Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг өнөөдөр /2021.06.07/ 17.30 цагт Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр шууд дамжуулахаар төлөвлөсөн байсан. Гэтэл ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авч, МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх сурталчилгаагаа цахим хэлбэрт шилжүүлсэн тул өнөөдрийн мэтгэлцээнийг явуулах эсэх нь эргэлзээтэй байдалд орсон юм. Энэ талаар МҮОНРТ-ээс яг одоо мэдээлэл хийж байна.
Халз мэтгэлцээн нийт 2 цаг 30 минут үргэлжилж
- Монгол Улсын үндэсний аюулгүй байдал,
- Батлан хамгаалах,
- Гадаад бодлого,
- Шүүх засаглал,
- Эдийн засаг болон нийгмийн харилцаа гэсэн үндсэн чиглэлээр мэтгэлцэхээр тохироод байв.
Энэ талаар МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн бодлогын халз мэтгэлцээнийг өнөөдөр зохион байгуулахаар төлөвлөөд байсан. МҮОНРТ-ээс бүх бэлтгэлийг хангасан байлаа. Гэтэл ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвараар өвчилсөн. Д.Энхбат гуайн хэвтэн эмчлүүлж буй Улсын нэгдсэн төв II эмнэлэгт би өөрийн биеэр очиж эмчлэгч эмч нартай нь уулзсан. Халдвар хамгааллын дэглэмийг нь сахиулаад мэтгэлцээнд биеэр нь оролцуулж болох уу гэхэд эмч нар "Боломжгүй" гэсэн. Онлайнаар явуулна гэхээр тэгш байдал хангагдахгүй. Учир нь хоёр нь биеэр оролцож нэг нь цахимаар оролцоно. Өчигдөр нэр дэвшигчдийн сонгуулийн менежерүүдтэй уулзаж мэтгэлцээний ямар хувилбараар яаж явуулах талаар ярилцсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй.
Мэтгэлцээнийг аль болох хийх талаар гарц, гаргалгааг ярилцаж байна. Онлайнаар явуулахаар тэгш байдал хангагдахгүй гэж үзэж байгаа. Энэ тохиолдолд мэтгэлцээнийг хэрхэн явуулах талаар байж болох бүх хувилбарыг бид ярилцаж байна. Өнөөдөр намын төлөөллүүдтэй дахин уулзаж, эцсийн шийдвэрийг гаргана. 15.00 цаг гэхэд эцсийн шийдвэр гарчих байх” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: