“Данх” биш авто замын хагарал нөхөгч 500-1200 ам.доллар, даргын унадаг автомашин 200 сая төгрөг байна

“Данх” биш авто замын хагарал нөхөгч 500-1200 ам.доллар, даргын унадаг автомашин 200 сая төгрөг байна

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хотын авто замын хөдөлгөөний ачаалал ихтэй гол гудамж, замуудад засвар, арчлалтын ажлыг шуурхай зохион байгуулах үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өгсөн.

Энэ дагуу өчигдөр Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ нийслэлийн 10 байршилд авто замын тэмдэг, хайс арчлалт, авто замын хагарал засварлах ажлуудыг эхлүүлсэн боловч тэдний энэ ажил олон нийтээс багагүй санал шүүмжлэл аваад байна.

-НИЙСЛЭЛ ХОТЫН ТӨВ ХЭСЭГТ ҮҮССЭН 300 КМ ЗАМЫН ХАГАРЛЫГ 14 ХОНОГИЙН ХУГАЦААНД ЦАЙНЫ ДАНХААР НӨХӨЖ ДУУСГАХ ҮҮРЭГ АВЧЭЭ-

Учир нь авто замд үүссэн заадсуудыг "цайны данх"-нд юүлсэн хар лаваар дүүргэж байгаа дүр зураг олон нийтийн анхаарлыг татсан бөгөөд 300 км гаруй автозамыг ийнхүү цайны данхаар дүүргэх нь эргэлзээтэй байгаа талаар иргэд шүүмжилж байсан юм. Мөн иргэдийн зүгээс энэхүү дүр зураг нь техник, технологи хөгжсөн өнөө үед бүдүүн болхи харагдаж байгааг илэрхийлж байсан ч хийж байгаа хүмүүсийн зүгээс “бид заадас засварыг гар аргаар хийж байна. Гар аргаар буюу данхаар битум цутгаж байгаа нь халуун битум хөрчих гээд байдаг тул бага багаар сэлгээд хийж байгаа юм. Энэ нь хүний хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлдэг. Дэлхийн улс орнуудад ч ингэж хийх нь бий” хэмээн мэдээлж байгаа  юм.

Alibaba дээр зарагдаж буй төхөөрөмж

-ОЛОН УЛСАД ХЭРЭГЛЭДЭГ ЗАМЫН ХАГАРАЛ НӨХӨХ ТӨХӨӨРӨМЖИЙН ТОМ НЬ 30-98 МЯНГАН ДОЛЛАР, ЖИЖИГ НЬ 500-1200 ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ БАЙНА-

Жил бүр нийслэл хотын автозамд тодорхой хэмжээний хагарал үүсдэг бөгөөд хаврын улирал эхэлж бороо орохоос өмнө үүнийг битүүлж, гагнах шаардлага гардаг. Тус заадсууд нь нэгэн жигд бус үүссэн байгалийн хагарал тул хүний гараар заадсуудыг нь дагуулж, аль эсвэл бүр нарийн тоног төхөөрөмжөөр нөхдөг ажээ.

Тодруулбал, автозамын битумыг 100 хэмд халааж ус шиг шингэн болгоод цоргоор дамжуулан замын хагарал руу хийж нөхдөг байна. Тэгвэл дэлхийн улс орнууд энэ төрлийн зам засварын ажилд замын битум цацагч төхөөрөмжийг ашиглаж даджээ. Ерөнхийд нь авч үзвэл дэлхийн улс орнууд хоёр төрлийн битум цацагч төхөөрөмжийг нийтлэг ашигладаг бөгөөд том хэмжээтэй нь “Алибаба” сайт дээр 30,000-98,000 долларын хооронд, мини буюу жижиг хэмжээтэй нь 500-1200 долларын үнэ өртөгтэй байна.

Тус төхөөрөмж нь цацагчийг шаардлагатай материалаар дүүргэх, битум буюу хар лакыг бүрэн гүйцэд халаах, цацагч хэсэг болон хошууг тохируулах, ажиллаж байх хугацаандаа битумыг хөргөлгүйгээр халууныг нь барих, эргэлтийн системийг цэвэрлэж асгах зэрэг бүрэн гүйцэд үйлчилгээ үзүүлдэг байна. Ингэснээр хүмүүсийн ажлыг хөнгөвчлөх, хурдан хугацаанд олон км замыг чанартай нөхөх боломжийг олгодог ажээ. Гэтэл олон км үргэлжлэх замын хагарлыг манайд цайны данх барин, бөгтөлзөн гүйцэтгэх нь даанч өрөвдмөөр.

-ДАРГА НАР ӨӨРСДИЙН УНАХ АВТОМАШИНДАА ЖИЛ БҮР ИХ МӨНГӨ ТӨСӨВЛӨЖ, ХАРИН ЗАМЫН АЖИЛЧИД ЦАЙНЫ ДАНХААР ЗАМАА НӨХСӨӨР БАЙХ УУ-

Коронавирусийн халдвар гарснаас хойш төсвийн мөнгийг хэмнэх асуудлыг сайд удирдлагууд олон удаа дурдаж байсан ч энэ шийдвэр нь нүдээ ололгүй олон дарга нарын өмнө очоод гацсан тохиолдол цөөнгүй бий. Тухайлбал, энэ жил Улаанбаатар хотын төсвийн төслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар 819 тэрбум хэмээн төсөвлөсөн ч эдгээрийн ихэнхийг дарга нар тендерийн аргаар завшсан байж болзошгүй олон баримт хэвлэлүүдээр гарч байсан.

Олон саяын фитнесийн төхөөрөмжүүд, үнэтэй ширээ, сандал, кофены машин болон дарга нарын унадаг автомашинд л улсын төсөв хийсдэг гэлтэй.

Дээрх тоо баримтыг тодруулбал, энэ онд дарга нарын унах машин, шатахуун, жолоочийн цалинд нийт 1,4 тэрбум төгрөг төсөвлөжээ. Гэтэл 300 км замын хагарлыг данхаар дүүргэж яваа замын ажилчдад хотын дарга Д.Сумъяабазар “Төсвийн орлого тасарсан, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн хэдий ч зам засварын ажлыг цалгардуулалгүй гүйцэтгэхийг үүрэг болгож, анхааруулсан” нь тун гомдмоор.

Үүнээс харахад дарга нар шатахуун их зарцуулдаг, 200-500 саяын том автомашин унаж, олон цагаар түгжирч явснаас зам засварын компаниуддаа нэг ч болтугай “битум цацагч” төхөөрөмж авч өгсөн нь зөв шийдэл болох биз. Тэгэхгүй бол зам засварын ажилчид хэдий болтол жил бүр олон км замыг данхаар дүүргэж явах билээ. Улаанбаатар зам засвар арчлалтын газрын орлогч дарга Б.Алгаа “Заадас засвар, замын эгнээ тусгаарлалтын засвар, замын тэмдэглэгээний арчилгаа гэсэн гурван төрлийн ажил хийгдэж байна. Хөл хорионы 14 хоногийн хугацаанд зам засварын ажлыг 100 хувь гүйцэтгэх төлөвлөгөөтэй” хэмээн мэдэгджээ. 




Өнөөдөр үхэр өдөр

42 минутын өмнө