ҮЙЛДВЭРЛЭГЧ: “Монгол хонины ноосоор бордоо” хийж Европын орнуудад экспортолж буй Б.Цогбадрахтай ярилцлаа

ҮЙЛДВЭРЛЭГЧ: “Монгол хонины ноосоор бордоо” хийж Европын орнуудад экспортолж буй Б.Цогбадрахтай ярилцлаа

Техник, технологийн эрэн гэгддэг 21-р зуунд улс орнууд инновацийн бүтээгдэхүүнээрээ өрсөлдөж байна. Энэ өрсөлдөөнд Монголыг төлөөлөн зүтгэж буй хамт олон бол “Монпеллетс”-ийнхан. Тэд хонины ноосоор хийсэн зуун хувийн органик бордоог эх орондоо үйлдвэрлэж, дотоодын төдийгүй Европын зах зээлд гаргаж байна.

Малчин айлуудын хэрэглэлгүй хаядаг, үйлдвэрүүдийн гологдол болдог хонины ноосыг тус компани “алт” болгон хувиргаж буй нь гайхмаар. Энэ бүгд Б.Цогбадрах гуайн олон жилийн хөдөлмөрийн үр шим. Бид ноосон бордооны ашиг тус, онцлог хийгээд “Монпеллетс” ноосон бордоо үйлдвэрлэж эхэлсэн түүхийн талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Цогбадрахтай ярилцлаа.

-ХОНИНЫ НООСОН БОРДООГ ХИЙХЭД НЭГ ДУСАЛ Ч УС ХЭРЭГЛЭДЭГГҮЙ. ХАМГИЙН ГОЛ НЬ ХӨРСИЙГ ГЭМТЭЭЖ, БОХИРДУУЛДАГГҮЙ-

-Хонины ноосоор бордоо хийнэ гэхээр зарим хүнд их сонирхолтой санагдаж байгаа байх. Бизнесийн санаагаа анх олсон түүхээс тань яриагаа эхлүүлэх нь зүйтэй болов уу?

-Анх Европын Холбоо, Германы засгийн газартай хамтран өөрсдийн санхүүжилтээр 100 хувийн хонины ноосноос бордоо гарган авах судалгаа эхлүүлж байсан. Уг судалгаанд бараг 10 гаруй жил зарцуулсны эцэст сайн чанарын бордоо гарган авч чадсан. Үнэндээ бордоогоо эрт гаргаж авсан ч хөрсөнд яаж нөлөөлж байна гэдгийг судлахад хамгийн их хугацаа зарцуулсан. Өвөл, зун, гантай, бороотойд, задгай талбай, хүлэмжид гээд байгалийн янз бүрийн нөхцөлд, янз бүрийн орчин туршиж, судалсаар 10 жил болсон хэрэг. Судалгаа эхэлсэн цагаас бид хамтран ажиллаж байгаад 2016 онд Монгол хонины ноосыг Германы туршилтын үйлдвэр рүү явуулж, шинжлүүлэхэд сайн чанарын, азотын найрлага өндөр бордоо гарсан. Үр дүн маш сайн гарсан учраас Монголдоо хийхээр шийдэж, үйлдвэрээ барьж эхэлсэн дээ.  

-Германчууд хонины ноос сайн чанарын бордоо болно гэдгийг яаж мэдсэн юм бэ. Эрдэмтэд нь судалж олж тогтоов уу?

-Бусад төрлийн бордоонд 3-4 хувийн л азот байдаг. Харин хонины ноос өөрөө азотын найрлага өндөртэй. Үүнийг анх нээсэн хүн нь миний танил. Танил маань нэг өдөр ой дотор явж байтал айлууд хаягдал хонины ноосоо овоолчихсон байж. Гэтэл тэр орчмын газарт өвс, ногоо маш сайн ургачихсан байсан гэсэн. Дараа жил нь хартал бас л адилхан. Ингээд Германы Засгийн газарт хэлж судалгааг эхлүүлснээр хонины ноосон бордоо бий болсон.  

-Германчуудаас инновацийг нь авч Монголд “нутагшуулах”  амаргүй байв уу?

