Т.Доржханд: Бид иргэдийн хамгийн их хүсэж буй эрхмийг сонгуульд өрсөлдүүлсэн. Энэ агуулгаараа бид ялагдаагүй

Т.Доржханд: Бид иргэдийн хамгийн их хүсэж буй эрхмийг сонгуульд өрсөлдүүлсэн. Энэ агуулгаараа бид ялагдаагүй

“Зөв ХҮН-Электорат” эвсэлээс сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор мэдээлэл хийж байна.

Тус намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд "ХҮН нам хуулиар хүлээсэн 1000 орчим гишүүнтэй. Өнөөдрийн байдлаар 250 мянган  дэмжигч гишүүнтэй боллоо. Харин үүнээс илүүг хийж чадах байсан уу гэж асууж байна. Боломжтой байсан. Бидэнд илүү их мөнгө байсан бол боломжтой байсан. Гэхдээ бидний хувьд маш их мөнгийг өөрсдийн хэмжээнд босгож чадлаа.  Сайн дураараа олон залуу сэтгэл зүрхээрээ ажилласан. Хөдөө орон нутагт хамгийн их ухуулагчгүйгээр, гэхдээ хамгийн их дэмжигчтэй ийм л сонгуулийг бид хийж чадсан .

Дараагийн нэг зүйл бол мэтгэлцээн.  Мэтгэлцээн бол улс төрийн сонгуульд байх ёстой зүйл. Анх бид “дор хаяж 5 удаа бодлогын мэтгэлцээн зохион байгуулъя” гэдэг санал тавьсан. Харамсалтай нь олон шалтгааны улмаас мэтгэлцээн болсонгүй.

Бид "онлайнаар хийе, фейсбүүк, зүүм, клабхаус зэрэг байж болох бүхий л платформоор мэтгэлцье" гэдэг санал тавьсан. Манай нэр дэвшигч болон АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн хооронд тодорхой түвшинд мэтгэлцээн болсон. Гэвч гурван нэр дэвшигч гурвуулаа байж гэмээн мэтгэлцээн болдог. Сонгогдож гарч ирсэн хүмүүс заавал мэтгэлцээнд оролцох ёстой байсан. Энэ алдааг бид дахин давтахгүй байх ёстой.

Мэдээж өрсөлдөгчөө бид ялна гэж орсон. Ялна гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Өнөөдрийн сонгуулийн үр дүн маш олон шалтгаантай.  Өнөөдөр би хэн нэгнийг шүүмжлэх гэж биш, санал өгсөн дэмжигчдэдээ баярлалаа гэж хэлэхийн тулд мэдээлэл хийж байна.

ХҮН намын хувьд үр дүн гарсан. Яагаад гэвэл бид амласан ёсоор Монголын улс төрд иргэдийн хамгийн их хүсэж буй тэр эрхмийг энэ сонгуульд оруулж ирж чадсан. Бид өөрийнхөө намын хэн нэгэн даргыг бус, хэн нэгэн эрх мэдэлтнийг бус эгэл жирийн эрдэмтэн, инженер хүнийг дэвшүүлснээрээ Монголын улс төрийн түүхэнд хувь нэмрээ оруулсан. Энэ агуулгаараа бид ялагдсан биш. Монголын улс төрд тодорхой түвшний ахиц дэвшлийг оруулж ирсэн. 

Бидний хувьд дөнгөж эхэлж байна. Бид шантрахгүй. Нийгэмд гэрэл асааж, Монголчууддаа дэлхийг нээж өгөх болно" гэв. 

 




Өнөөдөр луу өдөр

49 минутын өмнө