"Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын материалыг СЕХ-нд хүлээн авав

"Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын материалыг СЕХ-нд хүлээн авав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 сонгууль "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын материалыг ХҮН-ын удирдлагууд СЕХ-нд өнөөдөр хүлээлгэн өгөв.

Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд, УИХ-д суудалтай улс төрийн нам, эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахаар заасан. "Зөв хүн электорат" эвслээс 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн Т.Доржханд Хан-Уул дүүргээс сонгогдож парламентад суудал авсан юм. Тиймээс Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхийнхээ хүрээнд тус намаас "Датаком" ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбатыг нэр дэвшүүлэхээр болжээ.

Тус эвслээс нэр дэвшигчийн материалыг бүрэн гүйцэт боловсруулан хуульд заасан хугацаанд хүргүүлж буйг УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд онцлоод, хуульд заасан бүх зохицуулалтыг хүндэтгэн сонгуулийн ажлаа үргэлжлүүлнэ хэмээн тодотгов.

Аудитын байгууллагаас тус эвслийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авсан тухай СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран энэ үеэр тэмдэглээд, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшигчийн материалын бүрдлийг шалгаж, гарын үсэг зурж хүлээлцэв.