Х.Тэмүүжин: Ардын намаар Ардчилсан намын хувь заяаг шийдүүлэхгүй ээ

Х.Тэмүүжин: Ардын намаар Ардчилсан намын хувь заяаг шийдүүлэхгүй ээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, З.Нарантуяа нар Ардчилсан намын Онц их хурал зарлаж, эв нэгдлээ хангах 100.000 гишүүний гарын үсэг цуглуулах санаачлага гаргаж буй талаар мэдээлэл хийлээ. 

Тодруулбал, АН-ын дарга асан С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, намын тамгыг УИХ-ын гишүүн Ц.Туваанд шилжүүлсэн юм. Удалгүй С.Эрдэнэ АН-ын дарга хэвээр байгаагаа илэрхийлж тус нам хоёр тал болж хуваагдсан бөгөөд тус тусын шинэ даргыг сунгаа хийж, Н.Тулгат, О.Цогтгэрэл нарыг тодруулаад байгаа билээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр мэдээлэхдээ “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар АН 1990 оноос хойш хамгийн бага санал авлаа. Тиймээс талцаад буй намыг нэгтгэхгүй бол цаашид ч улс төрийн хамгийн бага үзүүлэлттэй байх болно гэдгийг гишүүд дэмжигчид хэлж байгаа. Улсын дээд шүүх намын дотоод эв нэгдлээ хангах хэрэгтэй гэсэн шалтгаанаар АН-ын бичиг баримтуудыг буцаасаар байгаа. Тиймээс АН-ын дотоод эв нэгдлийг хангах, намын удирдлагуудыг нэгтгэх үүднээс 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлж байна. Ингээд маргалдагч талуудыг аль алийг нь оролцуулж, нэг удирдлагатай болгох нь намын ирээдүйд туйлын чухал” хэмээв.

Мөн тэрбээр гарын үсэг зурах аянд нэгдэхийг уриаллаа.

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа "Өнөөдрийн энэ аян бол сөрөг хүчний чадамжийн тухай асуудал юм. Сүүлийн хоёр удаагийн УИХ, нэг удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН эв нэгдэлгүй учраас амжилтгүй оролцлоо. Дотоод ардчиллаа сайжруулах нь маш чухал байна. АН нийгмээс дэмжлэг авахаа больсон улс төрийн хүчин биш гэдэг нь харагдаж байгаа.

АН-ын нэрийн дор нэр дэвшсэн хүн хэчнээн бага санал авсан ч гэлээ сонгуульд оролцоогүй нийт сонгогчдын 42 хувь бий. Эдгээр хүмүүс сонголтгүй байсан учраас сонгуульдаа оролцоогүй гэж үзэж байгаа. Үндсэн хуульд заасан ардчилсан засагтай улс болж цаашид дутуу ардчиллаа төгөлдөржүүлэхэд АН сэргэн босох шаардлагатай.

Хоорондоо таарахаа байсан сүүлийн үеийн лидерүүдээс болж, АН тарж бутрахгүй. Мянга мянган гишүүдийнх нь ардчиллын төлөөх зүрх сэтгэл хэвээрээ байгаа. Хоёр талд хоёр намын бүтэц гаргаад, бие биендээ бууж өгөхгүй байгаа удирдлагуудад хандаж хэлэхэд, намынхаа ирээдүйд боломж олгоод намаа нэг удирдлагатай болгоход хичээл зүтгэл гаргаач гэж уриалмаар байна.

Монгол Улсад аль ч улс төрийн хүчинд орж, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах итгэлийг залуучуудад үлдээх ёстой. Хаалттай, хариуцлагагүй улс төрөөс татгалзах цаг болсон. МАН ардчиллын хагаралтай байдал дээр битгий тоглооч. Улсын дээд шүүхэд бүртгүүлэх, гэрчилгээгээ олж авах чөлөөт сонголтыг өгөөч гэж уриалмаар байна" гэв.

ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин "Тамганы булан барьж хуваагдсан хоёр тал нэг нэгэндээ дэгээ тавихаас илүү босож зогсоод хоёр биендээ хамтдаа алхах цаг болсон байна. Ардчилсан намгүйгээр явагдаж байгаа сонгууль, ардчилсан хүчингүйгээр болж буй үйл явдалд хохирогч нь иргэд байх болно.

АН улс орны хувь заяаг шийддэг нам байхын тулд бид нэгдэх цаг болсон. Эв нэгдэлтэй АН-ыг бий болгохын тулд гишүүдийнхээ дэмжлэгийг авах санаачилгыг эхлүүлж байна. Намыг шинэчлэх, гайхамшигтай гоё болгох санаачилга биш. Нэг нам, нэг үзэл баримтлал дээрээ байгааг харуулахыг хүсэж байна" гэлээ.

ҮЗЭХ: