Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон хоёр гишүүний материалыг хүлээж аваагүй талаар өмнө нь мэдээлсэн.
Үүнтэй холбоотойгоор О.Цогтгэрэл даргаар нь сонгогдсон АН-ын гишүүд өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Улмаар дөнгөж сая Сүхбаатарын талбайд өлсгөлөнгөө эхлүүлсэн бөгөөд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр цагдаагийн алба хаагчид ирж, УИХ-ын гишүүн Ц.Тувааны биед халдав.
Цагдаагийн алба хаагчид тайлбар хийхгүй уулгалан дайрсан бөгөөд “Талбай руу гэр, майхан оруулж болохгүй. Бид тайлбар хийхгүй” хэмээгээд УИХ-ын гишүүн Ц.Тувааныг чирч талбайгаас гаргахыг оролдов.
Мөн цагдаа нар тэдний эсгий, түлээ зэргийг нь булааж авч явсан юм. Яг одоо Сүхбаатарын талбайг тойроод цагдаа нар хамгаалалт аваад байна. УИХ-ын гишүүдийн суулт үргэлжилж байна.