Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо УИХ-д байгуулагдлаа

Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо УИХ-д байгуулагдлаа

 “Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах тухай” тогтоолын төсөл өргөн барьсан тухай УИХ-д нийслэлээс сонгогдсон гишүүд өнөөдөр мэдээлэв. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан санаачилж, УИХ-ын гишүүд санал нэгтэйгээр дэмжжээ. 

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, “Өнгөрсөн хугацаанд нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд тойргийнхоо хэмжээнд идэвхтэй  ажиллаж ирсэн. Харин энэ удаагийн парламентад сонгогдсон гишүүд нийслэлд тулгамдсан олон асуудлыг дүүрэг, нийслэл, Засгийн газрын хэмжээнд ярилцаж, цогцоор нь шийдвэрлэхийн тулд ажиллахаар санал нэгдлээ” хэмээгээд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулагдсанаар үндсэн гурван бодлогын асуудалд төвлөрч ажиллахыг тэмдэглэв. 

Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуух эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, нийслэлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах хүрээнд татвар хөнгөлөх, чөлөөлөх бодлого, нийслэлд концесс, бонд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлэх, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бусад хууль тогтоомжид хотын хөгжлийн бодлогын асуудлыг тусгах чиглэлээр ажиллах юм байна. 

Түр хороо ажилласнаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчин бүрдэх, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд өсөх зэрэг үр дүнг хүлээж байна хэмээн гишүүд мэдээлэлдээ дурдлаа.