2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж одоогийн байдлаар улсын хэмжээнд ирц 13.68 хувьтай байна. Энэ удаагийн сонгуульд иргэд, сонгогчдын зүгээс санал тоолох автоматжуулсан төхөөрөмж буюу "хар машинд" итгэхгүй байгаа нөхцөл байдал ажиглагдсан. Ардчилсан намаас үүнтэй холбоотой зарим мэдээллийг ил болгож Сонгуулийн ерөнхий болон бусад холбогдох газруудад хүсэлт тавин "хар машин"-ыг шалгуулахаар болсон билээ.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор энэ удаагийн сонгуулийн санал хураалтын үеэр онцлог зохицуулалтуудыг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Тодруулбал,
- Сонгогч зөвхөн өөрийн сонгогчийн бүртгэлийн мэдээлэлтэй танилцахаас гадна өөрийн хаяг дээрх бүх сонгогчийн мэдээлэлтэй танилцах боломжтой.
- Санал тоолох төхөөрөмжөөр тоологдсон саналын хуудсыг бүх хэсэгт /100 хувь/ гараар нэг бүрчлэн хяналтын тооллого хийнэ.
- Хяналтын тооллогын үйл ажиллагааг бүхэлд нь хяналтын камерт буулгана.
- Санал өгсөн сонгогчийн хуруунд бэхэн тэмдэглэгээ хийнэ.
- Сонгогч санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилт хийлгэж болно.
- Санал авах байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэд санал өгөх бүхээг бэлтгэж, бүхээгт санал тэмдэглэх брайл үсэг бүхий хавтас байрлуулж, тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангагдсан байна.