-Мэдээж Европын Холбоо, Германы Засгийн газраас өөрсдийн мөнгөөр санхүүжүүлж, бүхэл бүтэн 10 жил зарцуулсан инновациа гаднын оронд амархан өгөхгүй шүү дээ. Бид энэ “ноу хау”-г авах гэж Германчуудтай олон жил ажилласан. Герман 1,8 сая, харин Монгол 30 гаруй сая хоньтой. Бидэнд ийм их түүхий эдийн нөөц байна шүү дээ. Энэ бол уг “ноу хауг” авах гол үндэслэл байсан. Гэхдээ хийх болсон шалтгаан тусдаа. Би гадаад худалдаагаар мэргэшсэн хүн. Европт олон жил ажиллаж, амьдарч байгаад 2012 онд Монголд ирэхэд хүнсний аюулгүй байдал хамгийн том асуудал байсан. Улс орны аюулгүй байдал гэдэг боловсрол, эрүүл мэнд. Эрүүл хүнс хэрэглэж байж гэмээн хүн эрүүл байна шүү дээ. Тиймээс л тэр эрүүл хүнс ногоог ургуулах хамгийн органик бордоо хийхийг хүссэн юм.

Манай улс жилд 30 гаруй мянган тонн ноосыг үйлдвэрлэлд ашигладаг. Тэдгээр ноосыг угааж цэвэрлэхийн тулд маш их ус, химийн бодис зарцуулдаг. Хоёр тонн ноос угааж байж, нэг тонн ноос гаргаж авна. Эргээд гадаадын оронд экспортолдог. Өөрөөр хэлбэл, гадаадын орнууд манай хонины ноосыг манайд угаалгаж, манай хөрсөнд химийн найрлагатай усыг нь шингээчхээд цэвэр ноосыг нь аваад явчхаж байгаа юм. Энэ байдлыг таслан зогсоохын тулд уг төсөлд уйгагүй ажилласан.  

-Органик, химийн найрлагатай гээд янз бүрийн л бордоо байдаг шүү дээ. Танайх яг юугаараа ялгаатай, давуу талтай юм бэ?

-Тийм. Шувууны сангас, малын бууцаар хийсэн гэх мэт маш олон төрлийн органик бордоо бий. Гэхдээ эдгээрийг сүүлийн жилүүдэд хэрэглэх нь багассан. Учир нь бууцыг олон жил хэрэглээд ирэхээр хөрс хордож, чанар нь мууддаг. Яагаад гэвэл ялгадас шүү дээ. Харин ноос ялгадас биш. Найрлагад нь азот байдаг. Хонины ноосон бордоог хийхэд нэг дусал ч ус хэрэглэдэггүй. Мөн ямар ч химийн найрлага орохгүй. Малчдаас авсан нэг тонн ноосоор 920 кг бордоо үйлдвэрлэдэг. Гэтэл энгийн үйлдвэрт 1 тонн ноос байлаа гэхэд 60 хувийг нь ашиглаж, үлдсэн 40 хувь нь хаягдал болдог. Харин бид хаягдал ноосыг ч ашиглачхаж байгаа юм.

Монголын дотоодын бордооны жилийн хэрэгцээ 150 мянган тонн. Үүний  7 мянган тонныг нь гаднаас мөнгө төлж авдаг. Гэхдээ бүр химийн бордоо. Химийн бордоог ногоондоо цацсаны дараа бороо орох төдийд л хөрсөө бохирдуулж, урсаад алга болчихдог. Гэтэл манай бордоог цацсаны дараа бороо орлоо гэхэд усыг нь өөртөө шингээж, бага багаар тэжээл өгдөг. Хонины ноосон бордоог жилд нэг л удаа хэрэглэнэ. Германы талаас хөрсөнд 14 сар үйлчилнэ гэдэг. Харин манай уур амьсгал арай өөр учраас 10 сарын баталгаа өгдөг. Жилд жимс ногоогоо тарьж эхлэхдээ нэг л удаа бордоно гэсэн үг. 

Хамгийн гол давуу тал нь хөрсийг бохирдуулахгүй, гэмтээхгүй. Их хэрэглэсэн ч ямар нэгэн сөрөг, муу нөлөө байхгүй. Химийн бордоог ихээр хэрэглэвэл ургамлыг үндсийг түлж, хөрс муутгаад байдаг шүү дээ. Тэгэхээр химийн бордоотой харьцуулшгүй.

