СЕХ Н.Алтанхуягийн материалыг хүлээж авахаас татгалзлаа

СЕХ Н.Алтанхуягийн материалыг хүлээж авахаас татгалзлаа

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох намууд өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд материалаа хүргүүлсэн. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл даргатай АН-аас Н.Алтанхуяг нэр дэвших материалаа СЕХ-нд хүргүүлсэн ч хүлээж авсангүй. Энэ талаар талууд байр сууриа илэрхийлсэн.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: АН-ын нэр бүртгэлтэй, дүрэм бүртгэлтэй, улсын гэрчилгээтэй хэдий ч тамганы асуудалтай байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 31.2-д заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэг нэр дэвшигч тодорно гэсэн ойлголт бий. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаж өгсөн. Улс төрийн намууд дангаараа болон хамтарч оролцож болно. АН хоёр хэсэг газар нэр дэвшүүлж, нэг хүнийг нэр дэвшүүлэх тал дээр дотоод маргаантай байна. Энэ бол нийгмийн амьдралд нөлөө бүхий нам хуульд заасан хэм хэмжээний дагуу нэр дэвшигчээ тодруулж, сонгох, сонгогдох эрхийг эдлэх ёстой. Нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэдэг асуудал дээр маргаан үүсэхээр байна. Асуудлаа дотооддоо шийдэхийг хүсч байна. Аудитын газраас зөвхөн мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийсэн байна. Улсын дээд шүүхийн лавлагаагаар С.Эрдэнэ тус намын даргаар сонгогдсоныг бүртгэсэн байгаа юм. Энэ асуудлыг цэгцэлж, тодруулах асуудлыг та бүхэн шийдэж, 18.00 цагаас хойш дахин ирнэ үү. Бид нэг намаас зөвхөн нэг материал авах ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-д суудал бүхий нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэж заасан байдаг. Үүний дагуу УИХ дахь Ардчилсан нам Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхээр санал нэгдэж, материалыг хүргүүлж байна. Манай намын нэрийг ашиглан, хууль бус тамга ашигласан үйл ажиллагаа болсон. УИХ-д суудал бүхий манай намаас хууль ёсны нэр дэвшигчийн материалаа хүргүүлж байна. Шаадлагатай бичиг баримтыг цаг тухайд нь гарган өгөхөд бэлэн байна. Улсын их хуралд 13 суудалтай АН 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Та нар ямар муухай юм ярьдаг юм бэ. Хууль зөрчиж байна. Би олон Сонгуулийн ерөнхий хорооны дарга үзсэн. П.Дэлгэрнаран чи болиоч. Нэг намд үйлчлэхээ зогсоогооч. Бид материалаа өгч байж л эндээс гарна” гэв.