Ирэх зургадугаар сар /2021.06/-ыг гаргаад “Монгол Улсын Ерөнхийлөгч” хэмээх албан тушаалаасаа бууж буй Х.Баттулга энэ долоо хоногт “шагналыг хур”-ыг буулгалаа. Зарим нэг нь “Монголд медаль аваагүй хүн үлдэхгүй нь” гэж хошигнож байна.
Хачирхалтай, Ерөнхийлөгч Х.Баттулга 2018, 2019 онд “Төрийн шагнал, одон медаль”-ийн зардалдаа тус бүр 393 сая төгрөгийг зарцуулж байсан бол, 2020 онд 1,8 тэрбумгаруй төгрөг, 2021 онд 2 гаруй тэрбум төгрөг болгон өсгөсөн байгаа юм.
Төрийн шагнал, одон медалийн төсөв: /2018-2021 он/
- 2018 оны батлагдсан төсөв: 393,004,100 төгрөг
- 2019 оны батлагдсан төсөв: 393,004,100 төгрөг
- 2020 оны батлагдсан төсөв: 1,893,004,100 төгрөг
- 2021 онд батлуулахаар санал болгосон төсөв: 2,065,677,580 төгрөг
Харин энэ долоо хоногт “Аримун” продакшны жүжигчин Д.Ганцэцэг, чөлөөт уран бүтээлч А.Цэгмэд, Үндэсний шигшээ багийн тамирчин М.Анхцэцэг, Авто мото спортын тамирчин Д.Болдбаатар, Байлдааны самбо бөхийн дэлхийн аварга Б.Дамланпүрэв нарын олны танил эрхмүүд “Монгол Улсын Гавьяат” хэмээх алдар цол хүртсэн.
Харин тэдэнтэй хамт олны анхааралд нэг их өртөлгүй Ерөнхийлөгч Х.Баттулгын “улс төрийн багийн эрхмүүд” төрийн дээд одон медалиар шагнуулсан байна.
ТУХАЙЛБАЛ,
- Монгол улсын хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан Салхитын мөнгөний ордод түшиглэсэн “Эрдэнэс силвер ресурс” компанийн Т.Мөнхбаяр нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэдэг.
- Мөн Гавьяат тамирчин цол тэмдгээр шагнуулсан Үндэсний бөхийн аймгийн арслан, Булган аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэдэг.
- Харин Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулсан Олимпын гэрэл зурагчин, Дэлхийн спортын сэтгүүлчдийн холбооны шилдэг гэрэл зурагчин Ч.Ганбат нь Ерөнхийлөгч Х.Батулгын гэрэл зурагчин юм.
- Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулсан зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнх нь Ерөнхийлөгч Х.Баттулгын “Миний мэдэх “Женко” Баттулга” номыг бичсэн нэгэн билээ.