Өнөөдөр /2021.04.21/ М.Тулгат тэргүүтэй АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/хуралдаж, ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг сонгон шалгаруулах нийтлэг шаардлагыг баталсан байна.
-Х.БАТТУЛГА ШИГ ХҮНИЙГ ДАХИН НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ ГЭЖ АН-ААС ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛЭХ ШААРДЛАГЫГ БАТАЛЖЭЭ-
Журмыг боловсруулсан ажлын хэсэг танилцуулах үеэрээ “АН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга “цаазын ялыг сэргээх, Ерөнхийлөгчийн засаглалтай болох, гаднын хөрөнгө оруулалтыг гаргах” зэрэг манай намын үзэл баримтлалын эсрэг ажилласан тул дахин ийм хүнийг АН-аас нэр дэвшүүлэхгүй тулд энэ журмыг боловсруулсан гэдгийг онцолсон байна. Ингээд “Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч” нь дараах шаардлагыг хангасан байх ёстой гэж ҮБХ-ны хорооны ихэнх гишүүд нь үзсэн байна.
АН-аас нэр дэвшигч нь дараах зарчмыг баримталж ажиллана
- Хувь хүний эрх, эрх чөлөөний эсрэг ямар нэг санал, санаачилга гаргахгүй байна
- Хувийн өмчийн эсрэг үг, үйлдэл, санал, санаачлаг гаргахгүй байна
- Парламентын засаглалыг тууштай хамгаалагч байна
- Хүн төрөлхтний нийтлэг ололт болсон “Цаазын ялыг устгасан хууль”-ийг сэргээх санал, санаачлаг гаргахгүй байна
- Гуравдагч хөршийн бодлогыг тууштай дэмжигч байна
АН-аас нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна
- Хууль бусаар хөрөнгөжөөгүй, орлогын аливаа эх үүсвэр нь тодорхой байна
- Монголын болон Монгол туургатны ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байна
- Монгол бичгээ эрхэмлэн дээдэлдэг байна
- Түүх, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэгч, тээгч байна
АН-аас нэр дэвшигч нь дараах үүргийг хүлээнэ
- Нийгмийн сүлжээнд иргэдийг блоклодоггүй байна
- Хүний эрхийн өндөр мэдрэмжтэй байна
- Сайн дурын үйл ажиллагааг ямагт дэмжигч байна
- Ажлын албаа хүйсийн тэнцвэртэй байдлыг тэгш хангах зарчмаар байгуулна
зэргийг дурджээ.