Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нар саналаа өгөөд байсан бол дөнгөж сая АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ саналаа өглөө.
Энэ үеэр тэрбээр “Өнөөдөр Монгол Улс 8 дахь удаагийн сонгуулиар зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгож байна. Сонгуулийн ирц нэлээд өндөр байна. Иргэдээ Монгол Улсад шударга ёс тогтоох, ёс зүйт төрийн бий болгох, төрд хяналттай байх боломжийг хангасан сонголт хийгээсэй гэж хүсэж байна. Өрсөлдөгч нартаа амжилт хүсье. Халдвар авсан Д.Энхбат хурдан эдгэж, ажилдаа хурдан ороорой гэж хүсье.
Би Дарангуйлалгүй Монгол, Ардчилсан Монгол гэсэн уриатай сонгуульд орж байгаа. Би ямар нэгэн гоё сайхан амлалт өгөөгүй, мөнгө төгрөг, амлаагүй. Өнгөрсөн долоо хоногийн нөхцөл байдлыг харахад шударга бус сонгууль явуулах магадлал өндөр байна. Асар их мөнгө тарааж байна.
Мөнгө тарааж байгаа хууль хяналтын байгууллага цэгцэлж, хараа хяналтандаа авч чадахгүй байна. Мөнгө тараах нь ердийн үзэгдэл болчихлоо. Гэр бүлийн хүний эгч нь хүртэл 100 мянган төгрөг аваад санал өгсөн байна. Ийм увайгүй, хэний мөнгөөр, хэний саналыг худалдаж аваад байгаа юм бэ. Татвар төлөгчдийн мөнгөөр эргээд саналыг нь худалдан авч байна. Сонгогчиддоо хандаж хэлэхэд таны халааснаас луйвардсан мөнгийг та бүхэнд тарааж байгаа учраас мөнгийг нь санаа зовох юмгүй авчих. Гэхдээ төрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө зөв мэргэн сонголтоо хийгээрэй. Монгол оронд дарангуйлал бодитоор бий болсон. Цаашдаа дарангуйлалгүй ирээдүйг үр хүүхдэдээ үлдээе гэж бодож байгаа бол сонголтондоо хариуцлагатай хандаарай гэж хэлмээр байна. Энэ гажуудлууд дээр хууль хяналтын байгууллага нь ажиллахгүй, СЕХ нь асуудлыг шийдэхгүй байна.
Залуучууд төрийн үйл ажиллагаанд хариуцлагатай оролцмоор байна. Өөрсдийнхөө ирээдүйг шийдэж байна гэдгээ ухамсарлах хэрэгтэй” гэлээ.