Шуурхай штабын дарга асан Ж.Чүлтэмсүрэнгийн зөвшөөрлөөр Бугант тосгонд очсон иргэдээс коронавирус илэрчээ

Шуурхай штабын дарга асан Ж.Чүлтэмсүрэнгийн зөвшөөрлөөр Бугант тосгонд очсон иргэдээс коронавирус илэрчээ

Шуурхай штабын даргаар томилогдсон ч 26 хоноод халагдсан Ж.Чүлтэмсүрэнг энэ сарын 01-ны өдөр /2021.04.01/ үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригийг томилсон. 

Түүнийг өнгөрсөн сарын 24-ны өдөр /2021.03.24/ Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн хамаатнаа тусгаарлалтад оруулалгүйгээр хөдөө, орон нутаг руу явуулж ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр чөлөөлсөн гэх мэдээлэл бий. 

Дээрхээс өөр Ж.Чүлтэмсүрэнгийн хууль бус үйлдэлтэй холбоотой бас нэгэн мэдээлэл ил болов. Тодруулбал, түүний гарын үсэгтэй бичгээр зургаан иргэн хөл, хорионы үеэр Улаанбаатараас гарч Сэлэнгийн Бугант тосгонд очсон. Үүнээс болж бүхэл бүтэн сумынхан ажил, амьдралаараа хохироод буй мэдээллийг сэтгүүлч Б.Отгон олон нийтэд ил болголоо. 

Тодруулбал, Ж.Чүлтэмсүрэнгийн гарын үсэгтэй зөвшөөрлийн бичгээр Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд саадгүй очсон зургаан иргэний дөрвөөс нь коронавирус илрээд байгаа аж. Нөхцөл байдалтай холбоотойгоор сум хоорондын хөдөлгөөнийг хорьж, үйлчилгээний газруудыг үйл ажиллагааг зогсоож 40 орчим хүнийг тусгаарлалтад оруулжээ. 

Хамгийн ноцтой нь дээрх иргэд нь тус бичгийг үзүүлээд асуумж бөглөлгүй аймаг хоорондын постоор явсан байх магадлалтай аж. Мөн Бугант тосгонд очоод тусгаарлагдахаас цааргалзсан, татгалзсан нөхцөл байдал тогтоогдсон гэнэ. 
Нутгийнхан тэднийг “алтныхан” гэж тодорхойлж байна.. Тэдгээр залуусын унаж явсан машины дугаар нь азынх бөгөөд саяхан дуудлага худалдаагаар 23 сая 300 мянган төгрөгөөр зарагджээ. Хэрвээ албан ажилтай яваа бол аль байгууллагын хүмүүс ямар ажлаар яваа нь тодорхой болчих ёстой. Тэгэхээр нутгийнханы хэлж буй "алтныхан" гэдэг нь мөн байж болзошгүй байна.