НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ: Хил нээгдээгүй. Машиндаа яг 53 хоног хонож байна

НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ: Хил нээгдээгүй. Машиндаа яг 53 хоног хонож байна

Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтоор дөрөвдүгээр сарын 30-нд гарах тээврийн жолооч нарыг БНХАУ-ын талд PCR  шинжилгээнд хамруулахад нэг жолоочийн шинжилгээний хариу эерэг гарч нүүрс, зэсийн баяжмалын экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тиймээс үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудаас ажлын хэсэг гарч, газар дээр нь ажилласан юм. Боомтын үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-наас зогссон ба тавдугаар сарын 1-нээс нүүрс тээврийн уртын татан авалтыг зогсоосон байдалтай байна. Одоогоор Монголын талын шинжилгээний эцсийн хариу гараагүй байгаа аж.

Одоогийн байдлаар халдвар илэрсэн жолоочийн ойрын хавьтлыг тогтоож, бүгдийг нь тусгаарласан бөгөөд бусад жолоочдыг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна.

Үүнээс үүдэн хил хаагдаж 5000 жолооч машиндаа хонож буй тухай мэдээлэл байгаа юм. Энэ талаар Тавантолгойн нүүрс тээврийн жолооч Г.Бат-Өлзийгөөс тодрууллаа. 

Тэрбээр "Нэг жолоочоос коронавирус илэрсэн гээд хил хаасан. БНХАУ-ын тал өнөөдөр 50 жолооч PCR шинжилгээ авсан. Ингээд маргаашнаас хил нээж бага, багаар оруулах гэж байна. Миний хувьд гуравдугаар сарын 12-нд нүүрсээ ачуулсан. Яг 53 хонож байна. Дугаарлалт их байна. Энэ долоо хоногт хилээр гарчих байх. Энд яг хэдэн жолооч байгааг мэдэхгүй ч урт болон богины тээврийн 14 мянган жолооч байгаа гэсэн" гэв.