АЖИГЛАГЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Санал тоолох “хар машин”-д л шаардлага тавья

АЖИГЛАГЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Санал тоолох “хар машин”-д л шаардлага тавья

Баянзүрх дүүргийн …… дугаар санал авах байранд иргэний нийгмийн байгууллагын ажиглагчаар ажилласан иргэн манай редакцад дараах  тэмдэглэлийг илгээснийг уншигч та бүхэнд хүргэж байна.

2021 зургадугаар сарын 09-ны нарлаг, тогтуун цаг агаартай сайхан өдөр Монгол Улсын иргэд Үндсэн хуулиар олгогдсон “сонгох” эрхээ эдэлж ээлжит төрийн тэргүүндээ саналаа өглөө. Сонгогч олон ирэх зургаан жил ажил үүргээ гүйцэтгэх ерөнхийлөгчөө сонгох гээд, хүсэн хүлээсэн үр дүн нь гараасай гэсэндээ догдолсон маягтай байв.

-ГОЁЛЫН ДЭЭЛЭЭ ӨМСӨЖ, НҮҮР ДҮҮРЭН МИШЭЭСЭН ЗАЛУУС ЭНЭ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЧИМЭГ БАЙВ-

Харин улсын хэмжээнд 52.69 /21:30 цагийн байдлаар/ хувийн ирцтэйгээр дууссан энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль түүхэндээ хамгийн бага ирцтэй хэмээн цохон тэмдэглэгдэв. Энгэрээрээ дүүрэн одон медаль гялалзуулсан азай буурлууд гоёлын дээлээ өмсөж, нүүр дүүрэн мишээсэн залуус энэ сонгуулийн чимэг байлаа.

Энэ удаагийн сонгуулиар өмнө нь туршиж үзээгүй нэгэн ажиглалт хийсэн юм. 2021 оны зургадугаар сарын 09-ны өдрийн 15:00-22:00 цагийн хугацаанд “иргэний нийгмийн байгууллага”-ыг төлөөлж “санал хураалт”, “хяналтын тооллого” шударга явагддаг уу гэсэн асуултад хариулт олох гэж хичээлээ.

Сонгуулийн санал хураалтын бүх үйл явцыг зураглах, тоочихоос илүү иргэн бүрийн сонирхлыг татдаг саналын нэгдсэн дүнг цахим машин буюу хар машинаас гаргах, хяналтын гар тооллого хийх явц хэр үнэн бодитой, шударга явдаг эсэхийг тодрууллаа. Учир нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн  сонгуулийн журамд тусгахдаа бүх санал авах хэсгийн хороод хяналтын гар тооллого хийхээр болсон юм. 

Тайлбар: Эдгээр буруу бөглөсөн саналын хуудсыг хар машин саналд тооцож уншсан байв

-САНАЛ ТООЛОХ ҮЙЛ ЯВЦ ШУДАРГА БОЛДОГ УУ-

Сонгогчдын санал тоолох хар машинд хийсэн цаасыг төхөөрөмжийн гаднах лац, бичигдсэн билл /хуудасны тоо, саналын тоо бичигдсэн цаас/ зэргийг авч мөн машины ой санамжид үлдсэн өгөгдлийг CD/DVD-д хуулж авсаны дараа санал тоолох хар машины хайрцгийг задалдаг.

Энэ бүхэнд нэг цаг болон түүнээс ч урт хугацаа шаардана. Сонгуулийн ерөнхий хорооны хяналтын ажилчид санал тоолох төхөөрөмжөөс гаргасан бүх цаасан саналыг ажиглагчдад ил тод, нээлттэй харуулах үүрэгтэй. Гэвч зарим хэсгийн хороод үүнийг биелүүлэхгүйгээс гадна, хууль эрх зүйн зохицуулалтаар ажиглагчид энэ үйл явцад хэт холын зайнаас хязгаарлагдмал орчинд хяналт тавьдаг байна.

Хэсгийн хорооны ажилчид болсон үйл явцыг аман байдлаар цаг тухай бүрд нь шударга тайлагнавал энэхүү зөрчил том асуудал болохгүй. Тусгайлан бэлдсэн цаасанд нэр дэвшигчдийн урд байрлах улаан бөөрөнхий дүрсийг дүүргэн будсан эсэхийг харгалзан үзэж тоог нь нэмэх зарчмаар тоолно. 

Машины тоо, гараар тоолсон тоо хоёр зөрөхгүй байх нь л иргэдийн хүсдэг зөв, шударга сонгууль юм. Хэрэв саналын тоо хэт зөрүүтэй байвал хэн хар машинд хэн итгэх билээ. 

Нэгээс олон нэр дэвшигчийг дугуйлсан, цаасан дээр үгээр тэмдэглэгээ хийх, улаанаар дүүргэж будах дүрсийг гадуур нь давуулан дугуйлах гэх мэт тохиолдолд иргэний саналын хуудсыг хүчингүйд тооцож, санал тоолох машин хүлээн авахгүй байх учиртай.

Тайлбар: Эдгээр буруу бөглөсөн саналын хуудсыг хар машин саналд тооцож уншсан байв

-АЛДААТАЙ ДУГУЙЛСАН САНАЛЫН ХУУДСЫГ “ХАР МАШИН” УНШИЖ БАЙВ УУ-

Гэвч хяналтын тооллогын үеэр үзгээр тэмдэглэгээ хийгдсэн, гадуур нь давуулсан гэх мэт санал тоолох “хар машин”-д уншигдахааргүй цааснууд тус машинаас гарч ирсэн нь хачирхалтай.

Сонгогчид  төрдөө, хар машинд итгэж саналаа өгсөн ч энэ мэт техникийн асуудал засагдахгүй бол хараа хяналт сул хэсгийн хороодод ганц хүний санал үнэгүйдүүлснээс болсон зөрчил үүсэхийг үгүйсгэхгүй. Алдаатай санал машинд уншигдаж, саналд тоологдсон байсан тул тооны зөрүү үүсгэсэн цаасыг баримтжуулах ёстой. Гэвч цагдаа, тагнуулын байгууллагаас олон удаагийн шахалт, шаардлага ирсэн учир гар утсаар баримтжуулж дүрс авах тохиромжтой нөхцөл боломж олдсонгүй. Олон удаагийн уйгагүй оролдлогын дараа зарим алдаатай хэрнээ санал тоолох хар машинд тоологдсон цаасыг баримтжуулсан юм. 

Дээрх тохиолдлуудад саналын хэсгийг буруу будсан нь зөвлөмжөө дутуу уншсан иргэний алдаа болно. Гэвч хүчингүй болох ёстой саналын хуудас “хар машин”-д тоологдох тохиолдол байгаа нь хяналтын тооллого, нам болон иргэний нийгмийн байгууллагын ажиглагчид ямар хэрэгтэйг тод харуулж байв.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө