ТАТВАРЫН ШИНЭ ХУУЛЬ: Дансыг нь хааж, шүүхэд маргаан үүсгэхээс өмнө торгуулийг нь төлүүлнэ

ТАТВАРЫН ШИНЭ ХУУЛЬ: Дансыг нь хааж, шүүхэд маргаан үүсгэхээс өмнө торгуулийг нь төлүүлнэ

2019 онд батлагдаж 2020 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Татварын багц хууль нь аж, ахуйн нэгжүүдийн дансыг хаах, хөрөнгийг битүүмжлэх эрхийг татварын байцаагч нарын  эрх мэдэлд шууд шилжүүлсэн мөн татварын маргаантай бол шүүхэд очихоос өмнө төлбөрийг заавал төлж барагдуулах ёстой гэсэн ноцтой заалттай аж. Энэ нь компани, аж, ахуй нэгж, байгууллагуудыг татварын хуулиар дарамталж, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал руу түлхэж, тулгасан шийдвэр юм. Тиймээс судлаачид болон аж, ахуй нэгжүүд үүнийг эсэргүүцэж дуугарч эхэлсэн байна.

Тухайлбал, Татварын хуульд

  • 12.1.9.татварын алба, татварын улсын байцаагчийн хууль бус ажиллагаа болон шийдвэрт холбогдох гомдлыг түүнийг шууд захирдаг болон дээд шатны албан тушаалтанд, түүнчлэн шүүхэд гаргах. Ийнхүү гомдол гаргасан нь ногдуулсан татвар, торгууль, алдангийг төлөхийг зогсоох үндэслэл болохгүй;
  • 44.2.13.төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх мөнгөн хадгаламж, харилцах дансан дахь хөрөнгөөс суутгал хийх, дансны зарлагын гүйлгээг хаах, банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, эсхүл эзэмшиж байгаа дансны орлого, зарлагын гүйлгээнд хяналт тавих;
  • 43.3.Татвар төлөгч энэ хуулийн 43.1-д заасны дагуу гомдол гаргасан нь ногдуулсан татвар, алданги, торгууль төлөхийг зогсоох үндэслэл болохгүй.
  • 60.1.Өртэй татвар төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49.1-д заасан утгаар ойлгох бөгөөд барьцааны эрхгүй хөрөнгөөс эхлэн битүүмжлэх зарчим баримтална. \Шүүхий шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49.1 Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно гэжээ.

Өнгөрсөн хоёр жилд  дээрх заалтуудаар хичнээн аж, ахуй нэгжид боломж олголгүй дансыг нь хааж, хөрөнгийг нь битүүмжлэн шүүхээр асуудлаа шийдэх эрхийг нь эдлүүлэхгүйгээр хүнд байдалд оруулсан бол.

-САЙХАН ҮГЭЭР ХАЛХАВЧ ХИЙЖ АЖ, АХУЙ НЭГЖҮҮДИЙГ
ДАРАМТАЛСАН ЗААЛТЫГ ОРУУЛЖЭЭ-

2019 онд Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх үеэр жилийн 50 сая хүртэлх төгрөгийн орлоготой иргэн, ААН жилд нэг удаа тайлан гаргаж, ашгийнхаа 1 хувьтай тэнцэх хэмжээний татвар төлөх боломжийг бий болгосон. Жилийн 300 сая хүртэлх төгрөгийн орлоготой бол жилд хоёр удаа орлогоо тайлагнаж, мөн 1 хувийн татвар төлнө. 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой бол жилд хоёр удаа тайлагнаж, 10 хувийн татвар төлж, 90 хувийг нь буцааж авна гэж рекламдаж байв. Гэтэл дээрх рекламны ард боомилох, дарангуйлах ажил ч явж байсан нь тодорхой боллоо.

Коронавирусийн цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор өнгөрсөн хугацаанд 27 мянган аж ахуйн нэгж ажлаа зогсоосон. Мөн татвараа төлөөгүй гэх үндэслэлээр татварын албанаас нэр бүхий 46 компанийн дансыг битүүжилснээ ил зарласан билээ. Нөхцөл байдал ийм хүнд байхад төрөөс аж, ахуй нэгжүүдийг өрөө төлөх боломжтой болтол нь хугацаа зааж хүлээзнэх, хэлцэл, зуучлал хийх нь илүү үр дүнтэй гэж мэргэжилтнүүд хэлж байна. Энэ үүднээс ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шийдвэр гарган дансаа хаалгасан аж, ахуй нэгжүүдэд нэг удаа боломж олгон дансыг нь нээлгэсэн. Тэрбээр татвар төлж эхлэх үе буюу долдугаар сарын 01-ээс ч аж, ахуй нэгжүүдээ дэмжинэ гэж мэдэгдсэн.

Гэхдээ түүний нэг удаагийн шийдвэрээс илүү цаашид урт хугацаанд хэрэгжиж Татварын багц хуулийг өөрчлөх, “Хаана, бооно, битүүмжилнэ” гэсэн заалтыг засах шаардлага УИХ-ын гишүүд, Худалдаа аж, үйлдвэрийн танхим болон бусад төлөөлөгч байгууллагуудад байна.

Манай улсад татвар төлөгчдийн хүчирхэг арми хэрэгтэй. Гэтэл баялаг бүтээгчдээ гэмт хэрэгтэн болгож байгаа нь хуулийн тогтолцоо буруу байгаагийн илрэл.

Татвар төлөгчид бол нийгмийн баялаг бүтээгчид. Баялаг бүтээгчдээ дарамталж биш дэмжиж хөгждөг нь эн тэргүүний зарчим гэдгийг хөгжингүй орнууд зарчмаа болгодог. Тиймээс баялаг бүтээгчдээ дэмжих тэдний үйл ажиллагаа өргөжихийн хэрээр улсад төлөх татварын хэмжээ нэмэгдэх нь зах зээл тэлэх энгийн зарчим юм.