Өчигдөр /2021.05.20/ Ардчилсан намын 4/11 уулзалтын үеэр санал тоолох төхөөрөмжид хөндлөнгийн нөлөөлөл ордог байж болзошгүй гэх зүйлийг ярьсан. Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн Ерөнхий хороо мэдээлэл хийлээ.
СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан "2012 оноос хойш санал тоолох төхөөрөмжийг ашиглаж байгаа. Сонгууль болгоны үеэр болон санал хураалтын дүн гарсны дараа санал тоолох төхөөрөмжтэй холбоотой худал мэдээлэл цацагддаг учраас албан ёсны мэдээлэл өгч байна.Санал тоолох төхөөрөмжийг ашиглах тоолондоо лицензийн төлбөрийг төлөөд явдаг. Хугацаа нь дуусна гэдэг ойлголт байхгүй.
Саналын хуудас бар кодгүй болж байгаа гэх ташаа мэдээлэл тараалаа. Санал тоолох төхөөрөмж бар кодыг таньж уншдаг. 2020 онд болсон сонгуульд гэхэд 18 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдсөн. Тухайн нэр дэвшигч бүрийг нэг бүрчлэн танихын тулд бар код олгодог.
Мөн манайд ажилладаг юм шиг, гэрээгээр ажил гүйцэтгэсэн мэтээр хоёр иргэн мэдээлэл тараасан. Тэр мэдээллийг тараасан хоёр хүний хувьд манайд ажиллаж байгаагүй, мөн гэрээгээр ажил гүйцэтгэж байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Автоматжуулсан төхөөрөмж маш их баримт үлдээдэг. Жишээ нь, цаасаар саналын хуудас үлдэнэ, саналын хуудсын зургийг СD дээр хуулаад үлдээдэг. Маш олон баримт үлддэг учраас хакердах боломжгүй.
Өмнө нь хуулийн хүрээнд саналын хуудсын 50 хүртэлх хувийг гараар тоолдог байсан бөгөөд нэг ч удаа үр дүн зөрж байгаагүй. Энэ удаагийн сонгуулиар бүх саналын хуудсыг гараар тоолно. Үүнийг маш зөв гэж бодож байгаа. Сонгууль болгоны дараа хардалт үлддэг учраас 100 хувь гараар тоолоод баталгаажуулах нь зүйтэй" гэлээ.