Ерөнхийлөгч Х.Баттулгын зарласан ҮАБЗ-ийн хурлыг хаяж Л.Оюун-Эрдэнэ гарч явжээ

2021-05-06 08:56

Ерөнхийлөгч Х.Баттулгын зарласан ҮАБЗ-ийн хурлыг хаяж Л.Оюун-Эрдэнэ гарч явжээ

Өчигдөр /2021.05.05/ Сонгуулийн Ерөнхий хороо “АН-аас нэр дэвшигчээр бүртгүүлэхээр хандсан С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын материалыг хянана” гэсэн тул УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийгхуралдуулах хүсэлт гаргасан.

Улмаар Х.Баттулга АН-д үүсээд байгаа асуудлаар ҮАБЗ-ийн хурлыг зарласан байгаа юм. Харин өчигдөр орой эхэлсэн тус хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцсон байна. 

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр Н.Алтанхуягийг Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ бүртгэх ёстой. СЕХ-ны үйл ажиллагаанд Засгийн газар, МАН нөлөөлөөд байгаа юм уу. Сонгогчийн эрхэнд МАН ингэж халдаж болохгүй” гэсэн утгатай зүйлийг ярьсан байна. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар СЕХ-нд нөлөөлсөн зүйл байхгүй. АН дотооддоо учраа олох хэрэгтэй. Ийм зүйлийг ҮАБЗ-ийн хурал дээр ярих гэж байгаа бол энэ хуралд оролцох шаардлагагүй” гэж хэлээд тус хурлаас гарч явсан гэх мэдээлэл байна.