-МОНГОЛ УЛС ЯМАР Ч ХИМИЙН НАЙРЛАГАГҮЙ ХОНИНЫХОО НООСОН БОРДООГ АШИГЛАХАД Л ИРГЭДЭЭ ЭРҮҮЛ ХҮНСЭЭР ХАНГАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ -

-Хэзээнээс бүтээгдэхүүнээ гаднын орон руу экспортолж эхэлсэн бэ. Герман бол экспортын бүтээгдэхүүнд маш өндөр шаардлага тавьдаг орон шүү дээ. Экспортын зөвшөөрөл авахад хугацаа оров уу?

-2018 оны  есдүгээр сард манай үйлдвэр ашиглалтад орсон ч 2019 онд экспортлох зөвшөөрлөө авсан. Малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн Европын Холбооны орон руу гаргаж учраас янз бүрийн халдвар өвчин байх вий гэж сэрэмжилж, маш өндөр шаардлага тавьж байсан. 

Ингэсээр 2019 оны 12 дугаар сард Монгол Улс дэлхийн зах зээлд инновацийн технологиор хийсэн цоо шинэ бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн. Энэ бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд их хэмжээгээр экспортолж чадаж буй нэг ч орон байхгүй.

-Бусад оронд хонины ноосоор бордоо хийдэг үйлдвэрлэл хэр байдаг юм бэ?

-Австри, Швейцар, Герман дотоодынхоо хэрэгцээнд зориулж бага хэмжээгээр үйлдвэрлэж байгаа. Тухайлбал, Австри, Швейцар 8-10 тонн, Герман 20-30 тонныг үйлдвэрлэдэг. Харин манайд түүхий эд нь байгаа учраас жилд 2 мянган тонныг үйлдвэрлэж чадаж байна. Манай нөхцөлд газар тариалан эрхлэх хэцүү. Тариачид хамаг цаг хугацаа, хөдөлмөрөө барж тариалаад л байдаг. Гэтэл уур амьсгалаас шалтгаалаад төдийлөн сайн ургадаггүй. Аргаа барсан зарим нь химийн бордоогоор ногоогоо “угжиж”, эргээд иргэд химийн найрлагатай ногоог хүнсэндээ хэрэглэж байна. Бас Хятадаас химийн бодисоор “бөмбөгдсөн” ногоо их орж ирдэг. Бид тийм л хүнс хэрэглэж байн шүү дээ. Найман сая хүн амтай Австри улсын иргэд 100 хувь органик бүтээгдэхүүн хэрэглэж чадаад байна. Гуравхан сая хүн амтай Монгол улс ямар ч химийн найрлагагүй хониныхоо ноосон бордоог л ашиглахад иргэдээ эрүүл хүнсээр хангах бүрэн боломжтой.

-Дотоодын зах зээлд хэрэглэгчид хэр олширч байна?

-Хэрэглээ нь тогтоогүй учраас одоохондоо 1,2 кг-аар их авч байна. Гэхдээ зарим хувиараа тариалан эрхэлж буй хүмүүс 10,20 кг-аар авдаг. Мөн манайхаас 2 тонн бордоо авсан ч байгууллага бий. Баянхонгорт аймагт тариачдыг бэлддэг Мэргэжил сургалтын үндэсний үйлдвэрлэлийн төв гэж байдаг. Бид тэр төвд өнгөрсөн жил 500 кг бордоо үнэгүй өгч, туршилт хийлгэсэн. Тэгэхэд хамгийн жижиг нь гэхэд 40-45 см урттай, Монголд ургадаггүй маш сайн чанарын өргөст хэмх ургасан. Хэрэв манайх дотоодын бүтээгдэхүүнээ 100 хувь органик болгож чадвал гадагшаа ч экспортолж чадна.

-Германчууд өөрсдөө дотооддоо үйлдвэрлэдэг гэж та хэлсэн. Дотооддоо өөрсдөө үйлдвэрлэдэг хэрнээ дахин гаднаас авч байгаа хэрэг үү?

