Б.Энхбаяр: ЗХЖШ-ын даргатай хариуцлага тооцох асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө

Б.Энхбаяр: ЗХЖШ-ын даргатай хариуцлага тооцох асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө

Гуравдугаар сарын 28-ны өдөр буюу өнгөрөгч долоо хоногийн Ням гарагт Хан-Уул дүүргийн XII  хорооны нутаг дэвсгэр, Биокомбинатад байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан даргын үүрэг гүйцэтгэгч, дэслэгч Г тус ангийн байлдагч 21 настай Б-ээс “мөнгө, архи нэхэж” улмаар зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан.

Цэрэг амиа алдсан асуудалтай холбогддуулан Хүний эрхийн дэд хороо нээлттэй хуралдлаа.  Хуралдаанд Хүний эрхийн дэд хорооны гишүүдээс гадна Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоод цэргийн командлал, ХЭҮК, Цагдаа, Прокурорын удирдлагууд оролцож гишүүдийн асуултад хариулав. 

УИХ-ын гишүүн П.Анужин: Хохирогчийн ар гэрт 5 жилийн цалинтай тэнцэх нөхөн олговор, ажил явдлын мөнгийг олгоно гэж хэвлэл мэдээллээр хэлээд байгаа. Энэ яг хэдэн төгрөг вэ.

ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг: Тэтгэмжийн асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх ёстой. Мөнгөн дүнг санхүүгээс авч хэлнэ. Ахлагчийн албан тушаалын дундаж цалингаар тооцсон. Хүний амь насыг мөнгөөр хэмжээгүй гэдгийг та бүхэн ойлгоорой. Хуульд ингэж заасан учраас хуулийн дагуу шийднэ. Бид судалгаа хийсэн.

УИХ-ын гишүүн П.Анужин: Амиа алдсан цэргийн ар гэрт яг хэдэн төгрөг өгөхөө мэдэхгүй байгаа нь үнэхээр тоомжиргүй, хариуцлагагүйн шинж. 

Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хэлэлцүүлгийн шатанд гишүүд тодорхой санал гаргалаа. Гишүүдийн асуултад хариулж байгаагаас харахад хариуцлагын асуудлыг ЗХЖШ-ын удирдлагатай тооцох асуудлыг ярих хэрэгтэй юм байна. Хүний эрхийн мэдрэмж гэдэг бол хүний хэлж байгаа үг, зарчим, байр сууриас тодорхой харагддаг. Гишүүдийн асуултад хариулж байгаа байдлаас харахад ядуу айлуудаас ирсэн цэргүүд үгэнд ордоггүй, түүнээс нь болоод бараг алчихсан юм шиг утгатай юм ярьж байна. Маш хариуцлагагүй зүйл ярьж байна. Тиймээс тогтоолын төслийг хэлэлцэх үеэр хариуцлагын асуудлыг ч ярих хэрэгтэй. ЗХЖШ-ын даргыг Ерөнхийлөгч томилдог. Тэгэхээр хариуцлага тооцох асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. ЗХЖШ -ын тайланг хаврын чуулганаар сонсоно. Хүний эрхийн Үндэсний комисс дээр цэргийн гомдлыг авдаг байя. Цэргийг дэглэх хэргийг Эрүүгийн хуулиар шийтгэдэг байхаар хуульд өөрчлөлт оруулъя.