Д.Сумъяабазар: Улаанбаатар хотод газар олголтыг энэ цагаас эхлэн зогсоох хэрэгтэй

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотод газар олголтыг энэ цагаас эхлэн зогсоох хэрэгтэй

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнөөдөр Туул голын эрэг дагуу газрын зөвшөөрөл олгосон газарт ажиллаж захирамжуудыг цуцлахаа мэдэгдлээ. 

Тэрээр “Газар хөдлөлийн идэвхтэй бүс болох Туул голын дагуу өндөр барилга барина гэдэг өөрөө өндөр эрсдэлтэй. Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй газар хойгуураа буюу Чингэлтэй Хайрханы өврөөр байна. Хадтай, газар хөдлөлтийн зурвасаас хол юм.  Хойд талаасаа хот их сайхан харагддаг.

Улаанбаатар хотын иргэдийн газар үнэ цэнэтэй байх ёстой. Хоёр жилийн хугацаанд байшин барина гээд чадаагүй бол авсан газрыг нь буцаад цуцалдаг тэр механизм руу оруул. Иргэн бүрт 0,7 га газар олгоод байвал гэр хорооллын тэлэлт үүнийг дагасан захиргааны зардлууд улам нэмэгдэж, тоймоо алдаж байна. Улаанбаатар хот ойрын хэдэн жил байгаагүй санхүүгийн дарамтад явж байна. Улаанбаатар хотын газар олголтыг энэ цагаас эхлэн зогсоох хэрэгтэй. Иргэн бүхэн өмчлөх эрхтэй, газартай байгаа. Энэ мэдээллийг судалгаа хийн ил тод нээлттэй болгох хэрэгтэй. Иргэдийн өмчилж авсан газар үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг өсгөх гол бодлогын асуудал ахин нэмж  газрын эзэмшил өгч болохгүй.

Туул голын эрэг дагуух газрууд үргэлж компаниудын хооронд арилжаагаар явсаар ирсэн. Эсвэл нэг банкны барьцаанд тавигддаг. Төлж чадахгүй болохоор банк нь авчихдаг. Энэ зүйл далд эдийн засгийг дэмжээд байна. Нийслэлийн газрын албаны дарга Энх-Манлай Туул гол орчмын газар чөлөөлөлт болон ногоон байгууламжтай холбоотой асуудлаар хоёр удаа шаардлага мэдэгдэл хүргүүлсэн байна.  Одоо зөвшөөрлийг нь цуцална. Нийгмийн уур амьсгал ширүүн, хяналт өндөр болж байна. Иргэд их бухимдаж байна. Дэлгэр зун цаг болж байхад голын эргээр ингээд шороо асгаад тавихад хэн дуртай байх вэ. Бид энэ тал дээр яаралтай арга хэмжээ авч, газар эзэмших  эрхийг цуцлах асуудлаар захирамжийн төсөл оруулж ирээд, дахин мэдэгдэл хүргүүлэх хэрэгтэй” гэлээ.