-Тийм. Герман 80 сая хүн амтай. Хүн амаа дагаад хэрэглээ нь ч их. Манайх эхэндээ 20 тонн бордоо үйлдвэрлэж Герман руу гаргахад хоёрхон сарын хугацаанд зарагдаж дуусаад дахин 20 тонныг авъя гэсэн. Энэ мэт нэмсээр саяхан бид 80 тонн бордоо Герман руу ачуулсан.

-Үйлдвэр тань анх баригдсаны дараа гадаадынхан их сонирхсон гэсэн?

-Манай үйлдвэрийг хамгийн түрүүнд Япончууд сонирхож ирсэн. Дөнгөж ашиглалтад ороод 14 хонож байхад Японы элчин сайдын яамнаас хүмүүс ирж, үйлдвэрлэлтэй танилцан их гайхаж байсан. Удалгүй АНУ, Францын Элчингээс хүмүүс ирж, сонирхсон. Эндээс харахад гаднынхан уул уурхайн бүтээгдэхүүн бус хүний эрүүл мэндэд хэрэгтэй, инновацийн бүтээгдэхүүн рүү анхаарал хандуулж байна шүү дээ.

-Одоо хонины ноосоо ямар байдлаар авч байна. Аль аймгийн малчдаас ихэвчлэн авч байна?

-Манай үйлдвэр Аржанчивланд байдаг учраас одоохондоо Төв аймгийнхаа малчдаас ноосоо авч байна. Энэ жилээс их амар болсон. Учир нь өмнө нь ченжээр дамжиж ноос авдаг байсан. Ченжийн эдийн засагтай улс орон ерөөсөө хөгждөггүй. Ченжүүд малчнаас ноосыг нь хямд үнээр авч баялаг бүтээхгүй, цааш дамжуулан мөнгө нэмсээр бидэнд өндөр үнэтэй өгдөг. Харин энэ жилээс манай Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам анхаарч, ченжээс биш зөвхөн малчнаас ноос авдаг болсон.

-ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛД ӨРГӨН НЭВТРҮҮЛЭХИЙН ТУЛД МАЛЧИД, ТАРИАЛАНЧ, ҮЙЛДВЭРҮҮДТЭЙ ХОРШИЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА-

-Тариаланчдын хамгийн их болгоомжилдог зүйл бол шавьж шүү дээ. Хонины ноосоор хийсэн бордоо шавьжаас хамгаалж чадах уу?

-Бид ноосыг угаахгүйгээр бордоо хийж байгаа учраас үнэр нь шавьжийг үргээдэг. Тэр байтугай зарим орон хүнс ногоондоо шавьж оруулахгүй гэж хонины ноосыг ургамлаа тойруулж тавьдаг. Бидний анхаарах ёстой хамгийн чухал зүйлийн нэг бол бордоо бактери гаргах ёсгүй. Угаагаагүй хонины ноос учраас ямар нэг хэмжээгээр бактери гарч таарна. Үүнийг бид бактерийг 100 хувь устгадаг технологиороо шийдсэн. Гэвч бактерийг устгана гээд дахиад л дулаан үүсгээд эхэлбэл байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлнэ шүү дээ. Харин манай технологи үйлдвэрлэлийн явцад механик аргаар дулаан үүсгэж бактерийг устгадаг учраас байгальд хор нөлөөгүй.

-Одоо танай үйлдвэр хэчнээн ажилтантай байна?

-Одоогийн байдлаар тогтмол ажилладаг 10 гаруй ажилтан бий. Би өөрөө цалин авч үзээгүй ч нэг ч удаа ажилчдынхаа цалинг хоцроож байгаагүй. Ажилчид маань долоон хоногийн таван өдөр үйлдвэртээ байрлаж, хоёр өдөрт нь амардаг. Тэдэндээ ажиллах тав тухтай орчин бүрдүүлж өгөхийг хичээж үйлдвэрээ халуун, хүйтэн устай, боловсон ариун цэврийн өрөөтэй болгосон. Мөн энэ жилээс бид өөрсдөө идэх хүнсний ногоогоо тарьж эхэлсэн. Тариаландаа ажилтан авбал 20-30 хүний бүрэлдэхүүнтэй болох байх.

