О.Бямбадэлгэр: Хуурамч тамга, тэмдэг хууль бусаар ашигласан гэх хэрэгт Т.Доржханд нар унана даа

О.Бямбадэлгэр: Хуурамч тамга, тэмдэг хууль бусаар ашигласан гэх хэрэгт Т.Доржханд нар унана даа

2021 Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай Монгол Ардын нам /МАН/, Ардчилсан нам /АН/, Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ оролцоно. Тодруулбал, МАН-аас У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, ХҮН-аас Д.Энхбатыг нэр дэвшүүлэхээ мэдэгдээд байна. Ардчилсан намын хувьд талцаж дарга, тамга тэмдгийн маргаантай байгаа учир хоёр нэр дэвшигчийг нэр дэвшүүлсэн. Тэдний хэнийг нь Сонгуулийн ерөнхий хороо хүлээж авах эсэх нь удахгүй тодорхой болно. Тэгвэл ХҮН-ын хувьд ч тамга, тэмдэг болон эзэмшлийн маргаантай байгаа юм. Энэ талаар тус намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд өчигдөр /2021.05.03/ “Мэдээллийн урсгал” хөтөлбөрт оролцох үеэр сөхөгдөж маргаан болсон билээ.

Тодруулбал, ХҮН-ын одоогийн удирдлага болох Т.Доржханд, Б.Найдалаа нар нь хуурамч тамга, тэмдэг үйлдэж, дүрмийн бусаар, хууль бусаар цаашлаад бусдын гарын үсгийг хуурамчаар үйлдэж тус намыг булаасан гэх асуудал одоо ч цагдаа, шүүх дээр маргаантай байгаа аж. 

Энэ талаар Нийслэлийн ХҮН-ын дарга асан, Багахангай намын хорооны дарга О.Бямбадэлгэртэй холбогдож энэ талаар тодрууллаа. 

-БУСДЫН ГАРЫН ҮСГИЙГ ХУУРАМЧААР ҮЙЛДСЭН ГЭХ АСУУДЛААР Т.ДОРЖХАНД, Б.НАЙДАЛАА НАРЫГ ЭРҮҮГИЙН ЦАГДААД ШАЛГАГДАЖ БАЙНА-

- ХҮН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодрууллаа. Та бүхний үүсгэсэн маргаан тамга, тэмдгийн асуудал хэрхэн шийдэгдэж байгаа вэ?

-Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа асуудал. Мөн  Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлд бид хандсан. Тодруулбал, Б.Найдалаа, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар хууль бусаар намын дарга болсон гэх асуудлыг шалгуулахаар цагдаад хандсан юм. ХҮН-ын төв хороо их хурлаараа томилсон 58 гишүүнтэй. Одоогоор уг 58 гишүүнийг хэн ч томилж, чөлөөлөөгүй. Энэ 58 гишүүн намын Удирдах зөвлөлийг томилох, чөлөөлөх, үүр штабыг гаргах эрхтэй. Гэтэл тус 58 хүнээс 20 ийг нь суулгаж байгаад хуралдсан. Харин үлдсэн гишүүдийнх нь гарын үсгийг хуурамчаар үйлдсэн. Ингээд Дээд шүүхээд хуурамчаар материал бүрдүүлж өгч Б.Найдалаа гэдэг хүн намын дарга болсон. Энэ процесс 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болсон юм.

Цагдаагаар уг асуудал шалгагдаад есөн намын хорооны даргын гарын үсгийг хуурамчаар зурсан нь одоогоор нотлогдоод байгаа. Тус есөн хүн нь ч цагдаа дээр очиж “Миний гарын үсгийг хуурамчаар зурсан байна. Би Б.Найдалааг даргаар томилох хуралд оролцоогүй” гэдгийг мэдүүлгээрээ хэлж жинхэнэ гарын үсгийн баталгаагаа өгсөн байгаа. Улсын дээд шүүхийг хууран мэхлэх замаар Б.Найдалаа намын дарга болсон байна. Тиймээс яг энэ асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргачихаад байна. 

-Маргаантай асуудал хууль шүүхийн байгууллагаар үргэлжилж байна. Тэгэхээр ХҮН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ дэвшүүлээд хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжтой юу? 

