Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг энэ сарын 7-ны 17.30 цагт Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр шууд дамжуулахаар болжээ.
Халз мэтгэлцээн нийт 2 цаг 30 минут үргэлжлэх бөгөөд нэг хөтлөгч хөтлөн явуулах аж. Түүнчлэн хэн хаана зогсох, асуултад хэн түрүүлж хариулах, мэтгэлцээнийг хэн хаах гэх мэт зохион байгуулалтын асуудлыг сугалаагаар шийдэхээр болжээ. Сугалааг энэ сарын 6-нд буюу халз мэтгэлцээний өмнөх өдөр хийж бүх зүйлийг тодорхой болгохоор шийдвэрлэсэн байна.
Өчигдөр МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирал А.Бүрэнбаатар болон холбогдох албан тушаалтнууд гурван нэр дэвшигчийн сонгуулийн ерөнхий менежерүүдтэй уулзаж мэтгэлцээний дүрмийг тохирчээ.
Асуултыг хоёр хэсгээс бүрдүүлэх бөгөөд
- Монгол Улсын үндэсний аюулгүй байдал,
- Батлан хамгаалах,
- Гадаад бодлого,
- Шүүх засаглал,
- Эдийн засаг болон нийгмийн харилцаа гэсэн үндсэн чиглэлд мэтгэлцэх юм байна.
Сурталчилгааны хугацаа 14 хоног байгаа учраас нэг л удаа мэтгэлцээнийг зохион байгуулахаар нэр дэвшигчдийн ерөнхий менежерүүдтэй ярьж тохирчээ.