Тавантолгой дахь нүүрс угаах үйлдвэрийг барьж эхэлнэ

Тавантолгой дахь нүүрс угаах үйлдвэрийг барьж эхэлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих цогцолбор төслийн хэрэгжилттэй өнөөдөр танилцлаа. 

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын болон “Тавантолгой” нүүрс баяжуулах үйлдвэр барих санхүүжилтийг газар дээр нь шийдэж, Тавантолгойн цахилгаан станцыг барих ажил өнөөдрөөс эхэлж буйг Ерөнхий сайд энэ үеэр онцлов. Гашуунсухайтын төмөр зам ирэх оны долоодугаар сарын 1-нд ашиглалтад орохоор санхүүжилтийн график гарчээ. Тиймээс ашигт малтмалаа боловсруулаад зөвхөн автомашинаар бус, төмөр замаар тээвэрлэж экспортын гарцаа нэмэгдүүлэх бололцоотойг Ерөнхий сайд энэ үеэр дурдлаа. Мөн Зүүнбаянгийн төмөр зам дараагийн ээлжинд ашиглалтад орно. Тус замын ойролцоо ашиглалтад оруулахаар төлөвлөж буй 23 стратегийн орд газар байгааг онцолж, энэ удаагийн албан томилолтоор тэдгээр ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг шийдвэрлэж байгаа ач холбоглотойг тэмдэглэв. 

Өнөөдөр ажил нь эхлэхээр болж буй Нүүрс угаах үйлдвэрийг "Тавантолгой төмөр зам" ХХК өөрийн хөрөнгөөр байгуулж буйг Ерөнхий сайд тодотгоод, манай улс байгалийн баялгаа зөвхөн олборлоод гаргах биш, нэмүү өртөг шингээхийн зэрэгцээ төмөр замаар экспортыг нэмэгдүүлж, эдийн засагт онцгой үр өгөөж гарна гэдгийг онцоллоо.

Тэрбээр, "Засгийн газар олборлолтоос баяжуулах, нэмүү өртөг шингээх бодлого зарласан. Өмнөх өдрүүдэд түүхэн үйл явдлууд болж өнгөрлөө. Тухайлбал, Засгийн газраас гаргасан Тавантолгойд нүүрс угаах үйлдвэх байгуулах шийдвэр өнөөдөр ажлаа эхлүүлж байна. Энэ үйлдвэр 2023 онд ашиглалтад орох бөгөөд нүүрсээ зөвхөн түүхийгээр нь биш, нэмүү өртөг шингээж экспортлох боломж бүрдүүлнэ. Одоогоор Тавантолгойгоос 60 ам.доллароор гарч буй нүүрс төмөр замаар дэд бүтцэд холбогдож, Гашуунсухайт боомтод ирдэг болсноор, энэ ханш 100 ам.доллар болж өсөхөөр байна" хэмээлээ. 

Мөн тэрээр Засгийн газрын шийдвэрээр, "Эрдэнэт" ТӨҮГ-ийг түшиглэн Зэс баяжуулах үйлдвэр байгуулах ажил эхэлж буйг онцлов. Тус үйлдвэрийн ТЭЗҮ гарсныг тэмдэглээд, цаашдаа алт, зэс, төмрийн хүдэр гээд байгалийн баялгаа нэмүү өртөг шингээж, зөвхөн автомашинаар биш, галт тэргээр экспортод гаргах бодлогоо хэрэгжүүлнэ гэдгийг тодотголоо. 

Дээрх үйлдвэрүүд 2022-2024 онд ашиглалтад орох бололцоотойг дурдахын зэрэгцээ Гашуунсухайтын төмөр зам, Зүүнбаянгийн төмөр зам, Богдхан төмөр замыг ашиглалтад оруулах, урт хугацааны төслүүдийг яаралтай хэрэгжүүлэхэд онцгой анхаарна гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Алсын хараа - 2050" урт хугацааны бодлогын баримт бичигт тулгуурлан гурван 10 жилийн үечлэлээр тооцвол, эхний 10 жилд зайлшгүй хэрэгжүүлэх 100 төсөл байна. Засгийн газар дангаар 4-5 төслийг нь хэрэгжүүлэх бололцоотой. Тиймээс бусад төслийг хувийн хэвшил болон гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй байдлаар зарлана. Хувийн хэвшил гүйцэтгээд, 20-30 жилийн дараа төрд шилжүүлэх концессын зарчмаар явуулах боломжийг олгож эдийн засгаа хөгжүүлэх гарцыг эрэлхийлэх шаардлагатай. Дэлхий даяар цар тахлын дараах эдийн засгаа төлөвлөж байна. Монгол Улс ч долоодугаар сарын 1 гэхэд зорилтот бүлэг буюу насанд хүрсэн нийт хүн амаа вакцинжуулсан дэлхийн цөөн улс орны нэг болно. Тиймээс одооноос эдийн засгаа сэргээх том төсөл, хөтөлбөрийг бүтээн байгуулалтын улиралд анхаарч эхлүүлэх нь зүйтэй" хэмээн онцоллоо.




Өнөөдөр морь өдөр

15 цагийн өмнө