“Хүк ёндоорчихлоо гээд бичээрэй” гэж Х.Баттулга надад 2017 онд захиж байв

“Хүк ёндоорчихлоо гээд бичээрэй” гэж Х.Баттулга надад 2017 онд захиж байв

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сурталчилгааны багт хэдэн мэдээлэл бэлтгэн өгсөн юм. Энэ үеэр Шадар сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх “Баяр наадмаар эрлийз морь уралдуулахгүй шүү, Монгол бол монгол мориороо уралдана. Улсын их баяраар яг монгол цусны монгол морь уралдаг” гэж мэдэгдсэн.

-У.ХҮРЭЛСҮХ: МИНИЙ МОНГОЛ МОРИЙГ ЯВУУЛСАН ЗАЛУУС-

Харин У.Хүрэлсүхийн энэ мэдэгдлийн дараа Х.Баттулга надад “Хүк /У.Хүрэлсүх/ ёндоорчихлоо гээд чи бичээч” гэсэн саналыг надад тавьж байсан юм.

Ингээд би У.Хүрэлсүхийн дээрх үг, баяр наадмын талаар биш, “Монгол ялна” уриатай Х.Баттулгыг дэмжсэн үг байжээ гэдгийг мэдсэн юм.  

Мөн Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсний маргааш буюу 2017 оны долдугаар сарын 11-ны орой Их тэнгэрт болсон төрийн хүлээн авалтын үеэр түүний сонгуулийн багт ажиллаж байсан, одоо Хөдөө аж ахуйн бирж гүйцэтгэх захирлаар ажилладаг Д.Дандий нарын залуус У.Хүрэлсүхтэй гэрэл зургаа авахуулахад, тэрээр юун залуус болохыг нь тодруулаад, “Аан миний монгол морийг явуулсан залуус” гэж ам алдаж байв. Мөн “Херо”-гийн Б.Баатарын Шадар сайд У.Хүрэлсүхтэй ярьсан утасны бичлэг ч задарсан. Тэд энэ үеэр “Морь, морь” гэж ярьсан байдаг.

-Я.САНЖМЯТАВ ХҮРТЭЛ У.ХҮРЭЛСҮХИЙГ ДЭМЖ ГЭСЭН КОМАНДЫГ Х.БАТТУЛГААС АВЧИХСАН БАЙСАН-

Ингээд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа УИХ-ын гишүүн биш хирнээ У.Хүрэлсүх ёндоорч, МАН-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалд (2017.10.04) томилогдсон юм. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход М.Энхболдын 32-ын бүлэг дэмжээгүй.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ дахь АН-ын бүлгээр түүнийг дэмжүүлж У.Хүрэлсүх 47 гишүүний саналаар Ерөнхий сайдын албан тушаалд очиж байв.

Харин үүнээс яг жилийн дараа (2018.11.30) У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулах саналыг МАН-ын зарим гишүүд нь гаргаж, санал хураахад УИХ дахь АН-ын бүлгийн Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нараар Ерөнхийлөгч Х.Баттулга “татгалзсан” санал өгүүлж, У.Хүрэлсүхийг албан тушаалд нь авч үлдэж байв. Мөн энэ санал хураалтын үеэр УИХ-ын дэд дарга асан Я.Санжмятав Ерөнхийлөгч Х.Баттулгаас команд авчихсан, “татгалзсан” санал өгөх гээд байхад нь “нас намбадаа бай” гэж зарим нь сануулж болиулсан гэдэг. Үнэндээ У.Хүрэлсүхийг албан тушаалд нь авч үлдсэн энэ үйл явдлаас болж АН-ын хагарал, хуваагдал эхэлсэн гэдэг. Мөн чанартаа сөрөг хүчин АН-ын бүлгийн гишүүд бүгд У.Хүрэлсүхийг огцруулах саналыг дэмжсэн бол улс төрийн өнөөгийн нөхцөл байдал ирэхгүй байсан гэдэг.

-У.ХҮРЭЛСҮХИЙГ ЁНДООРУУЛСАН ГЭЭД Х.БАТТУЛГА ДУРААРАА АВИРЛАХ ГЭЖ ҮЗСЭН-

Энэ бүхний дараа (2019.01 сар) “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” жагсаалыг Ерөнхийлөгч Х.Баттулгын “Монголын ардчилсан холбоо /МоАХ/”, У.Хүрэлсүхийн “Нэгдсэн монгол хөдөлгөөн” зэрэг зохион байгуулж М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаас нь буулгаж байв. Үнэндээ бол энэ жагсаалыг Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр зохион байгуулж, Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нараар дуулгавартай албатаа хийсэн.

Харин эдгээр таван иргэн Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга, ХЗДХ-ийн сайд, Элчин зөвлөх зэрэг албан тушаалд өнөөдөр хүрээд байна.

Харин өнгөрсөн 4 жилийн хугацаанд Х.Баттулга, У.Хүрэлсүх нар Монгол Улсыг ШХАБ-ын гишүүн орон болгоход санал нэгдэж, мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн зөвлөмжөөр Шүүх, Прокурор, АТГ-ын удирдлагуудыг чөлөөлдөг болгож үзсэн.Магадгүй У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх хугацаанд “цаазын ялыг сэргээх саналаа Х.Баттулга дахин гаргасан бол сэргээчхийг үгүйсгэхгүй. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга“Монгол улс ерөнхийлөгчийн засаглалтай байх уу парламентын засаглалтай байх уу” гэдгийг ард нийтээс асууя гэсэн саналыг ч гаргаж байсан.

-2025 ОНД ХЭРЭГЖИХ ЗААЛТ ЁСТОЙ ҮХНӨ НААШИЛЖ Х.БАТТУЛГАД У.ХҮРЭЛСҮХ ЦАРАЙГАА ХАРУУЛСАН-

Энэ долоо хоногт болж өндөрлөсөн Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх саналаа өгсөн нийт иргэдийн 67 хувийн саналыг авч, үнэмлэхүй ялалт байгууллаа. Үнэндээ АН-ын нэр дэвшигч С.Эрдэнэ, ЗХЭЭ-ийн нэр дэвшигч Д.Энхбат нар түүнд бараадсангүй.

Харин Х.Баттулга, У.Хүрэлсүх нар өрсөлдсөн бол ийм үр дүн гарахгүй байсан гэх хүмүүс олон байгаа юм.

Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/-ийн 30.2 -д орсон “Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт 2025 онд хэрэгжих ёстой байсныг, наашлуулж 2020 оны тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн тул Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй болсон. Сүүлд энэ заалтын талаар Үндсэн хуулийн цэц дээр хэрхэн дүгнэлт гаргуулсныг уншигч та надаар бичүүлэлгүй мэдэж байгаа байх. Үнэндээ 4 жилийн өмнө Х.Баттулгын надад хэлж байсны дагуу “Хүк ёндоорчихлоо”. Харин түүнийг ёндооруулсан Х.Баттулга "гудамжинд" гарлаа.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө