх байхгүй. Тэгэхээр Х.Баттулга ялахгүй сонгууль уруу орохгүй. Ялахын тулд Хэрогийн фракцын хүн болох Л.Оюун-Эрдэнэ  МАН-ын дарга болж байж ерөнхийлөгч Х.Баттулга нөхөн сонгуульд нэр дэвшинэ. Ялна. Бусдаар бол хэцүү. АН-ын залуучууд намаа нэгтгий, их хурлаа хийе гэж дуугараад эхлэж байгаа нь зөв. Зүгээр ямар аргаар, хэрхэн дүрмэндээ нийцүүлж гэдгээ сууж ярилцах ёстой. Бид бэлэн.  

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН