М.Тулгат: У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгч болох санаархлын золиос АН болох ёсгүй

М.Тулгат: У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгч болох санаархлын золиос АН болох ёсгүй

Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцсэн АН-ын бүлгийн зарим гишүүн төв талбайд дөрөв дэх өдрөө суулт хийж байна. Өчигдөр /2021.05.07/ тэдэн дээр УИХ-ын дарга Г.Занданшатар ирж уулзан, асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулъя гэдэг санал тавьсан. Харин Ардчилсан намын зарим гишүүн уг ажлын хэсэгт орно гэсэн байр суурийг илэрхийлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр М.Тулгат тэргүүтэй АН-ын гишүүд "ажлын хэсэг байгуулна" гэх асуудлыг эсэргүүцэж, жагсаж байна.

АН-ын дарга М.Тулгат “Бид өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандсан. Хууль шүүхээр бүх зүйл шийдэгдэнэ гэж бодож, хүлээсэн. Гэтэл хэсэг бүлэг хүн УИХ-ын гишүүн гэдэг байр суурийг ашиглаж, Ерөнхийлөгч гэдэг байр суурийг ашиглаж, мөн  МАН-ын эрх баригчдын хэсэг бүлэг энэ асуудал дээр тоглолт хийж, АН-ыг үндсээр нь устгаж өнөөдөр Монголд барууны чиг баримжаатай нам байхгүй болоход хүргэж байна. Шүүх засаглал юунаас айгаад байгаа юм. Өнөөдрийн энэ нөхцөл байдлыг үүсгэж байгаа МАН-ын дарга У.Хүрэлсүхийг би буруутгаж байна. Таны сонгуульд ялах, Ерөнхийлөгч болох санаархлын золиос АН болох ёсгүй" гэв. 

АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү “МУ-ын Ерөнхийлөгч “МУ-д хууль байхгүй” гэж хэлсэн. Төрийн тэргүүн ард иргэдээ уриалан дуудаж хууль байхгүй гэж байна. УИХ-ын дарга нь хууль байхгүй гэдгийг харуулсан. Өрөөндөө намын асуудлыг шийдэх гээд ажлын хэсэг байгуулж байна. УИХ хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулдаг. Гэтэл хулгайч, дээрэмчдийн асуудлыг шийдэж, тэр дундаа хууль бус хүмүүсийг турхирах гэж нутгийнхаа хүнд үйлчлэх гэж ажлын хэсэг байгуулж байна. Төрийн эрх барих байгууллага улс төрийн намын дотоод асуудалд хэт хутгалдаж, төрийн албан хаагчдыг айлгаж сүрдүүлэх дарамтлах, нэр төрд нь халдах үйлдэл хийж байгааг эсэргүүцэж өнөөдөр энэ цуглааныг хийж байна. Энэ цугларалт нэг удаа болоод өнгөрөхгүй. Хэрэв үнэхээр хуулийн дагуу хийнэ гэж байвал ирээд мэтгэлц. Олон нийтийн өмнө ирээд хуулийн дагуу ярь. Гэтэл улс төржиж, ард нийтийг турхирч байгаад нь харамсаж байна” гэв.