Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн “улаан” түвшинг “улбар шар” болгон буулгахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэл өглөө.
-“Спутник V” вакциныг хүлээж байгаа иргэн олон байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Вакциныг бид хүссэн цагтаа, хүссэн хэмжээгээр авах боломж хомс байгаа. Вакцины ханган нийлүүлэлтэд асуудал бий. Энэ оны гуравдугаар сард 1 сая тун “Спутник V” вакцин худалдан авах гэрээ хийсэн ч ОХУ өөрөө дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа, гадаадад нийлүүлэх боломжгүй байгаагаас үүдэн татан авалт удааширч байна. Гэхдээ эхний 20 мянган тунг хүлээн авч, 65-аас дээш настай ахмадуудад хийж байгаа. Бид өнгөрсөн хугацаанд хөл хорио тогтоогоогүй бол өдөрт илрэх халдварын тоо 2500-3500 болох эрсдэлтэй байсан.
-Улсын хил нээх асуудлыг ярьсан уу?
-Халдварын тархалт буурахгүй байгаа тул ирэх сарын 1 хүртэл хил нээхгүй байхаар шийдвэрлэсэн.
-Хоёр тун вакцинд хамрагдсан иргэд орон нутаг руу зорчиход PCR шинжилгээ хийлгэх шаардлагатай эсэх асуудлыг шийдвэрлэсэн үү?
-УОК-оос журам батална. Хоёр тун вакцинд хамрагдсан иргэдийг орон нутаг руу шинжилгээний хариу шаардахгүйгээр зорчуулах, эдгэрсэн хүмүүст вакцин хийх зэрэг асуудлыг нарийн тогтооно.