-Боломжгүй. Б.Найдалаа нь төв намын тамга, тэмдгийг үүсгэн байгуулагч С.Зоригтбаатараас 2017 онд авсан. Юу болсныг тодруулж хэлбэл, Б.Найдалаа намын дарга болж гэрчилгээн дээр нэрээ бичүүлэнгүүтээ Хан-Уул дүүргийн шүүхэд хандаад “С.Зоригтбаатар гэдэг хүн намын тамга, тэмдгийг хуурамчаар ашиглаад байна. Яаралтай хурааж авч өгнө үү” гэсэн гомдол гаргасан. Ингээд шүүхийг ашиглаж С.Зоригтбаатараас тамга, тэмдгийг нь хураалгаад авчихсан юм. Тэгэхээр төв намын тамгыг Б.Найдалаа гартаа авсан түүх энэ. Харин бусад тамга, тэмдэг бидэнд бий. Бидний хувьд намын төв хороог төлөөлдөг. Гэтэл бидэнд байдаг тамга, тэмдгийг хуурамчаар үйлдсэн. Тухайлбал, нийслэлийн намын хорооны хамгийн анхны тамга надад байдаг. Гэтэл нийслэлийн намын хорооны тамгыг хуурамчаар үйлдээд П.Наранбаярыг даргаар нь томилсон. Надад дөрвөлжин хэлбэртэй тамга бий бол П.Наранбаяр бөөрөнхий болгоод өөрчилсөн.

Өөрөөр хэлбэл, өмнө нь хэрэглэж байсан тамга, тэмдгийг хүчингүй болгочихож байгаа юм. Гэтэл хүчингүй болгох эрх нь намын Их хуралдаа л байдаг. Гэтэл намын Их хурлыг хийхгүй, төв хорооны гишүүдийг дуудахгүй өөрийн хүрээллийн хэсэг бүлэг хүмүүсийг суулгаад хурал хийгээд л бүх зүйлийг өөрчлөөд байна шүү дээ.

-Та бүхнийг үйл ажиллагаандаа оруулахгүй хүчээр шахаж гаргаад л тамгыг дахин хийсэн юм байна 

-Тийм. Биднийг огт үйл ажиллагаандаа оруулахгүй байгаа юм. Бидний нөхөд 2009 онд үйлдвэрчний хороонд байхдаа л ийм намтай болно гэж ярилцдаг байсан. Ингээд 2010 онд эмч, багш, эрдэмтдийг цуглуулж уулзаж байсан. Үүний дараа 2011 онд Хөдөлмөрийн үндэсний намыг байгуулсан. Энэ бидний үүсгэн байгуулсан нам. Т.Доржханд өнөөдөр /өчигдөр/ “ХҮН нам бол нэг цаасан дээр байсан” гэж ярьж байна. Тийм биш шүү дээ. Бид өөрсдөө зардлыг гаргаж, талхныхаа мөнгөнөөс хумсалж байж 21 аймагт төлөөлөлтэй, төлөөллийн газартай болсон. Дүүрэгтээ салбараа нээсэн. Бүтэц, зохион байгуулалтаа хийж энэ намаа бүртгүүлсэн.  Түүнээс Улсын дээд шүүхэд материалаа өгч, сая төгрөгийн дэнчин төлөөд л болчихдог юм биш шүү дээ. Энэ чинь компани байгуулахтай адил ажил биш юм. Өөрсдийнхөө сэтгэхгүйгээр сэтгээд байх шиг байна. Компанийн нэр бүртгүүлж, гэрчилгээ аваад тамгыг нь цүнхэндээ хийгээд явж байдаг шиг юм ярих хэрэггүй Т.Доржханд. ХҮН суурь бааз, хөлтэй байсан нам. 

-ҮНЭН ГЭЖ БАЙДАГ БОЛ АСУУДАЛ БИДНИЙ
ТАЛД ШИЙДЭГДЭНЭ-

-Т.Доржханд, Б.Найдалаа нар та бүхэнтэй ойлголцолгүйгээр цаашид явбал ямар эрсдэлтэй вэ? 

-МАН-ын захиалгаар ажиллаж байна гэж хардаж байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулга руу дайрч, нэр дэвшүүлэх боломжгүй болгосны дараа Д.Энхбат гэж хүнийг нэр дэвшүүлсэн. Биднийг С.Ганбаатартай холбож харддаг. Тэр бүү хэл биднийг “МАХН-нд элссэн биз дээ” гэж гүтгэдэг.  ХҮН-ыг үүсгэн байгуулах үед С.Ганбаатар биднийг чиглүүлж байсан. Түүнээс одоо бид энэ хүний улс төрийн карьерыг яаж мэдэх юм. Дагаж МАХН-руу орж батлах авч, албан тушаал хашиж байсангүй.

Ер нь Б.Найдалаа, Т.Доржханд нарын хууль бус хуралд бид тоож оролцдоггүй. Тэдэнд дунд шатны байгууллага дийлдэхгүй байсан юм. Нийслэлийн намын хороо, дүүргийн намын хороо, аймгийн намын хороо гэсэн үг. Эд нар бид нарыг дийлэхгүй болохоороо 2020 оны наймдугаар сарын 03-нд Удирдах зөвлөлийн тогтоол гаргуулаад намын анхан болон дун шатны нэгжийг татан буулгасан. Энэ бол намын дүрмийг зөрчсөн шийдвэр юм. Намын анхан болон дунд шатны үүрийн нэгжийг татан буулгах асуудал яригдах юм бол нам өөрөө татан буугдах ёстой. Улс төрийн намын тухай хууль, манай намын дүрэмд ч энэ талаар тодорхой дурдсан. Анхан болон дунд шатны үүрийн нэгж гэдэг нь намын суурь бааз. Энэ хүмүүс 801 хүний гарын үсэг цуглуулж Улсын дээд шүүхэд намаа бүртгүүлсэн юм. Гэтэл үүнийг татан буулгачихлаар нам татан буугдаж байна гэсэн үг. Энэ хэдэн нөхөд намын нэр хүнд ашиглаж байна гээд дүүрэг болгоны цагдаад бидний эсрэг гомдол гаргаж байгаа. Тэгээд л цагдаа бид нарыг дуудаж байцаана. Бид яахав. батлахаа үзүүлнэ. Хэдэн онд яаж байгуулж байснаа ярина. Бид нарын нэрс бүх бичиг баримтад бий шүү дээ. Цагдаагаас намын дотоод маргаан, зөрчилтэй холбоотой асуудал байна гээд л хэргийг хаадаг. 

-Уучлаарай. Ойлголцох гэж үйлдэл гаргасан уу? 

-Өнөөдрийн Ардчилсан нам шиг л нөхцөл, байдал үүсээд байна. Б.Найдалаа, Т.Доржханд нар “Улсын дээд шүүхэд бүртгэлтэй хүмүүс учраас намыг төлөөлөх эрхтэй” гэж ярьдаг. Тэдэнд өөрсдийнх нь хэсэг, бүлэг хүн байна. Харин бидэнд үүсгэн байгуулсан, суурь бааз, намын үүрүүд байна. Намын анхан болон дунд шатны байгууллагын тамга тэдэнд биш бидэнд бий. Үнэн байдаг бол асуудал бидний талд шийдэгдэнэ гэж бодож байна. Хуурамч тамга, тэмдэг хууль бусаар ашигласан гэх хэрэгт Т.Доржханд нар унах байхдаа. Биднийг хуралдаа ч оруулахгүй байгаа юм. Бид намын групптээ “Бид нар хуралд оролцож саналаа өгье” гэхээр “оруулахгүй” гэдэг. 

-Таны хувьд одоо Багахангай дүүргийн намын хорооны даргаар ажиллаж байна уу? 

-Тийм. Би 2016 онд Багахангай дүүрэгтээ нэр дэвшиж байсан. Монгол улсын хэмжээнд Хөдөлмөрийн үндэсний намыг мандуулдаг ганцхан дүүрэг нь Багахангай. Манай намын байрны гадаа одоо ч намын туг намирч л байна. Би намын хорооны дарга учраас бүх санхүүжилтээ өөрөөсөө гаргадаг. Т.Доржханд, Б.Найдалаа хоёроос нэг ч төгрөг авч үзээгүй. 

-Та бүхнийг намын гишүүнээс хасаагүй мөртлөө үйл ажиллагаандаа оролцуулахгүй байгаа шалтгааныг юу гэж тайлбарладаг вэ? 

-Намаас хөөнө гэж үгүй. Учир нь нам төрийн бус байгууллага. Тухайн хүн хүслээрээ намын батлахаа эргүүлж өгч болно. Түүнээс хөөж болохгүй. Одоог хүртэл намын батлах минь надад байна. Хамгийн анх өгч байсан батлахаас эхлээд сүүлийнх хүртэл бий.