-Ногоогоо тарьж эхэлсэн гэхээр нөгөө талаар өөрсдөө бордоогоо туршиж үзэх боломжтой болж байгаа юм байна?

-Тийм. Мөн бид энэ жил Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран хөрсний нөхөн сэргээлтэд туршиж үзэх гэж байна. Уул уурхайн зориулалтаар ашигласан газрыг нөхөн сэргээж, ургамал ургуулахын тулд бордоог ашиглана гэсэн үг. Үр тарианд одоогоор туршаагүй байгаа. Харин Германд туршилтыг эхлүүлэхээр манайхаас нэг машин бордоо авсан.

-Өөр ямар нэгэн амьтны ноосоор бордоо хийдэг технологи байдаг уу. Та энэ тал дээр нэлээдгүй судалгаа хийсэн байх?

-Бид энэ жил тэмээний ноосоор бордоо хийж үзэх гэж байна. Малын гаралтай хаягдал ямар үс, ноос байна бүгдийг туршиж үзэхийг зорьж байгаа. Гэхдээ хонины ноосоор бордоо хийхэд ганц азот нөлөөлөөгүй гэдгийг онцлох нь зүйтэй. Найрлагад нь кали мөн байдаг. Монголын хөрсөнд кали их ч, азот дутагддаг. Тэгэхээр бие биенээ нөхөөд өгчхөж байгаа хэрэг.

-Дотоодын зах зээлд хэдэн төгрөгөөр худалдаалж байна. Мөн Германд ямар үнэ ханшаар нийлүүлж байна?

-Монголын зах зээлд Германд зарж буй үнээ төгрөгт тэнцүүлж нэг кг 5400 төгрөгөөр нийлүүлж байгаа. Гэхдээ худалдаалж буй газрууд тодорхой хэмжээний өртөг шингээсэн үнээр зарж байгаа. Яг тариачид 10 кг-аас дээш авна гэвэл манайд ирээд үйлдвэрийн үнээр авах боломжтой. Германд бол 1 кг хонины ноосон бордоо 7 еврогоос/24 мянга гаруй төгрөг/ доош үнээр олддоггүй.  

-Цаашид өөр орнууд руу экспортлох төлөвлөгөөтэй байна уу?

-Одоо бид Турктэй хамтран ажиллаж байна. Бас Франц, Англиас загвар бүтээгдэхүүн өгөөч гэсэн хүсэлт ирүүлсэн. Хамгийн сонирхолтой нь гурав, дөрөвхөн өдрийн өмнө бүр Латин Америкийн Уругвайгаас манайд мейл ирүүлж, туршилтаар авахаар болсон. Одоо тээврийн үнээ судалж байна. Швейцарт төвтэй Органик газар тариалангийн институтэд албан ёсоор Монгол улсаас бүртгэгдсэн цорын ганц органик бүтээгдэхүүн бол манай бордоо. Энэ байгууллагын гишүүн маш олон компаниуд дэлхийн өнцөг булан бүрт байдаг. Манай бүтээгдэхүүний стандартын гэрчилгээг тэдгээр байгууллагууд руу явуулахад чанарт эргэлзэхгүй, шууд л үнэ өртөг ярьж байгаа юм.

-Цаашид дотоодын зах зээлд энэхүү органик хэрэглээг өргөн нэвтрүүлэхийг тулд юун дээр илүү анхаарах хэрэгтэй гэж бодож байна?

-Малчид, тариаланчид, ноос угаах үйлдвэрүүдтэй хамтарч, хоршиж ажиллах хэрэгтэй байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр жилд 7-9 тонн хонины ноос ашигладаг. Үүний 15-20 хувь нь гологдол болдог. Тэр ноосоо өгөхөд л манайх үйлдвэрийн хүчин чадлаа бараг хангачхаж байгаа юм. Тариачид ихэвчлэн эзгүй, хээр газар ногоогоо тариалдаг шүү дээ. Тэр хавийнхаа малтай айлуудаас ноосыг нь авч бидэнд өгвөл бид эргээд бордоогоор хангах боломжтой. Энэ мэт хоршиж ажиллах хэрэгтэй байна.

-Ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.

-Баярлалаа.